Дэлхийн банкнаас төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа
Хүүхдийг Ивээх Сан нь өсвөр үеийн хүүхэд, залуусын хувь хүний ур чадвар, энтрепренершипийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх зорилготойгоор “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилт, Дэлхийн банкны менежменттэйгээр 2020 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар гэсэн 5 аймгийн 29 зорилтот сумыг хамарч байна.
2024 оны 5-р сарын 27-31-ний өдрүүдэд Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч, Төсөл хариуцсан багийн ахлагч Кожи Мияамотогоор ахлуулсан Дэлхийн банкны баг төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцав. Тус багийн бүрэлдэхүүнд Дэлхийн банкны Токио хотын оффис дахь Гадаад харилцаа хариуцсан ахлах ажилтан Койчи Омори, Японы Олон улсын хөгжлийн сангийн Камбож дахь салбарын Төслийн менежер Нанако Моришима нар багтаж төслийн хэрэгжилттэй мөн танилцлаа.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд, Дэлхийн банк болон ХИС-гийн төслийн багийн төлөөлөл нь Говьсүмбэр аймгийн зорилтот хоёр сум болох Сүмбэр, Шивээговь сумдад ажиллаж, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй газар дээр нь танилцсан юм. Үйл ажиллагаанд төслийн оролцогч талууд болох Төслийн аймгийн зөвлөл (ТАЗ), Төслийн сумын зөвлөл (ТСЗ), ESEL сургалтын хөтөлбөрийн багш нар болон энэхүү сургалтад хамрагдсан, бичил төсөл хэрэгжүүлж буй хүүхэд, залуусын төлөөлөл, орон нутгийн менторууд оролцов. ТАЗ-тэй хийсэн уулзалтад Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл болон АЗДТГ-ын дарга, ТАЗ-ийн дарга Д.Содном болон зөвлөлийн бусад гишүүд оролцож төслийн хэрэгжилтийн ахиц, үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хуваалцаж, төслийн тогтвортой байдлыг цаашид хэрхэн хангах талаар санал солилцов.
Түүнчлэн ESEL сургалтын хөтөлбөр болон бичил төслийг хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулиуд, Насан туршийн боловсролын төв, Политехникийн коллежийн багш нар, хүүхэд залуустай уулзаж сургалтын үр дүн, бичил төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл авав. Уулзалтын үеэр багш нар ESEL сургалт нь сурагчдын хувь хүний ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ багш нарын заах арга зүйг сайжруулж буй талаар онцлон дурдсан юм.
Үйл ажиллагааны хүрээнд ЕБ-ын 1-р сургуулийн хэрэгжүүлж буй “Боржигин хөгжлийн төв”-Сургуульд суурилсан энтерпрайз санаачлагын үр дүн, хэрэгжилттэй танилцаж, үүний зорилго, үйл ажиллагаа нь хэрхэн сургуулийн алсын хараа, бодлоготой уялдаж буй талаар мэдээлэл авч, санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төвүүд, мультимедиа студитэй танилцав.
Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Кожи Мияамото төслийн хэрэгжилтэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд “Төслийн хүрээнд бий болсон туршлага, үр дүнгийн цаашдын тогтвортой байдлыг хангах, үүний тулд орон нутгийн шийдвэр гаргагчдын санаачилга, оролцогч талуудын дэмжлэг, тэр дундаа олон нийт, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын оролцоо нь хүүхэд залуусын хэрэгжүүлж буй бичил төслийн хэрэгжилтийн үр дүнг үргэлжлүүлэхэд нэн чухал үүрэгтэй” хэмээн онцолсон юм.
Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд Төсөл хариуцсан багийн ахлагч Кожи Мияамото болон төслийн багийн төлөөлөл нь БЕГ-ын төлөөллүүдтэй уулзаж ESEL сургалтын хөтөлбөр 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн Мэргэжлийн боловсролын сургуулиудын сургалтын үндсэн хөтөлбөрийн нэг болсонтой холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах шаардлагатай асуудлуудын талаар санал солилцов. Түүнчлэн БСҮХ-гийн төлөөллүүдтэй уулзаж, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадвар (хувь хүний ур чадвар)-ыг боловсролын бүх түвшинд хөгжлийн нэг зорилго болгон нэвтрүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.