Хосолсон сургалт явуулах багш нарын арга зүйн чадавхыг бэхжүүлэв
–Зорилтот 50 сургуулийн бага болон дунд ангийн багш нар хамрагдлаа-
(Улаанбаат хот, Монгол Улс. 2024 оны 5 дугаар сарын 17) “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэдэг.
Эдгээр гурван чиглэлийн “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Хосолсон сургалтын үеийн сургуулийн багш нарын заах арга зүйн чадавхыг бэхжүүлэх” сургалт 2024 оны 5 дугаар сарын 15-17-нд Улаанбаатар хотод боллоо.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого, статистик мэдээллийн газрын дарга Т.Бат-Эрдэнэ сургалтыг нээж, хэлсэн үгэндээ “Энэ төслөөр багш нарт ур чадвараа сайжруулах боломж олгож, тэдэнд хэрэгцээтэй зүйлүүдийг заана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн дурдав. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үгэндээ “Төслөөр зорилтот 50 сургуульд иж бүрэн компьютерийн лаборатори байгуулж, тоног төхөөрөмжөөр хангана. Мөн багш нарт зориулсан сургалтууд болон эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлууд явуулна” хэмээн онцоллоо.
Энэ удаа Монгол багш нараас гадна АНУ-ын Жорж Мэйсоны их сургуулийн профессор, багш Жеред Борул, Бригам Янгийн их сургуулийн профессор, багш Чарльз Грахам нар уригдан ирж, сургалт явуулсан юм.
Сургалтын үеэр төсөл хэрэгжүүлэгчдээс багш нарт өндөр хүчин чадалтай иж бүрэн зөөврийн компьютер гардуулж өглөө. УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэдэнд хандан үг хэлэхдээ “Хиймэл оюуны ухааны платформоор нэг багшид нэг виртуал туслах багш бий болгохоос гадна нэг сурагчид нэг туслах багш бэлдэж байгаа” гэж дурдлаа.
Сургалт зорилтот 50 сургуулийн бага болон дунд ангийн багш нарт хосолсон сургалт явуулах арга зүйг эзэмшүүлэх, хосолсон сургалтын загварыг өөрийн хичээлдээ туршин нэвтрүүлэх, хэрэглээнд буй цахим контент, сургалтын материалыг хослуулан ашиглах, Монголд хэрэгжиж буй Pearson, Eduten хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой байв.
Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн Сургалтын менежр Б.Бямбасүрэн сургалтын талаар “Өмнө нь сургалт багш төвтэй байлаа. Одоо сурагч төвтэй, багш чиглүүлэгч нь болж байна. Тиймээс багш нар арга зүйгээ өөрчлөх шаардлага гарсан. Хүүхдэд хэрэгцээтэй үед цахим, танхим хослуулах, ингэснээр хүүхдэд ямар ахиц дэвшил гарах вэ гэдэг нь чухал юм байна. Энэ удаа АНУ-аас Хосолсон сургалтын олон улсын зөвлөх багш нар ирж, зааж байгаагаараа онцлогтой” хэмээн ярилаа. Мөн Булган амйгийн Баяннуур сумын ЕБС-ийн газарзүйн багш Д.Гантөмөр “Өнөө үед хосолсон сургалт чухал болоод байгаа. Манай сургууль компьютерийн лабораторитай. Цахим сургалт явуулах боломж бүрдэж байна. Багш нар бүгдээрээ зөөврийн компьютертэй боллоо” гэж сэтгэгдлээ хуваалцав.
Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын Дэлхийн Түншлэл”-ийн Монгол дахь төлөөлөл болж, төслийн санхүүжилтийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм.