ESEL сургалтын багш сумын залууст энтренепренершип боловсрол эзэмшүүлж байна
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2020 оноос амжилттай хэрэгжиж, 2023 оны ESEL хосолсон сургалтад нийт 40 суралцагч амжилттай хичээллэн төгсөж байна. Эдгээр 40 суралцагчийн 13 нь сумын төвөөс, 27 нь хөдөөнөөс оролцжээ. Малаа маллахын зэрэгцээ зайнаас суралцаж байгаа залуус танхим, танхимын бус хичээлээ дуусгаад одоо төсөл бичих шатандаа явж байгаа аж. Эхний сургалтаас гурван төсөл шалгарч санхүүжилтээ 100 авч үйл ажиллагаа явуулж байна. Хоёр дахь сургалтаас “Хайрын хүлэмж”, “Тохилог тавилга”, “Дугуй засвар”, “Цагаан идээний ач тус”, “Уран ган” гэсэн таван төсөл бичигдээд байна. Сум, сургууль, орон нутагт бий болсон эдгээр бүх ололт амжилт нь хосолсон хөтөлбөрийн ESEL багш/зөвлөхүүдийн ур чадвар, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Ингээд Мөнххаан сумын хосолсон хөтөлбөрийн ESEL багш/зөвлөх Н.Рэгжидмаагийн амжилтын түүхийг хүргэж байна.
Өөрийнхөө тухай өгүүлэхэд…Намайг Н.Рэгжидмаа гэдэг. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрж өссөн. Сумынхаа сургуульд 1998-2007 онд англи хэлний багшаар, 2007-2019 онуудад сургалтын менежер, 2020 оноос англи хэлний багшаар ажиллаж байна. Сургуульдаа 25 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхдийг Ивээх Сан Сүхбаатар аймгийн таван суманд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос хэрэгжүүлж байгаа. Эдгээр сумын нэг нь Мөнххаан. Миний хувьд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ESEL хосолсон сургалттай ангийн чиглүүлэгч багшаар ажиллаж байна.
ESEL хосолсон сургалтын тухайд…Би залуучуудын бие дааж ажил хөдөлмөр эрхлэх хүсэл мөрөөдлийг биелүүлсэн үр дүнтэй сургалтыг удирдан чиглүүлж байгаадаа баяртай байдаг. Өнгөрсөн 2022 оны элсэлтэндээ сумынхаа 20 залууг чиглүүлэн ажиллаж амжилттай төгсгөсөн. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хосолсон сургалтын хувьд хөдөөгийн залуусыг гэрээсээ суралцах боломж бүрдүүлснээрээ онцлог, давуу талтай байлаа.
Сургалтаас олсон мэдлэг, чадвар гэхэд… Багшийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас илүү 18-25 насны залуучуудтай хэрхэн харьцах, тэдэнтэй хамтран ажиллах чадвар, мөн цагийн зохион байгуулалт, багаар ажиллах чадвар зэрэг дээр илүү их амжилт, үр дүнг олж харлаа. Хэдийгээр өөрөө үндсэн мэргэжлээрээ завгүй ажилладаг ч залуучуудтай ажиллах цаг заваа яаж зохицуулах тал дээр төлөвлөлтөө гаргаж ажилласан. Аливаа ажил хийхэд цаг төлөвлөлт, ажлын төлөвлөлт хамгийн чухал гэдгийг ойлгож, тухайн сургалтыг удирдсанаараа илүү их туршлагатай боллоо. Мөн төсөл бичих чадварыг суралцагчдаас гадна өөрөө олж авлаа.
Төслүүдийн үр дүнгээс танилцуулахад…Бид өөрсдийн чадвар дээрээ үндэслээд сумын иргэдэд хөдөлмөр халамжийн чиглэлээс хэрэгжүүлдэг төсөл бичиж, тэнцсэн. Иймээс тус сургалтын үр дүн зөвхөн суралцагчдаас гадна багш бидэнд маш их зүйлийг сургаж байна. Эхний хосолсон сургалтын залуучууд маань гурван баг болж төсөл бичээд гурвуулаа тэнцэн одоогоор 65 хувийн санхүүжилтээ аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Эдгээр төслүүдийн нэг “Монгол гоёо” эмэгтэйчүүдийн гоёлын ээмэг, бөгж, бугуйвч, толгойн гоёо урлаж, эрэгтэйчүүдийн гоёлын даалин оёж байна. “Бяцхан баривч” төслөөр бага насны хүүхдэд баривч оёхоос гадна эрэгтэй, эмэгтэй дээл урлаж, малын нэмнээ захиалгаар үйлдвэрлэдэг. “Монгол сур” төслөөр хазаар, чөдөр, ногт, бугуйл, олом жирэм хийхээс гадна шинээр эмээл хийж, иргэдийн захиалгаар үйлдвэрлэлээ өргөжүүлж байна.
Төслийн явц, бүтээлээс дурдвал…Суралцагч залуус маань төслүүдээ амжилттай хэрэгжүүлж эхэлснийг харахад үнэхээр сэтгэл сайхан байдаг. Залуусынхаа амьдралд хэрэг болохуйц чухал сургалтыг удирдан чиглүүлсэндээ их баяртай байна. Би 2023 оны 3 дугаар сараас ESEL хөтөлбөрийн хосолсон ангийн 2 дахь сургалтаа чиглүүлж эхэлсэн. Өмнөх сургалтын үр дүнд залуучууд итгэл, найдвартай сургалтдаа ирж байгааг хараад дахин олон төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харлаа.
Хэрэгцээтэй төсөл болохоор талархаж явдаг… Монголын ерөнхий боловсролын олон сурагч болон залуучуудад хувь хүний энтрепренершип боловсрол олгох сургалт зохион байгуулж, төсөл хэрэгжүүлж байгаа нь үнэхээр хэрэгцээтэй үйл ажиллагаа хэмээн дүгнэж байгаа. Олон залуучуудын амьдралд гэрэл гийгүүлсэн энэ сайхан үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа төслийн санаачлагч баг болон хэрэгжүүлэгчдэд чин сэтгэлээсээ талархаж байна.