Зорилтот бус сумдын Насан туршийн суралцахуйн нэгжийн багш нарыг ESEL хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэж байна

Хүүхдийг Ивээх Сангийн Өвөрхангай аймаг дахь салбар 2023 оны 11 сард зохион байгуулагдсан Төслийн Аймгийн зөвлөл (ТАЗ) болон зорилтот 7 сумын Төслийн сумын зөвлөлүүдийн (ТСЗ)  өргөтгөсөн уулзалтын үеэр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершипийн боловсрол олгох “ төслийн тогтвортой байдлыг орон нутагтаа хэрхэн хангаж төслийн аргачлалыг нутагшуулан үлдээх боломжуудын талаар хэлэлцүүлэг хийж санал солилцсон юм. Энэ үеэр ESEL хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах нэг ажил нь зорилтот бус сумдын ЕБС болон Насан туршийн суралцахуйн нэгжүүдийн (НТСН)  багш нарыг сургагч багшаар бэлтгэх сургалтаа зохион байгуулах байсан юм. Өвөрхангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн (НТСТ) хамт олон ESEL хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтаа 2024 оны 5 дугаар сарын 30-нд танхимаар эхлүүллээ. Сургалт төслийн тогтвортой байдлыг хангахын тулд  ESEL хөтөлбөрийн агуулга арга зүйг төсөл хэрэгжээгүй сумдын насан туршийн багш арга зүйчдэд хүргэх, төслийн аргачлалыг нутагшуулан авч түгээх зорилготой юм.

Сургалтын эхэнд аймгийн НТСТ-ийн захирал Б.Норовсүрэн оролцогчдод хандаж сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан төслийн арга аргачлалыг сум сумынхаа онцлогт тохируулан хөрсөн дээрээ буулган авч хэрэгжүүлж аймаг, орон нутагтаа Энтерпренер үрийг тарилцах ажилд хувь нэмэр оруулан ажиллахыг уриаллаа.

ХИС-гийн Өвөрхангай аймаг дахь салбарын зохицуулагч Г.Батцэцэг төслийн хэрэгжилт, үр дүн, ESEL хөтөлбөрийн ерөнхий агуулга, бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултуудад хариулав. Хичээлүүдийг өмнө нь сургагч багшаар бэлтгэгдсэн НТСТ-ийн багш Б.Батчимэг,  Богд сумын НТСН-ийн аргазүйч багш, ESEL хөтөлбөрийн хосолсон сургалтын сургагч багш Б.Доржнамжим, Хархорин сумын НТСН-ийн аргазүйч, ESEL хөтөлбөрийн хосолсон сургалтын сургагч багш З.Энхтүвшин нар онол, дадлага хослуулах байдлаарзаалаа. Мөн Насан туршийн суралцахуйн төвийн нийгмийн ажилтан буюу төслийн Бизнес көүч Б.Сүрэн “Энтерпрайс төсөл боловсруулах” сэдвийг тус тус хариуцан авч заасан бөгөөд сургагч багшаар нийт 15  багш бэлтгэгдлээ.

Сургалтыг зорилтот сумдын ESEL хөтөлбөрийн ангийг 2-3 удаа чиглүүлж бичил санхүүжилт авч төслүүдээ хэрэгжүүлж байгаа туршлагатай багш нар зааж, өөрсдийн туршлага, тулгарсан саад бэрхшээлүүдийг хэрхэн даван туулсан талаараа  бодит жишээгээр тайлбарласан нь хичээлийг илүү сонирхолтой, үр дүнтэй болгов. Оролцогчид  3 багт  хуваагдаж дадлага ажлуудаа гүйцэтгэлээ. Сургалтын төгсгөлд оролцогч багш нар сум сумынхаа онцлогт тохирсон шинэ төслүүдийн санаа гаргаж, бие биедээ танилцуулсан юм. ХИС-гийн салбараас нийт 15 ширхэг ESEL хөтөлбөрийн багшийн болон суралцагчийн гарын авлагуудыг зорилтот бус 12 сумын аргазүйч нарт болон аймгийн НТСТ-ийн мэргэжилтнүүдэд гардуулан өглөө. Мөн эхний ээлжинд онолын хичээлээ танхимаар үзсэн тул бүх оролцогчдод батламж олголоо. Цаашид зорилтот бус сумдын  Насан туршийн нэгжийн багш нар бүсчилсэн багуудад хуваагдаж гэрийн даалгавар авч эргээд цахим уулзалтууд зохион байгуулах болов.

 

Есөнзүйл сумын Насан туршийн суралцахуйн төвийн багш аргазүйч Д.Даваажаргал “Энэ төслийн талаар өмнө нь сонсож, сошиалаас мэдээлэл авдаг байсан. Насан туршийн суралцахуйн төв болон төслийн багаас төсөл хэрэгжээгүй сумдын бид нарт сургалт хийж агуулга, аргазүйг түгээн дэлгэрүүлж байгаад баяртай байна. ESEL хөтөлбөр нь өсвөр насны хүүхэд, орон нутгийн залуучуудад маш хэрэгтэй, хэрэгцээтэй санагдлаа. Би “Өсвөрийн санхүүч” клубээ удирдан чиглүүлдэг. Манай сурагчид санхүү, шүр, сувд, арьс, хатгамал, оёдлын чиглэлүүдээр бүтээгдэхүүн хийдэг жижиг үйлдвэрлэлтэй. Цаашид энэ клубээ түшиглэн тэднийгээ чадавхжуулах, үйлдвэрлэлийг бизнес болгоход надад энэ сургалт ач холбогдолтой цаг үеэ ч олжээ. Сургалт зохион байгуулсан багт баярлалаа. Цаашид ESEL хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж сум орон нутагтаа энтрепренер сэтгэлгээтэй ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулна. Өнөөдөр танхимын  сургалтад хамрагдаж сургагч багш болох гараагаа эхлүүлж байгаадаа их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Арвайхээр сумын НТСН-ийн аргазүйч н.Солонго “Энэ төслийг анх хэрэгжиж эхлэхэд л сонирхож, их гоё аргачлалтай төсөл  байна гэж харж сургагч багш болох юмсан гэж бодож байлаа. Сургагч багш болох гэж байгаадаа баяртай байна. Би сурч авсан мэдлэг, ур чадвараа ашиглан Политехникийн коллеж, төслийн баг бусад хамтрагч талуудтай хамтран Арвайхээр сумын EБС-ийн 5 сургуулийн сурагчид мөн Арвайхээр сумын Насан туршийн нэгжийн зүйцсэн хөтөлбөрт хамрагддаг залууст энтрепренер төслийн хүрээнд төслийн агуулга, ESEL сургалтаа хүргэн ажиллахаар төлөвлөж байна” гэлээ.