Н.Далхаа: Сургалтыг үр дүнтэй, хүртээмжтэй, багш суралцагчдын бүрэн оролцоотой явуулж байна
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийн зорилтот сумын нэг болох Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Н.Далхаа нь 6 удаагийн ESEL сургалтыг удирдан чиглүүлж, 208 сурагчийг амжилттай төгсгөсөн юм. Мөст сумын сургууль нь ESEL сургалтын багш бэлтгэх 2 удаагийн сургалтаар нийт 12 багшийг мэргэшүүлэн бэлтгэсний нэг нь Н. Далхаа менежер юм.
Сургалтын менежерийн хувьд сургалтыг амжилттай чиглүүлэхийг зорьж сургалтын явцад ажиглалт хийж, тэмдэглэл хөтлөн сурагч бүрийн идэвхтэй оролцоог хангахын тулд багш нарт аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажилладаг байна. Мөн ESEL сургалтын багш болон суралцагч нарын өдрийн ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хичээлийн нэгдсэн хуваарьт тусган оруулдаг. Ингэснээр сургалт үр дүнтэй, хүртээмжтэй, багш суралцагчдын оролцоог бүрэн хангах боломжийг бүрдүүлдэг аж.
Тэрээр ESEL сургалтын талаар “Өсвөр үеийн сурагчдын хувь хүний хөгжил, харилцааны ур чадварууд, бизнес сэтгэлгээ зэрэг Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тэр бүр байдаггүй ч өнөө цагийн хүүхэд, залууст зайлшгүй хэрэгтэй ур чадваруудыг хөгжүүлдэг нь тэдэнд хамгийн их боломжийг бий болгож байгаа явдал юм” хэмээн онцоллоо. Түүнчлэн ESEL сургалт нь сурагчид, багш нар, сургуулийн удирдлага гээд бүх талуудын хамтран ажиллах, хөгжих боломжийг нэмэгдүүлсэн гэв. Үүгээр зогсохгүй сургалтаа амжилттай төгссөн сурагчид санаагаа жижиг бизнес болгон хөгжүүлж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, үе тэнгийнхнээ манлайлж, өөртөө итгэлтэй, бүтээлч, санаачлагатай байдлыг бий болгож байгааг бахархалтайгаар ярив.
Төслийн сумын зөвлөл нь сумын засаг даргын захирамжаар байгуулагдан журмын дагуу идэвхтэй ажиллаж ESEL сургалтаа амжилттай төгсөн Питч уралдаанд төслөө ирүүлсэн сурагчидтай уулзан төсөлтэй нарийвчлан танилцан зөвлөмж өгч, уралдаанд шалгарсан төслүүдийн хэрэгжилтэнд байнга хяналт тавьдаг нь сурагчид төслөө амжилттай хэрэгжүүлдгийн нэг үндэс юм гэж тэрээр дүгнэсэн юм.