Мэргэжлийн боловсролын сургалтад ESEL хөтөлбөрийн багшийг бэлтгэж байна

 Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А-278 тоот тушаалаар “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) сургалтын хөтөлбөр бүх Мэргэжлийн боловсролын сургуулийн (МБС) үндсэн хөтөлбөрийн нэг болсонтой холбогдуулан ESEL хөтөлбөрийн багшийг мэргэшүүлэх III үе шаттай сургалтын эхний хоёр удаагийн сургалт болох U-TVET системд суурилсан цахим сургалт болон вебинар сургалт амжилттай зохион байгуулагдав.    

Боловсролын ерөнхий газар (БЕГ), Хүүхдийг Ивээх Сан (ХИС) хамтран ESEL хөтөлбөрийн багш бэлтгэх эхний шатны сургалтыг 2024 оны 05-р сарын 20-31-ний өдрүүдэд U-TVET сургалт удирдлагын системээр дамжуулан цахимаар зохион байгууллаа. Цахим сургалтын үед оролцогч багш нар ESEL сургалтын хөтөлбөр, багшийн болон суралцагчийн гарын авлагыг нэг бүрчлэн уншиж судлан, чадамжийн элемент бүрийн агуулга, уялдаа холбоо, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, сэтгэлгээний талаар ойлголттой болов. Мөн, багш нар гарын авлага тус бүрийг бие даан уншиж, судласны дараа 10 төрлийн ганцаарчилсан болон багаар ажиллах даалгавруудыг хийж гүйцэтгэлээ.

Үүний дараа, ESEL сургалтын хөтөлбөрийн суралцахуйн онол, арга зүйн онцлогийг танилцуулах Вебинар сургалт 06-р сарын 04-05-нд зохион байгуулагдав. Вебинар сургалтын үеэр оролцогчид ESEL сургалтын явцын үр дүн, суралцсан зүйлсээ нэгтгэн дүгнэж, сургалтын зохион байгуулалт болон үнэлгээг хийхтэй холбоотой ойлголтуудаа бататгаж, тодруулга асуултдаа хариулт авлаа. Уг хоёр шатны цахим сургалтад 21 аймаг, 8 дүүргийн 46 Политехник коллеж, Мэргэжлийн боловсролын сургуулийн 130 багш, сургалтын менежер, арга зүйчид хамрагдлаа.

Цахим сургалтын үеэр буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Монгол дахь ХИС-ийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч, Төсөл хариуцсан багийн ахлагч Кожи Мияамото,  төслийн менежер Ё.Нямдаваа нар “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх“ (ESEL) хөтөлбөрийн гарын авлагын багцыг БЕГ-т хүлээлгэн өглөө. Уг багцад багшийн гарын авлага 300 ширхэг, сургалтын хөтөлбөр 300 ширхэг, суралцагчийн гарын авлага 20,000 ширхэг багтаж байна. Түүнчлэн, уг үйл ажиллагааны үеэр Дэлхийн банк болон ХИС-ын удирдлагууд БЕГ-ын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Р.Золзаяа, БСҮХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж, боловсролын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал болон цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцов.

Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч, Төсөл хариуцсан багийн ахлагч Кожи Мияамото ESEL хөтөлбөрийн ач холбогдлын талаар “Цаашдаа ESEL-н заах арга зүйг МБС гэлтгүй ЕБС-ийн багш нарыг давтан бэлтгэх сургалтын хөтөлбөрт зайлшгүй оруулах шаардлагатай. Тухайлбал, боловсролын чанараараа тэргүүлж буй АНУ, Сингапур гэх мэт улсуудад хувь хүний ур чадварыг (Social and emotional learning) хөгжүүлэх арга зүйн сургалтад хамрагдсан байх нь багшлах эрхийн нэг шалгуур болдог. Энэ нь суралцагчдын сургалтын амжилтад чухал нөлөөтэй” хэмээн онцлов.

ESEL хөтөлбөрийн багшийг мэргэшүүлэх III шатны сургалтыг БЕГ-аас 2024 оны 08-р сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод танхимаар зохион байгуулна. Ингэснээр, ESEL хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалттай ангид хэрэгжүүлэх боломжтой болно.