“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл үр дүн, хэрэгжилтээ танилцууллаа

Хүүхдийг Ивээх Сан нь Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Итгэлцлийн Сан болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамтран санхүүжүүлсэн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүллээ. Төслийн зорилго нь Улаанбаатар хотын 5 дүүргийн 12-18 насны охидыг хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэлээс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах, сэтгэцийн гэмтэлд суурилсан даван туулагчид ээлтэй үйлчилгээний арга зүйг нэвтрүүлэх байв.

Төслийн хаалтын үйл ажиллагаа 2024 оны 5-р сарын 10-ны өдөр болж төслийн хамтрагч бүх талууд болон үр шим хүртэгчдийн төлөөллүүд оролцов.

                          

Хаалтын үйл ажиллагааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа оролцож, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Засгийн газрын бодлого шийдвэрийг тодорхойлох, хүүхдийн эрхийн хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахад энэ төсөл үр дүнгээ тодорхой үнэлгээ дүгнэлтээр өгсөн” хэмээн онцлов. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Бид төслийнхөө хүрээнд зөвхөн эдгээр дүүргүүдийн хүүхэд хамгааллын ажилтан, албан хаагчдаас гадна салбарын яамд, агентлагууд, бусад дүүргийн мэргэжилтнүүдийн төлөөллийг хамруулан хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал болон жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд Сэтгэцийн гэмтэлд суурилсан, хохирогч\даван туулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх арга зүйн чиглэлээр сургалтын багц модуль боловсруулан сургаж чадавхжууллаа. Төслийн хүрээнд хийсэн судалгаанууд, боловсруулсан гарын авлага, сургалтын материалууд, сургалт, нөлөөллийн ажлууд Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд бодит дэмжлэг болсны дээр, оролцогч бүх талууд харилцан суралцаж, хамтран бүтээсэн туршлагууд нь хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа, цаашид ажиллах хэн бүхэнд хэрэгтэй ажлууд болсон гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

                           

Энэ үеэр тус төслийн удирдагч, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон оролцогчдод төслийн талаар, төслийн зохицуулагч Э.Жаргал үнэлгээ, судалгааны ажлын тухай, төслийн ажилтан Б.Баярмаа гарын авлага, сургалтын үйл ажиллагааны үр дүнгээ тус тус танилцуулав. Түүнчлэн төслийн хамтрагч талууд болон үр шим хүртэгчдийн төлөөлөл болох сурагчид, нийгмийн ажилтан сэтгэл зүйчид, цагдаа, креатив студийн хамт олон төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 24-р сургуулийн сурагч Б.Тэргэл “Манай сургууль дээр энэ төсөл хэрэгжсэнээр Охидын клубийн үйл ажиллагаа идэвхэжсэн. Клубээр дамжуулан бид өөрсдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болж, зөвхөн охид биш хөвгүүд ч гэсэн эрхтэй, бид бүгдээрээ бие биеэ хүндлэх ёстой гэдгийг ойлгосон. Анги дотроо муудалцах нь ч багассан” гэж ярив.

                         

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн зүгээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнг тоймлон хүргэвэл:

 Зорилт 1-ийн хүрээнд 2022 онд төслийн баг, эрдэмтэн судлаачидтай хамтран Хүүхэд хамгааллын чадавхжуулах 11 модуль багц гарын авлагыг боловсруулж, гарын авлагын дагуу чадавх бэхжүүлэх 544 цагийн сургалт зохион байгуулж, үүнд дан тоогоор 926, давхардсан тоогоор 1415 мэргэжилтэн, үйлчилгээ үзүүлэгч, алба хаагчид хамрагдав.

Зорилт 2-ын хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 15 сургууль дээр урьдчилан сэргийлэх 4 том, 60 жижиг хэмжээний нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж, давхардсан тоогоор нийт 25,834 сурагч, 1,112 багш, ажилтан, 3,318 эцэг эх асран хамгаалагчид хүрэв.

Зорилт 3-ын хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготой “Чи ганцаараа биш” 3 үе шаттай нөлөөллийн ажил болон “MEWE” нөлөөллийн ажлууд хэрэгжүүлж, давхардсан тоогоор 40 орчим сая хандалттай байв.

Харин зорилт 4-ийн хүрээнд төслийн суурь судалгаанаас эхлээд Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний стандартыг үнэлэх үнэлгээ, Нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхэд хамгааллын талаарх насанд хүрэгчдийн мэдлэг, хандлага, дадлын судалгаа, Хүүхэд хамгааллын мэдээллийн системийн үнэлгээ болон Барианы судалгаа, Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүй гарын авлага, Нийгмийн ажилтнуудад зориулсан супервишн хийх гарын авлага, Охидын дэвтэр зэрэг гарын авлага боловсруулжээ.

Ийнхүү “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл хэрэгжиж дууссан ч хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/даван туулагчид ээлтэй арга зүйгээр чадавхжиж, олон нийт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэлтэй болж, хүүхэд хамгааллын салбарт урт хугацаанд хэрэглэгдэх судалгаа, гарын авлагуудыг боловсруулсан зэрэг төслийн үр дүн нь цаашид ч өгөөжөө өгсөөр байна гэдэгт итгэлтэй байна.