Санхүүгийн боловсролын хөтөч
“Хүүхэд Монголын ирээдүй. Тэдэнд санхүүгийн боловсрол олгох нь зөвхөн бидний хариуцсан ажил бус хүн бүрийн үүрэг юм” хэмээн аймаг, сумдын Тамгын газрын болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан илтгэлийнхээ төгсгөлд итгэлтэй өгүүлж, бусдыгаа уриалах энэ шинэхэн боловсон хүчин бол Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Татварын улсын байцаагч Б.Хонгорзул юм. Тэрээр, Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийн “Төслийн сумын зөвлөл”(ТСЗ)-ийн санхүү хариуцсан гишүүн билээ. Бичил төсөл хэрэгжүүлж байгаа хүүхэд залуусын баг бүрэлдэхүүн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, санхүүгийн тайлан гаргаж байна уу, зарцуулалтын баримтыг зөв бүрдүүлж байгаа юу гэх мэтчилэн хяналт тавьж, санхүүжилтийг хуваарийн дагуу, цаг тухайд нь олгоход анхаарч ажилладаг юм.
Үүний дотроос Б.Хонгорзулын нэн тэргүүний үүрэг бол “Бичил төсөл хэрэгжүүлэгч багуудад санхүүгийн зөвлөгөө өгөх” гэж тэрээр үздэг. Их сургууль төгсөөд төрсөн нутагтаа ажиллаж, амьдрахаар ирсэн тэрээр төрийн албан хаагч болсноос хоёр сарын дараа ТСЗ-ийн санхүү хариуцсан гишүүн болсон нь энэ. Анхандаа хүүхэдтэй ажилласан туршлагагүй болохоор энэ ажлыг хийж чадах эсэхдээ эргэлзэж байв. Гэхдээ Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулсан санхүү хариуцсан гишүүний сургалтад сууснаар эргэлзээ маань арилсан гэж Б.Хонгорзул ярилаа. Түүний хувьд үндсэн ажлынхаа зэрэгцээ долоо хоног бүрийн нэгээс хоёр өдрийг орон нутагтаа бичил төсөл хэрэгжүүлж байгаа 16 багийн 69 хүүхэд, залууст зориулдаг байна. Тэдэнд санхүүгийн баримт хэрхэн бүрдүүлэх, худалдан авах ажиллагаанд юу анхаарах талаар зөвлөгөө, мэдээлэл тогтмол өгдөг. Сар бүр Төслийн сумын зөвлөлийн санхүүгийн зарцуулалтыг тайлагнаж, бичил төсөл хэрэгжүүлэгч багийн төсөл хэрэгжих хугацаанд санхүүгийн явцын болон эцсийн тайланг бие даан гүйцэтгэдэг. Эдгээр 16 төслөөс 14 нь амжилттай хэрэгжиж, Хүүхдийг Ивээх Сангаас батлагдсан төсвийн дагуу санхүүгийн зарцуулалтаа амжилттай хийж дуусгасан байна. Санхүүгийн баримтыг хууль, журмын дагуу цуглуулна гэдэг амаргүй. Зарим тохиолдолд худалдан авалт хийсэн байгууллагуудад зөвлөгөө өгч заримаас нь талархал, заримаас нь зэмлэл хүртэх удаатай. Санхүүгийн зарим баримтыг өөрөө холбогдон авч, үгүй бол Улаанбаатар хот орох ажлаа тааруулж байгаад өөрийн биеэр бүрдүүлэх нь ч бий. Хүүхэд, залуусыг бизнесийнхээ төлөө өөрсдийгөө дайчлаасай хэмээн зөвлөгөө өгөхийг эрмэлздэг. Санхүүгээ хугацаанд нь тайлагнаж сурах ёстой гэж хүүхдүүддээ зөвлөдөг хэмээн Б.Хонгорзул ярилаа.
Бичил төслийн шалгаруулалтад оролцсон баг бүр тэнцэж, санхүүжилт авдаггүй ч Б.Хонгорзул бүх илтгэлийг анхааралтай сонсдог. Тэнцсэн багийн төслийн үндсэн санааг илүү ойлгож, цаашид дэмжлэг үзүүлэх гэж, харин тэнцээгүй багийн гишүүдэд санхүүгийн тооцоолол хэрхэн хийх, дараагийн удаа төслөө улам сайжруулан оролцохын тулд яах ёстойг зөвлөх гэж хичээдэг аж. Тэрээр “Санхүүгийн сахилга баттай, бие даасан үзэл бодолтой, хуримтлуулдаг, баялаг бүтээдэг, хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй, шинэ үеийн төлөө зорьж, зүтгэж байна. Хүн бүр мөрөөдөж чадвал бүтээж бас чадна” гэж ярих дуртай.
Залуу хүний хувьд хүүхэд, залуустай хамтарч ажиллахад өөрөө ч бас хөгжиж байгаадаа талархдаг гэсэн. Төрийн алба, магистрын сургалт, ээжийн үүрэг, төслийн зөвлөлийн ажил гээд бүгдийг нь нэг дор хэрхэн амжуулдаг вэ гэж сонирхон асуухад “Хүсэл тэмүүлэл байхад тийм ч хэцүү биш. Би нэг хүүхдэд ч болов тусалж, санхүүгийн мэдлэгтэй болгох юмсан гэж хичээж, сэтгэл хангалуун явдаг. Намайг сурагч байхад ийм төсөл хэрэгжсэн ч болоосой гэж боддог. Гэхдээ энэ төслийн нэг хэсэг болсны хувьд сумын маань хүүхдүүд хувь хүний ур чадвараа сайжруулан, гаргасан төслийн санаагаа хэрэгжүүлэх явцдаа санхүүгийн мэдлэгтэй болсон гэж яриасай гэж хүсэж байна” хэмээн хариулсан юм.
Хүүхдийг Ивээх Сангийн Сүхбаатар аймаг дахь салбарын зохицуулагч Ө.Марал “Б.Хонгорзул өөрийн сайн туршлагаа бусад сумын санхүү хариуцсан гишүүдтэй харамгүй хуваалцдаг. Энэ нь төслийн хэрэгжилтэд маш том дэмжлэг болдог. Үүрэгт ажлаа товлосон хугацаандаа заавал амжуулна гэсэн эрмэлзэл нь бидний болон сумынхаа бичил төсөл хэрэгжүүлж байгаа хүүхэд, залууст маш том дэмжлэг болж байна” гэлээ.
Сүхбаатар аймгийн дөрвөн суманд хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд нийт 435 хүүхэд, залуус бичил төслийн уралдаанд оролцсоноос 194 хүүхэд, залуус 44 бичил төслөөр шалгарч, 143,000,400 төгрөгийн санхүүжилт сум орон нутагтаа авч чадсан бaйна.