Амжилт руу хөтөлсөн хамтын ажиллагаа
Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхэд Худалдаа аж үйлдвэрийн салбар танхим хэрхэн үр дүнтэй хамтарч ажилласан тухай түүхийг хуваалцаж байна.
МҮХАҮТ-ын Өвөрхангай аймаг дахь салбар танхим сүүлийн 24 жил орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бизнесийн салбар тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хоршоод, аж ахуйн нэгжүүдтэй нягт холбоотой ажилласаар иржээ. Тус байгууллагын зорилго нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх юм.
“Орон нутгийн өсвөр үеийхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд 2020 онд Төслийн Аймгийн зөвлөл /ТАЗ/ төслийн үйл ажиллагааг аймаг, орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдаж тус зөвлөлд Худалдаа, аж, үйлдвэрийн танхим /ХАҮТ/-ын дарга Б. Ууганбаяр зөвлөлийн гишүүнээр орж ажилласан нь хамтын ажиллагааг бэхжих үндэс болсон ажээ. Түүнчлэн зорилтот сумдад төслийн үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх Төслийн сумын зөвлөлийг / ТСЗ/ байгуулагдах үед ХАҮТ-ын дарга Хүүхдийг Ивээх Сангийн салбартай хамтран зорилтот сумдаар хамтдаа очиж ажиллахдаа ТСЗ-ийн гишүүнээр сум орон нутагтаа бизнес эрхэлдэг ХАҮТ-ын гишүүдийн төлөөллүүдийг оруулсан байна. Үүний үр дүнд зорилтот сумдад тогтмол бизнес эрхэлж байгаа олон жилийн туршлагатай бизнес эрхлэгчид сайн дураараа менторын дэмжлэгийг сумын хүүхэд, залуучуудад үзүүлэх боломж бүрджээ. Ингэснээр бизнесийн салбарт арвин их туршлага хуримтлуулсан менторууд өөрсдийн туршлагаасаа хуваалцсанаар сумынхаа ирээдүй, хойч үе хүүхэд, залууст оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн их үр дүнтэй ажил болсон юм. 2024 оны 2 дугаар сард болсон бичил төслийн төслийн уралдааны үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдийг хүүхэд залуусын бичсэн төслийг дэмжин, хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Шаркуудын эрэлд” аяныг салбараас санаачлан зохион байгуулсан юм. Аяны хүрээнд ХАҮТ-тай хамтран ажилласнаар аймгийн болон сумдын бизнес эрхлэгчид, танхимын тэргүүлэгчдийг тус уралдааны Питч арга хэмжээнд олноор оролцон, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд “Шаркуудын эрэлд” аянд маань Бат-Өлзий, Гучин-Ус, Сант, Хужирт сумдын 8 бизнес эрхлэгчид болон зорилтот сумдын удирдлагуудын төлөөллүүд идэвх, санаачилга гарган Питч арга хэмжээнд биечлэн оролцсоноор нийт 5 багт 3,820,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж Бат-Өлзий сумын бизнес эрхлэгч НТСН-ийн залуусын төслийг ажлын байраар дэмжихээр болсон нь ХАҮТ-тай хамтран ажилласны үр дүн юм.
Өвөрхангай аймаг дахь ХАҮТ нь аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг нэг дор төвлөрүүлэн сурталчлах, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллах, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, чанарын шаардлагад нийцсэн, шинэ бүтээгдэхүүнээр хангах, улмаар орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зорилготой байгуулагдсан “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг хариуцан ажилладаг. Тус төвийн үйл ажиллагаагаар дамжуулан бичил төслөө хэрэгжүүлж байгаа сурагчид, сумын залуусыг дэмжин ажилладаг бөгөөд төслийн хүрээнд бичил санхүүжилт авч төслөө хэрэгжүүлж байгаа багуудын сурагчид, сумын залуусын хийсэн бэлэн бүтээгдэхүүнийг 2022 оноос хойш борлуулж байна. Энэ ажлын дүнд ESEL хөтөлбөрөө амжилттай төгссөн бичил санхүүжилт авч төслөө хэрэгжүүлж байгаа багуудын бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан борлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. 2024 оны 06 сарын байдлаар тус төв дээр 5 сумын 10 төслийн багийн 15 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол борлуулж байна. Үүнээс дурьдвал Хархорин сумын Гүнзгий сургуулийн Doctor colors төслийн багийн аяга, бэлэг дурсгалын зүйлс, Хархорин сумын 2-р сургуулийн “Төгс зохицол” төслийн олон төрлийн лаа, давсан урлалууд, “Цүнхний шинэ эрин үе” төслийн даавуун цүнхнүүд, Орхон сургуулийн “ Хорум урлан” төслийн модон бэлэг дурсгалууд, Богд сумын 2-р сургуулийн Nature craft төслийн давсан урлалын бэлэг дурсгал, Богд сумын 1-р сургуулийн “Шагайн наадгай” төслийн шагайн наадгай олбог, 2-р сургуулийн “ Ухаан заяа” төслийн уран зургууд, Насан туршийн суралцахуйн нэгжийн “ Уран гогцоо” төслийн нэхмэл гутлууд, Сант сумын ЕБС-ийн сурагчдын “ Монгол гоёл” төслийн гоёл чимэглэлүүд, Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн “Монгол хүж” төслийн хүж зэрэгбөгөөд эдгээр бүтээгдэхүүний нийт борлуулалт нь нийт 2,500,000 төгрөг болоод байна. Мөн зорилтот сумдын Насан туршийн суралцахуйн нэгжийн ESEL хөтөлбөр төгсөн бичил санхүүжилт авч төслөө хэрэгжүүлж байгаа сумын залуусыг “Өвөрхангай намрын баяр-2023” түншлэл, үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм. Аймгийн үзэсгэлэн худалдаанд хамрагдсан нь гарааны бизнесээ эхлүүлж байгаа сумын залууст олон нийтэд бүтээгдэхүүнээ сурталчлах, үйлчлүүлэгчдийн тоогоо нэмэхэд том дэмжлэг болсон гэж үзэж байна.
ХАҮТ-ын дарга Б. Ууганбаяр “Энэхүү “Орон нутгийн өсвөр үеийхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершип боловсрол олгох төсөл” нь цаг үеэ олсон ЕБС-ийн сурагчдыг багаасаа бизнесийн болон амьдрах ухаанд суралцахад томоохон хувь нэмэр оруулж байгаа их онцлогтой. Зорилтот сумдын 14-25 хүртэлх насны залуус төсөлд хамрагдсанаар олон талаар хөгжөөд зогсохгүй гарааны бизнесээ эхлүүлэх боломж бүрдэж байна. Мөн төслийн хүрэх үр дүн нь ХАҮТ-ын зорилготой яв цав нийцэж байгаа нь бөгөөд цаашид төслийн аргазүйг нутагшуулан авч үлдэх, төслийн тогтвортой байдлыг хангахад ХАҮТанхимын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Мөн төсөлд хамрагдаж бизнесээ өргөжүүлэн ажиллаж байгаа сумын залуус ирээдүйд ХАҮТ-ын тэргүүлэгч, албан ёсны гишүүн болж Монголын төдийгүй Олон Улсын туршлагас судалж бизнесээ илүү өргөжүүлэх боломжтой” хэмээн ярилаа.
Аливаа төсөл орон нутагт үр өгөөжтэй хэрэгжих үндэс суурь нь урт хугацаааны, тууштай түншлэл байдаг гэдгийг Өвөрхангай аймаг дахь ХАҮТ болон төслийн салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа харуулж байна.