Хүүхдийг Ивээх Сан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малжуулах төсөл хэрэгжүүлэв

Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн 2023 онд зун гантай, малаа бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх боломж бага байсан бөгөөд 2024 оны өвөл хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орсны улмаас өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 80 хувьд зуд болжээ. Зудын улмаас Монгол Улсын хэмжээнд 7,41 сая мал хорогдож, малчид ихээхэн хохирол амсаад байна.  Хүүхдийг Ивээх Сан Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад 2024 оны 3 дугаар сард хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж, малчдад хорголжин тэжээл, мөнгөн тусламж үзүүлсэн юм.

Өнгөрсөн өвлийн зудад Сүхбаатар аймгийн нийт малын 44,8 хувь буюу 1 сая 700 гаруй толгой мал хорогджээ. Тус аймагт нийт малынхаа 70-аас дээш хувийг зудад алдсан 2500 гаруй малчин өрх байгаа юм. Малчин өрхүүд амьжиргааны эх үүсвэрээ алдан, орлого нь буурч, орон нутагт ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх эрсдэл үүсээд байна. Хүүхдийг Ивээх Сан “Сүхбаатар, Увс аймгийн зудад нэрвэгдсэн малчдад туслах” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малжуулах төсөл хэрэгжүүлж, 2024 оны 6 дугаар сарын 10-нд тус сумын 30 малчин өрх тус бүрд 19 толгой мал хүлээлгэн өглөө.

                                   

Энэ үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл “Өнгөрсөн өвөл Сүхбаатар суманд сүүлийн 100 жил болж байгаагүй гамшиг боллоо. Зуднаас давсан давагдашгүй хүчин зүйл байсан. 2023 оны эцсээр манай суманд 470 гаруй мянган толгой мал тоологдсон. Харамсалтай нь үүнээс 60 гаруй хувь нь буюу 300 гаруй мянган толгой мал хорогдож, 150 гаруй малчин өрх малгүй болсон байна. Малжуулах төсөл хэрэгжүүлж байгаа Хүүхдийг Ивээх Сангийнханд Сүхбаатар сумынхаа зон олныхоо өмнөөс чи сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Хүүхдийг Ивээх Сангийн Төслийн менежер Ё.Нямдаваа малчдад хандан “Хүүхдийг Ивээх Сан өнгөрсөн 3 дугаар сард Сүхбаатар аймгийн Халзан, Түвшинширээ, Уулбаян сумын зудад өртсөн 180 малчин өрх тус бүрд 500 мянган төгрөгийн мөнгөн тусламж, Онцгой байдлын газарт шатахуун авах 17 сая гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 5 сая төгрөгийн автомашины дугуй өгсөн. Мөн Сүхбаатар аймгийн нийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нарт “Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулсан байгаа. Энэ удаа Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 570 орчим тооны барга үүлдэрийн эм төлөг, хургатай хонь цуглуулж Сүхбаатар сумын малчдад буцалтгүй тусламж болгон хүлээлгэн өгч байна. Дашрамд дурдахад бидний төслийг дэмжиж Хөлөнбуйр сумын малчин Р.Бадамрагчаа 15 төлөг, 5 борлон, малчин Ц.Намчин 5 төлөг хандивласныг хэлэхэд таатай байна” хэмээн хэллээ.

                                    

Малжуулах төсөлд хамрагдсан Сүхбаатар сумын малчин Г.Анхболд “Манайх ам бүл зургуулаа, 1-16 насны 4 хүүхэдтэй.  Өнгөрсөн өвөл малынхаа 50 гаруй хувийг зудад алдаж, 100 хүрэхгүй шахам малтай үлдсэн. Малаа алдаад орлого буурсан. Энэ мал бидэнд их нэмэр болно. Та бүхэнд маш их баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцав.

“Дорнод Мах Маркет” ХХК нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу мал тээвэрлэх ажлыг шуурхай, чанартай гүйцэтгэсэн юм. Тус компанийн гадаад харилцаа, худалдан авалт хариуцсан захирал Б.Болорбаатар “Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ тээврийг хамгийн хямд үнээр гүйцэтгэлээ. Бид малчидтай байнга хамтран ажиллаж, дэмждэг” хэмээн ярив.

Сүхбаатар суманд хэрэгжүүлсэн малжуулах төсөлд 70-100 хувийн малын хорогдолтой, 2024 оны хагас жилийн  мал тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 0-100 хүртэлх тооны малтай үлдсэн, олон улсын бусад байгууллагын малжуулах төсөлд хамрагдаагүй, 2 ба түүнээс дээш 18 нас хүртэлх хүүхдүүдтэй, өрхөд хөгжлийн бэрхшээл, байнгын асаргаатай 1 ба түүнээс дээш хүүхэд эсвэл насанд хүрэгч амьдардаг, залуу өрх, өндөр настай өрх, мөн өрх толгойлсон малчин өрхүүдийг хамруулсан юм. Энэхүү малжуулах төсөл 30 малчин өрхийн 86 насанд хүрэгчид, 78 хүүхдийн амьжиргааг нь дээшлүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх боломж олгоно.

                                   

“Сүхбаатар, Увс аймгийн зудад нэрвэгдсэн малчдад туслах төсөл”-ийг санхүүжүүлсэн Rettet das Kind болон Швейцарын Хүүхдийг Ивээх Сангийн Хүмүүнлэгийн санд орон нутгийн иргэд, малчдынхаа өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

Швейцарын Хүүхдийг Ивээх Сангийн Хүмүүнлэгийн сан нь аливаа хүмүүнлэгийн арга хэмжээний эхний үеүд нь маш чухал бөгөөд хүүхдүүдэд тусламжаа аль болох хурдан хүргэх хэрэгтэй гэдгийг өөрсдийн олон арван жилийн туршлагаасаа мэддэг. Тиймээс Швейцарын Хүүхдийг Ивээх Сан Хүмүүнлэгийн сангаа байгуулсан бөгөөд яаралтай арга хэмжээ авч, хүүхдүүдэд онцгой байдлын үед эсэн мэнд амьдрахад нь тусалдаг.