Нийлэг уутны хэрэгцээг халсан “Загварлаг тор”

Суралцагч ерөнхий эрдмийн хичээлээ мэргэжлийн хичээлийн хамт судалж, төгсөөд шууд хөдөлмөрийн зах зээлд хөл тавих боломжтой болдгоороо мэргэжлийн сургуулиуд онцлогтой. Мэргэжилтэй ажилтан болж хөдөлмөрийн зах зээлд хөл тавихаасаа өмнө найз нөхөдтэйгөө хамтарч бизнес санаагаа бодит болгон турших боломжийг алдалгүй бичил төслийн уралдаанд оролцож, санхүүжилт авсан “Загварлаг тор” багийн амжилтын түүхийг танилцуулья. Эдний амжилт удирдан чиглүүлсэн Тосонцэнгэл мэргэжлийн сургуулийн багш Б.Отгонбаатартай ч салшгүй холбоотой юм.

Тосонцэнгэл бол Улаанбаатар хотоос 700 гаруй км , Завхан аймгийн төв Улиастайгаас 180 км  алслагдсан хангайн сум юм. Идэр голын үзэсгэлэнт хөндийд байдаг энэ сумыг амтат нэрс, Монголын хамгийн хүйтэн өвөл болдог газар гэдгээр нь мэдэх сайн билээ.

Тосонцэнгэл сумын мэргэжлийн боловсролын сургуулийн оёдлын мэргэжлийн Б.Хоролгарав, Ц.Нямжаргал, Түвшинжаргал, авто засварын мэргэжлийн Б.Батмэнд, Б.Амар-Эрдэнэ, Э.Дандаабаяр нарын зургаан суралцагч ESEL сургалтад хамрагдах үедээ нийлэг уутны хэрэглээг халж, байгаль орчиндоо ээлтэй бизнес хийж үзэхээр санал нэгтэй бичил төслийн Пич 5 уралдаанд оролцсон байна. Багийн гишүүд чанар өнгө үзэмжтэй тор хийхээр зорьж юуны өмнө тор оёход шаардлагатай даавуу, хэрэглэгдэхүүнийг Улаанбаатар хотоос авч иржээ. Өнгө үзэмж сайтай торны загварыг оёдлын мэргэжлийн багш Б.Баяржаргалын тусламжтай гарган, тороо зах зээлд нийлүүлж хэрэглэгчдээс санал сонсоод бүтээгдэхүүнээ түүний дагуу сайжруулжээ. Даавуун тор шаардлагатай газруудаас захиалга авч ашиг орлогоо нэмэгдүүлж, туршлага ч хуримтлуулахыг зорьжээ.

Тосонцэнгэл сум зам сайтай учир захиалсан бараа нь хурдан ирж, цаг хэмнэсэнд тэд их олзуурхжээ. Учир нь төслийнхөө дараагийн санхүүжилтийг аль болох хурдан авч үлдсэн хугацаандаа их зүйл турших боломжтой болсон байна. Тэд дөрвөн төрлийн материалаар  өдөр тутмын, пүүзний, цэцэрлэгийн хүүхдүүдийн хувцасны, эвхэгддэг гээд таван төрлийн тор оёж сургуулийн удирдлагууд, багш ажилтнууддаа танилцуулжээ. Урамшсан сурагчид бүх материалаараа тор оёхоосоо өмнө зарж борлуулж, заримыг нь бэлэглэж хэрэглэгчдээсээ хэсэг хугацааны дараа сэтгэл ханамжийн судалгаа авчээ. Асуулгад оролцогчдоосоо тороо угаагаад, дотор нь хүнд зүйл хийгээд, материалыг нь татаад сэмлээд үзээрэй гэж захижээ. Торыг авсан хүмүүс бүгд ам сайтай өнгөлөг, чанартай тун сайн байгааг онцолсон байна. Зарим эмэгтэй хэрэглэгч торыг яаж хэрэглэхээсээ шалтгаалаад загвар ижил ч урт, богино оосортой хувилбар гаргахыг санал болгосныг хүлээн авч бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлэн сайжруулахын чухлыг ойлгосон байна. Нэмж хөгжүүлсэн торнуудаа оёж нийт 250 ширхэг тор нөөцөлж зарахад бэлэн болгосон байна.

Мэргэжлийн сургууль дадлагын өрөөтэй байдаг нь ЕБС-иас давуу ч хичээл сургалтад саад болохгүй сул чөлөөтэй цагаар торнуудаа оёж байсан нь цаг төлөвлөлт, хөдөлмөрийн хуваариа оновчтой гаргаж сурахад тусалсан гэж тэд ярьж байна. Тэд “Авто засварын ангийн суралцагчид тор хийхэд яагаад оролцсон бэ гэж хүмүүс их асуудаг. Манай тор чинь жижиг болгоод эвхэх зориулалттай. Тэр хэсгийн кнопыг манай хөвгүүд хадна. Бэлэн болсон тороо индүүднэ, эвхэнэ, зөөнө гээд эрэгтэй суралцагчдад хийх ажил их, маш их дэм болдог” гэв. Нэгж торыг 10000 төгрөгөөр үнэлж борлуулсан нь нэлээн боломжийн байсан бөгөөд ямар нэг гомдол санал ирээгүй байна. Харин оосроо биедээ тохируулж уртасгаж, богиносгох боломжтой байдлаар хиймээр байна гэсэн санал иржээ.

Тосонцэнгэл сум 10000 орчим хүн амтай Монгол улсын хамгийн их хүнтэй сум юм. Мөн Увс Завхан руу явах төв зам дайран өнгөрдөг болохоор зах зээл сайтай. Тэд хийсэн торнуудаа төлөвлөсөн хугацаанаасаа түрүүлж зарж дуусгасан байна.Торнуудаа сумынхаа 4-р цэцэрлэгт танилцуулж 50 ширхэг тор уутны захиалга авч түүнийгээ хугацаанд нь нийлүүлж чаджээ.

Төслийн анхны бүтээгдэхүүн дөнгөж гарч байхтай зэрэгцэж Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн туршлага солилцох уулзалт Завхан аймгийн Улиастай аймгийн төвөөс холгүй байдаг Даян-Очир хүүхдийн зусланд болжээ. Энэ уулзалтад төсөлд хамрагддаг Завхан аймгийн 7 сумын 100 хүүхэд ирж, өөрсдийн төслөө танилцуулж, бусад сумын төсөл хэрэгжүүлдэг хүүхдүүдтэй саналаа солилцож,  туршлагаа хуваалцах, бүтээгдэхүүнээ танилцуулан  зарж борлуулах боломж гарч, бас үеийн олон найз нөхөдтэй болжээ.  Сурагчид “Бид энэ уулзалтад 80 гаруй бүтээлтэй очсон. Тэнд оролцсон хүүхэд том хүмүүс бүгд ямар чанар сайтай тор вэ, ямар хөөрхөн өнгө үзэмжтэй юм бэ гэж булаацалдах шахуу торыг маань худалдан авсанд их баярлаж үнэхээр чанартай тор хийж чадсан байна гэж өөрсдөөрөө бяцхан бахархсан. Нэг эгч тор худалдаж авахдаа Лондон хотын зурагтай юм байна. Би энэ торыг Улаанбаатар хотод очоод найзууддаа  Лондоноос авсан гэж хэлэхэд ч итгэхээр сайн хийцтэй, гоё зурагтай юмаа гэж хэлэхийг сонсоод бид үнэхээр их урамшсан” гэж ам уралдан хөөрөлдөв.

Завхан аймгийн хэмжээнд хоёр мэргэжлийн сургуульд төсөл хэрэгжүүлэгч бусад аймгуудаас (Говьсүмбэр, Сүхбаатар, Ховд, Өвөрхангай) 5, нийт 7 сургуульд ESEL хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын сургалтын гурван жилтэй ангиудад ESEL сургалт албан ёсоор хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн заавал судлах хичээл болсон баярт мэдээг дашрамд дуулгая.

Мэргэжилтэй боловсон хүчин улс орны хөгжилд хамгийн чухал гэдгийг Герман зэрэг үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсуудын жишээнээс харж болно.  ESEL-ийн зөвлөх багш болж мэргэжлийн сургуулийн суралцагчдад үнэхээр тохирох арга зүй мөн гэдгийг хэрэгжүүлж байх явцдаа сайтар ойлгож талархаж байлаа хэмээн Б.Отгонбаатар багшийн хэлсэн үгээр “Загварлаг тор” төслийн амжилтын түүхийг өндөрлүүлж байна.

Түүхийг бичсэн  ХИС-гийн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн