Хүүхэд, залуусыг санхүүгийн боловсролд хөтлөх Б.Хонгорзул
“Хүүхэд бүхэн Монголын ирээдүй. Тэдэнд санхүүгийн боловсрол олгох нь зөвхөн бидний хариуцсан ажлын үүрэг бус хүн бүрийн үүрэг” хэмээн өөртөө итгэлтэйгээр аймаг, сумдын тамгын газрын болон Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан илтгэлийнхээ төгсгөлд бусдыгаа уриалах энэ шинэхэн боловсон хүчин бол Мөнххаан сумын Татварын Улсын байцаагч Б.Хонгорзул юм. Мөн Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийн “Төслийн сумын зөвлөл”-ийн санхүү хариуцсан гишүүн. Түүний үүрэг нь бичил төсөл хэрэгжүүлж байгаа хүүхэд залуусын багийн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж санхүүгийн тайлан гаргах болон зарцуулалтын баримтыг зөв бүрдүүлж байгаа эсэхэд хяналт тавин санхүүжилтийг хуваарийн дагуу цаг тухайд нь олгоход анхаарах юм.
Үүний дотроос Б.Хонгорзулын нэн тэргүүний үүрэг бол “Бичил төсөл хэрэгжүүлэгч багуудад санхүүгийн зөвлөгөө өгөх” гэж тэрээр үздэг. Их сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ажиллахаар сумандаа ирсэн тэрээр төрийн албан хаагч болж, хоёр сарын дараа Төслийн сумын зөвлөлийн санхүү хариуцсан гишүүн болсон нь энэ юм. Анх шинэ ажилтан болохоор даалгасан ажлыг нь л хийх ёстой ч хүүхэдтэй ажилласан туршлагагүй болохоор хийж чадах эсэхдээ эргэлзэж байв. Гэхдээ Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулсан санхүү хариуцсан гишүүний сургалтад суугаад энэ эргэлзээ нь арилсан гэдэг.
Түүний хувьд үндсэн ажлынхаа хажуугаар долоо хоног бүрийн нэгээс хоёр өдрийг бичил төсөл хэрэгжүүлж байгаа 16 багийн 69 хүүхэд, залууст санхүүгийн баримт бүрдүүлэх болон худалдан авах ажиллагаанд нь зөвлөгөө мэдээлэл өгөхөд зориулдаг. Үүний зэрэгцээ сар бүр Төслийн сумын зөвлөлийн санхүүгийн зарцуулалтаа тайлагнахын зэрэгцээ бичил төсөл хэрэгжүүлэгч багийн төсөл хэрэгжих хугацаанд санхүүгийн явцын болон эцсийн тайланг бие даан тайлагнадаг. Эдгээр 16 төслөөс 14 нь амжилттай хэрэгжин Хүүхдийг Ивээх Сангаас батлагдсан төсвийн дагуу санхүүгийн зарцуулалтаа амжилттай хийж дуусгасан байна.
Санхүүгийн баримтыг хууль, журмын дагуу цуглуулна гэдэг амаргүй. Зарим тохиолдолд худалдан авалт хийсэн байгууллагуудад зөвлөгөө өгч заримаас нь талархал, заримаас нь зэмлэл хүртэх удаатай. Санхүүгийн зарим баримтыг өөрөө холбогдон авч, үгүй бол Улаанбаатар хот орох ажлаа тааруулж байгаад өөрийн биеэр бүрдүүлэх нь ч бий. Гэхдээ аль болох өөрөө хийхээс илүү хүүхэд, залуусыг бизнесийнхээ төлөө өөрсдийгөө дайчлаасай хэмээн зөвлөгөө өгөхийг эрмэлздэг. Санхүүгийн тайланг хугацаанд нь тайлагнахыг хүүхдүүддээ сургахын тулд заримдаа өөрөө хүүхдүүдийнхээ араас нь очих тохиолдол гардаг байна.
Бичил төслийн шалгаруулалтад оролцсон баг бүр тэнцэж, санхүүжилт авдаггүй ч Б.Хонгорзул бүх илтгэлийг анхаааралтай сонсдог. Учир нь тэнцсэн багийн төслийн үндсэн санааг нь илүү ойлгож дэмжлэг үзүүлэх, харин тэнцээгүй багийн гишүүд санхүүгийн хувьд тооцоолол алдсан байвал тэдэнд дараагийн удаа сайжруулан оролцоход нь туслах зорилготой. Тэрээр “Санхүүгийн сахилга баттай, бие даасан үзэл бодолтой, хуримтлуулдаг, баялаг бүтээдэг, хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй, шинэ үеийг бүтээхийг эрмэлзэн ажиллаж байна. Хүн бүр мөрөөдөж чадвал бүтээж бас чадна” гэж ярьж байлаа.
Бас залуу хүний хувьд хүүхэд, залуустай хамтарч ажиллахад өөрөө ч бас хөгжиж байгаадаа талархууштай байдаг тухайгаа хуваалцах дуртай нэгэн. Төрийн алба, магистрын сургалт, ээжийн үүрэг, төслийн зөвлөлийн ажил зэргийг яаж амжуулдаг тухай сонирхон асуухад “Нэг хүүхдийг ч болтугай санхүүгийн мэдлэгтэй болгочих юмсан гэсэн тэмүүлэлтэй байхад энэ ажил хэцүү биш. Намайг сурагч байхад энэ төсөл хэрэгжиж байсан болоосой гэж боддог байсан ч өөрөө энэ төслийн нэгэн хэсэг болсны хувьд сумын маань хүүхдүүд хувь хүний ур чадвараа сайжруулан, гаргасан төслийн санаагаа хэрэгжүүлэх явцдаа санхүүгийн мэдлэгтэй болсон гэж яриасай гэж хүсэж байна” хэмээн хариулсан юм.
Хүүхдийг Ивээх Сангийн Сүхбаатар аймаг дахь салбарын зохицуулагч Ө.Марал “Б.Хонгорзул өөрийн сайн туршлагаа бусад сумын санхүү хариуцсан гишүүдэд харамгүй хуваалцдаг. Энэ нь төслийн хэрэгжилтэд маш том дэмжлэг болдог. Товлосон хугацаандаа үүрэгт ажлаа заавал амжуулна гэсэн эрмэлзэл нь бидний болон сумынхаа бичил төсөл хэрэгжүүлж байгаа хүүхэд, залууст маш том дэмжлэг болж байна” хэмээн ярилаа.
Сүхбаатар аймгийн 4 суманд хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийхэнд хувь хүний ур чадвар,энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд нийт 435 хүүхэд, залуус бичил төслийн уралдаанд оролцсоноос 194 хүүхэд, залуус 44 бичил төслөөр шалгарч, 143,000,400₮-н санхүүжилтыг сум орон нутагтаа авч чадсан бaйна.