Олон улсын тэргүүн туршлага, аргачлалыг танилцуулсан сургалтууд боллоо
Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн Дэлхийн инноваци багийн захирлууд Монголд ирж, Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудад “Хүн төвтэй сэтгэлгээг төслийн боловруулалтанд хэрэглэх нь” (Human-centered design thinking workshop)”, Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд болон хамтрагч талуудад “Шинэ бизнесийн загварчлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь” (Integrating New Business Model into ongoing operations) сургалтуудыг 2024 оны 5 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хотод зохион байгуулав. Тус сургалт нь хүн төвтэй сэтгэлгээнд төвлөрснөөр аливаа шинэ санаан дээр үндэслэн туршилт хийх, сайжруулах, суралцах, хувьсан өөрчлөгдөж буй шийдлүүдийг эрэмбэлдэг аргачлалыг танилцуулах зорилготой байв. Харин “Шинэ бизнесийн загварчлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь” сургалт нь түншлэгч байгууллагуудтай хамтрах замаар аливаа асуудал, бэрхшээлийн шийдлийг хамтран олох, үр нөлөө нэмэгдүүлэх анхан шатны мэдлэг олгох зорилготой байсан юм.
Эдгээр сургалтуудаас хүлээгдэж буй үр дүнгүүд нь нэгдүгээрт, оролцогчид багаар ажиллах, “Хүн төвтэй сэтгэлгээ”-ний аргачлалыг ашиглах, шинэ бизнесийн загварчлалд хамрагдах замаар инновацийн сайжруулсан мэдлэг, стратегийн ойлголттой болох юм. Ингэснээр түншлэгч байгууллагын хүсэл эрмэлзэл, хэрэгцээ, бодлогын уялдааг илүү сайн ойлгох боломж олгох бөгөөд туршилтын үр дүнд эхний шатанд санхүүжилт авах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, нийгмийн энтерпрайзийн түншлэлүүдийг дэмжих, залуучуудын оролцоотойгоор уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд чиглэсэн тусгай нийгмийн энтерпрайзууд байгуулах, Монголын алслагдсан бүс нутгууд болон Улаанбаатар хотод нийгмийн тэмүүллийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх болно.
Сургалтад хамрагдсан Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа “Сонирхолтой сургалт байлаа. Хүн төвтэй загварчлалын аргазүй, тэр дундаа нэгдмэл ойлголт бий болгоход багаараа хэлэлцэх, загвар гаргаж танилцуулах нь чухал ач холбогдолтой байдаг талаар бодит жишээн дээр суралцлаа. Аливаа асуудлыг багийн оролцоотойгоор, хамтарсан байдлаар үр өгөөжтэй шийдэл болгон хувиргах арга замыг оролцооны аргаар, сонирхолтой байдлаар танилцуулсан. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах шинэлэг арга замуудын талаар ойлголт авч тэдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах сэдэл, тэмүүлэлтэй болж чадсандаа баяртай байна” хэмээн ярилаа. Хүүхдийг Ивээх Сангийн Санхүүгийн менежер Б.Булган “Шинэлэг аргаар хөрөнгө босгох, санхүүжилт бий болгох аргуудын талаар товч боловч мэдээлэл авлаа. Том хэмжээний төсөл хэрэгжүүлэхээсээ өмнө туршилт/prototyping хийж үзэх нь ач холбогдолтой гэдгийг ойлгосон. Бусад улс оронд хэрэгжиж байгаа шинэлэг төслүүд, Lift Lab-ын үйл ажиллагаа, дэмждэг төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хэрэгтэй байсан. Мөн Save the Children Lift Lab-ын захирлууд Монголд ирж бодит нөхцөл байдалтай танилцсан нь давуу тал болж байна гэж харлаа” гэв.
Сургалтуудыг удирдан явуулсан Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн Дэлхийн инноваци багийн захирлуудтай ярилцлаа.
Эндрью Бро: Бид шинийг санаачилж, ажиллах арга барилаа өөрчлөх ёстой, тэгэхгүй бол хоцорно
Хүүхдийг Ивээх Сангийн Дэлхийн инновацийн багийн (LIFT Lab) хамтарсан захирал Эндрью Бро судлаач, шинийг санаачлагч, технологийн салбарын хөрөнгө оруулагч юм. Өөрийн карьерийн туршид тэрээр технологи болон нийгмийн чиглэлээр шинэ бизнес дээр хөрөнгө оруулалт босгох чиглэлээр ажиллаж, энтрепренерээс эхлээд гүйцэтгэх түвшний бус удирдах алба хаших явцдаа Европ болон Австралид 20 гаруй шинэ бизнесийг бий болгоход тусалсан ажээ. Корпорацууд, их сургууль, нийгмийн салбарт ажиллаж байсан туршлагатай тэрээр Австрали, Их Британи, АНУ, Франц орнуудад Залуу Австраличуудын сан, Accenture, BBC, Lodestone Innovation Partners, NHS, Young Foundation, UCL зэрэг байгууллагуудад ажиллаж байв.
– Эдгээр сургалтууд яагаад чухал хэрэгцээтэй байгаа вэ?
– Монгол Улсад тулгамдаж буй зарим чухал асуудлыг хөндсөнсургалтууд болсон.. Уур амьсгалын өөрчлөлт нь залуучуудад хэрхэн нөлөөлж байгаа, Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудад шинэ арга барилыг заах, ингэснээр инновацийн талаар бодох, хэрэгжүүлэх, хэрэглэгчидтэйгээ хамтын шийдлийг эрэлхийлэх, шинэ санхүүжилт босгох бизнес загварыг хөгжүүлэх, шинэ төрлийн түншлэлийг дэмжих зэрэг боломж бүрдэнэ. Дүгнээд хэлэхэд, бид Монгол дахь Хүүхдийг Ивээх Санг шинэ, өөр түншүүдтэй харилцахын тулд өөрөөр ажиллахад нь дэмжлэг үзүүлж, залуучуудад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж болох юм.
– Хүүхдийг Ивээх Сангийнханд яагаад “Шинэ бизнесийн загвар” сургалт хэрэгтэй байгаа вэ?
– Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж, уламжлалт санхүүжилтийн эх үүсвэрүүд багасаж, технологи хөгжиж, залуучууд болон нийгэмд тулгарч буй асуудлууд улам бүр томорч байгаа учраас бидэнд байгаа мөнгөний нөөц болон шийдэх ёстой асуудлуудын хоорондын зөрөө улам бүр томорч байна. Тиймээс инноваци нь илүү ухаалаг ажиллах, зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудад хүрч, тэдний амьдралд өөрчлөлт бий болгох төрөл бүрийн арга замуудыг хэрэгжүүлж, тэдэнд бодитой нөлөө үзүүлэх боломж олгодог. Яагаад одоо энэ асуудалд анхаарлаа ихээр хандуулж байна вэ гэвэл энэ зөрөө улам бүр томорч байгаа учраас инноваци бол энэ зөрүүг багасгах арга зам юм. Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас бид үүнийг хийхгүй бол өөр нэг байгууллага шийдэлд илүү хурдан хүрч магадгүй. Бид шинийг санаачилж, ажиллах арга барилаа өөрчлөх ёстой, тэгэхгүй бол хоцорно. Бидний ажлын арга барил нь байгууллагын хувьд тогтвортой ажиллахад бэрх болж байна.
– Танд нэмж хэлэх зүйл байна уу?
– Монгол бол залуучуудын орон юм байна. Тэдгээр залуучууд маш их нөөц боломжтой бөгөөд ур чадвар эзэмшиж, дэлхийн иргэдийн нэг хэсэг болохыг хүсдэг нь надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Иймээс Монгол Улс ард иргэдэдээ, тэдний гэр бүлийнхэнд шинэ амьдрал, шинэ өөрчлөлтийг бий болгох маш их нөөц боломжтой юм. Хүмүүс шинэ арга барилд суралцан, шинээр сэтгэн бодож, нээлттэй, найрсаг байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Мэдээж Монгол орны хувьд өвөрмөц хоол хүнс, байгалийн үзэсгэлэнтэй газар нутагтай тул үүнийгээ ирээдүйдээ үлдээж, дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд харж, хамгаалдаг гэдгийг бид мэднэ.
Армандо Муназ: Шинэ арга замаар санхүүжилт олох талаар бодох хэрэгтэй
Хүүхдийг Ивээх Сангийн Инновацийн багийн хамтарсан захирал Армандо Муназ хөрөнгө оруулалт, стратеги төлөвлөлт, нөлөөллийн үнэлгээний чиглэлээр арвин туршлагатай. Хүүхдийг Ивээх Санд орохоос өмнө Армандо нь томоохон ТББ-уудад өгөгдөл болон туршилтын арга зүйг ашиглан оновчтой шийдвэр гаргах талаар зөвлөгөө өгдөг байжээ. Тэрээр ажлын гараагаа Уолл Стритэд Хөрөнгө оруулалтын банкир, Олон улсын санхүүгийн корпорацид хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллаж, Латин Америк, Зүүн Европ, Африк дахь төслүүд дээр ажиллаж ирсэн байна.
– Сургалтынхаа зорилгын талаар танилцуулна уу?
– Бидний хувьд өнгөрсөн жил хувцас угаалга, цэвэрлэгээний төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү төсөл нь Хүүхдийг Ивээх Сантай хамтарсан нийгмийн энтерпрайз байснаараа онцлогтой юм. Энэ бол хэрэглэгчдийн эрэлт мэт энгийн сонсогдож байгаа ч өргөн хүрээнд хийдэг зүйл биш. Танай байгууллагын шинэлэг санааг эрэлхийлсэн эрмэлзлэлийг олж харсан учраас та бүхэнтэй хамт инновацийн шинэ боломжуудыг судлах, та бүхний юу хийж байгааг харах, инновацийг хэрхэн хөтлөх талаар хамтрах сайхан боломж байна гэж бодсон.
– Ер нь Хүүхдийг Ивээх Сан шиг олон улсын төрийн бус байгууллагад бизнесийн ямар загвар хэрэгтэй вэ?
Бидэнд тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол бид гацаанд орж, баруун, зүүн тийшээ эсвэл бүр доошоо харахаа мартдаг. Жишээ нь, агуйд амьдардаг 2 хүн дөрвөлжин дугуйтай тэрэг түрээд явж байхад нь нэг хүн нь дугариг дугуй хэрэгтэй юу гэж асуухад тэрэг чирсэн нь завгүй байна гэж хариулдаг. Эртний жишээ ч өнөөдрийг хүртэл ач холбогдолтой хэвээр байгаа. Бид зүгээр л түр зогсож, жаахан амьсгаа авч, асуудлыг өөр өнцгөөс харах хэрэгтэй байдаг. Миний бодлоор санхүүжилтэд хүрэх шинэ арга замуудыг олж харах хэрэгтэй. Учир нь санхүүжүүлэгчид томоохон байгууллага гэхээс илүү орон нутгийн түншүүд рүү шилжихийг хүсч байна. Энэ бол шинэ арга замаар санхүүжилт олох, хувийн хэвшлийн загваруудыг судлах, шинэ төрлийн хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах талаар бодох хэрэгтэй гэсэн үг. Тиймээс зөвхөн Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан төдийгүй бүх байгууллага санхүүгийн тогтвортой байдлыг хангах шинэ бизнесийн загваруудын талаар бодох нь үнэхээр чухал юм.
-Сургалтын үр дүнгийн талаар юу гэж дүгнэх вэ?
-Дүгнээд хэлэхэд, бид та бүхнийг үнэхээр гайхалтай ажил хийсэн гэж бодож байна. Илүү ирээдүйтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн учраас энд ирж, илүү ихийг мэдэхийн тулд та бүхнийг дэмжихийг хүссэн юм.
–Танд нэмж хэлэх зүйл байна уу?
– Биднийг халуун дотноор хүлээж авсанд баярлаж байна. Эндрьюгийн хариулттай санал нэг байна. Би нэг зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна. Хүмүүс бидний хэлсэн зүйлийг үнэхээр сайхан хүлээж авсан, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн, нээлттэй сэтгэдэг юм байна. Та бүхэн бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлж, урам зориг өглөө. Баярлалаа.