Сургалтын хөтөлбөртэйгээ уяж, сурагчаа хөгжүүлсэн энтерпрайз
– Тогтвортой байдлыг хангаж, тулгарсан бэрхшээлүүдээ шийднэ –
Намрын нар ээсэн налгар өдрүүдэд Хархорин суманд нэгэн арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ бол 2024 оны 9 дүгээр сарын 9-12-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р сургууль дээр болсон Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлж буй сургуулиудын туршлага солилцох уулзалт байв. Өмнөх 2023 оны 9 дүгээр сард Монгол орны зүүн хязгаарт болсон уулзалт энэ удаа төв цэгийг сонгожээ. Уг арга хэмжээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын төлөөллүүд, зорилтот 5 аймгийн Боловсролын газрын дарга нар, Хүүхдийг Ивээх Сангийн төслийн баг, “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжиж буй 6 сургуулийн захирал, төсөл хариуцсан багш нар, төслийн бизнес көүчүүд, төслийн зөвлөхүүд зэрэг нийт 40 гаруй хүн оролцсон юм. Энэхүү туршлага солилцох уулзалтаас хийсэн тэмдэглэлээ хүргэе.
Сургалтын хөтөлбөртэйгээ уялдуулсан сургуульд суурилсан энтерпрайз
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль дээр “Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжиж байгаа юм. Энэхүү сургуульд суурилсан энтерпрайз ахлах ангийнхны радио электроник, ухаалаг хогийн сав, давсан урлал, дунд ангийнхны цүнхний багц, хуруу хүүхэлдэй, бага ангийнхны шидэт ундаа төсөл дээр суурилсан байна. “Сургуульд суурилсан энтерпрайз” санаачилгын хүрээнд үйл ажиллагаа явуулах ерөнхий боловсролын зургаа дахь сургууль болоод удаагүй ч амжилт ихтэй байгаа нь харагдаж байв. Хичээлтэй цаг таарсан учраас сурагчдад саад болохгүй хэмээн өртөөчилсөн хэлбэрээр танилцуулгаа зохион байгуулжээ. Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал Г.Энхрийцэцэг энэ үеэр “Төсөл хэрэгжүүлж буй сурагчдын бичил бизнесийг дэмжин хөгжүүлэх замаар бусад сурагчдын оролцоог хангасан, бүс нутгийн хэмжээнд танигдсан бизнесийн үйл ажиллагаатай, практикт суурилсан сургууль болгох зорилготой” хэмээн ярилаа. Түүнчлэн “Сургуульд суурилсан энтерпрайз”-аа сургуулийнхаа менежменттэй уялдуулан тогтвортой байдлыг хангаж байгаа, сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдуулж байгаа талаар сонирхолтой жишээ, туршлага хуваалцсан юм.
(Энэхүү туршлагын талаарх амжилтын түүхийг жичдээ хуваалцах болно)
Тогтвортой байдал, асуудлууд, бас шийдэл гарцууд
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” хэрэгжилтийн сүүлийн жил рүүгээ орж байгаа юм. Тиймээс цаашид “Сургуульд суурилсан энтерпрайз”-ийн тогтвортой байдлыг хангах нь чухал байгаа юм. Энэ талаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал Г.Энхрийцэцэг “Үйлдвэрлэгч хүүхдүүд”, Завхан аймгийн Тэлмэн сумын ЕБС-ийн захирал Г.Байгалмаа “Хөгжлийн хөтөч” цахим сургалт, үйлчилгээний төв, Ховд аймгийн Зэрэг сумын ЕБС-ийн захирал Ч.Төмөрмөнх “Эко хүнс”, Өвөрхангай аймгийн Богд сумын ЕБС-ийн захирал Л.Гантулга “Өглөөний цайг өөртөө”, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЕБ-ын 1-р сургуулийн захирал Г.Сонинбат “Боржигин хөгжлийн төв”, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн багш Ц.Оюунтуяа “Технологийн хичээлээр сурагчдад болон өсвөр үеийнхэнд энтрепренершип боловсрол олгох” сургуульд суурилсан энтерпрайзын тогтвортой байдлыг хангахад анхаарах зүйлс, асуудлууд болон тэдгээрийн шийдлээ танилцуулав. Богд сумын ЕБС-ийн захирал Л.Гантулга “Өглөөний цайг өөртөө” сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэх үед гарсан бэрхшээл, түүнийг хэрхэн шийдсэн талаараа “Бидэнд тулгардаг нэг бэрхшээл бол зохицуулалт, санхүүгийн дэг гэх мэтийн дотоод журам байгаа. Түүнийг хамт олныхоо хүрээнд шийдэж байна. Төсөлд багш, ажилчид жигд оролцож чадахгүй байгаа. Үүнийг урамшууллын дотоод журмаараа шийдэж байгаа. Түүнчлэн хууль эрх зүйн хувьд төслөөс олох орлогоо аль дансандаа хэрхэн төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах вэ гэх мэтийн тулгарч буй асуудлууд байна. Төсөл хэрэгжүүлж байгаа зургаан сургуулиас Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт сургууль өөрөө орлого олох, түүнийгээ зарцуулах санхүүгийн зохицуулалтыг сургууль хөгжүүлэх сангийн журмын шинэчлэлийн хүрээнд илүү тодорхой болгож өгөх хүсэлт гаргасан. Хуулиар зохицуулсан байгаа сургууль дэргэдээ туслах аж ахуйтай байна болно заалтын хэрэгжилтийг хангах зохицуулалт батлагдаад ирвэл бидний ажиллах журам ч тодорхой болно” хэмээн ярилаа.
Талуудын оролцоо, шинэлэг санаа, нөөцийн менежмент
Аливаа төсөл хэрэгжихэд нэг талын бус олон талын оролцоо чухал. Тиймээс сургуульд суурилсан энтерпрайзын тогтвортой байдлыг хангахад талуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах аймгийн стратеги боловсруулах талаар хэлэлцүүлэг явууллаа. Олон оновчтой, шинэлэг санал, санаачилга гарсныг бас дурдах хэрэгтэй биз. Хэлэлцүүлгийн дараа Завхан аймгийн Тэлмэн сумын ЕБС-ийн захирал Г.Байгалмаа “Сургуульд суурилсан энтерпрайз”хэрэгжүүлж буй олон улсын туршлага, авч хэрэгжүүлэх шинэлэг санааны талаар бусдадаа хуваалцав. Тэрээр мөн School Enterprise challenge-д оролцох боломж байгаа талаар танилцуулсан юм. Дашрамд өгүүлэхэд School Enterprise Challenge нь сурагчдад шинэ зуунд нэн эрэлттэй ур чадваруудыг эзэмшүүлэхийн зэрэгцээ багш нарын энтрепренершип боловсрол олгох арга зүйг сайжруулах зорилготой бага, дунд, ахлах сургуулиудад зориулсан олон улсын боловсролын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр багш нарын мэдлэг ур чадварыг алхамчлан чиглүүлж, сурагчд бизнесийн санаа олж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь туслах боломж олгодог бөгөөд үнэ төлбөргүй байдаг. Мөн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн Энпрепренершипийн зөвлөх Э.Бат-Орших сургуульд суурилсан энтерпрайзын нөөцийн менежментийн асуудал, боломжууд, тогтвортой байдлыг хангахад анхаарах зүйлсийн талаар танилцуулав.
Туршлага солилцох уулзалтын төгсгөлд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа “Сургуульд суурилсан энтерпрайз энэ зургаан сургууль дээр амжилттай хэрэгжиж байгааг харлаа. Цаашид боловсролын системдээ энэ санаачилгыг түгээн дэлгэрүүлээд явна гэж найдаж байна. Энэ удаагийн семинар үр өгөөжтэй боллоо. Ололт амжилт, цаашид амжилттай хэрэгжүүлэх арга зам, боломжууд, хамтын ажиллагаа, алдаагаа хэрхэн засах талаар ярилцлаа” хэмээн онцлов. Харин Энпрепренершипийн зөвлөх Э.Бат-Орших үр дүнгийн талаар “Төсөл хэрэгжүүлэгч сургуулиудын удирдлага, хариуцсан багш ажилтнуудын сургуульд суурилсан энтерпрайзын талаарх ойлголт, цаашдын тогтвортой байдал болон сургууль, орон нутагтаа бий болгож буй үр дүн зэргийг тодорхойлж буйгаас харахад бодит өөрчлөлтүүд ажиглагдлаа. Нэгдүгээрт, Сургуулийн захиргаа, сургуульд суурилсан энтерпрайз төслийг сургуулийнхаа бүтэц, менежмент, сургалтын орчны нэг хэсэг болгох төлөвлөгөөтэй болж, үүгээрээ бусад сургуулиудаас ялгарах онцлог болгохоор ажиллаж байна. Хоёрдугаарт, Багш ажилтнууд, энэхүү төслийг богино хугацааны түр ажил гэж харахаас илүү, суралцагчдын суралцах, багш нарын ажиллах орчныг сайжруулах, хичээлийн хөтөлбөрүүдтэй уялдуулан илүү сонирхолтой болгох, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах шинэлэг санаачилгууд, орон нутгийн брэндүүд бий болгох тал дээр анхаарах болжээ. Мөн хамрагдсан суралцагчдаас ЭЕШ болон гадаадын их, дээд сургуулиудын тэтгэлэгт тэнцэх зэргээр сургуулийн нэр хүндэд эерэгээр нөлөөлж байна. Гуравдугаарт, Ганцхан сургуулийн үйл ажиллагаа биш, олон талт хамтын ажиллагааны загвараар ажилладгийг захирал, багш нар ойлгосон байна. Дөрөвдүгээрт, Багшийн ажлын байрны тодорхойлолтод шинэчлэл хийх боломжтойг харуулсан. Өөрөөр хэлбэл, зөөлөн ур чадвар, өсөлтийн болон энтрепренер сэтгэлгээгээр ажиллах боломжуудыг хангасан” хэмээн дүгнэв.
Зуур хоногийн ажил хэрэгч аялал, Хужирт, Бат-Өлзий сум
“Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлж буй сургуулиудын туршлага солилцох уулзалт Өвөрхангай аймгийн Хархорин суманд болоод арайхан дууссангүй. Улаанбаатар хот орох замдаа Хужирт, Бат-Өлзий суманд зуур хонож, эдгээр сумуудад хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцав. Хүүхдийг Ивээх Сангийн Өвөрхангай салбарын зохицуулагч Г.Батцэцэг Өвөрхангай аймаг дахь төслүүдийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өглөө. Энэ үеэр Хужирт сумын Насан туршийн суралцахуйн нэгжээс төсөлд хамрагдсан залуусын төлөөлөл болох Б.Даваа-Очир, Д.Дашдондов, Г.Жамбал нар “Шинэ-Хөдөө эко бааз”-ынхаа үйл ажиллагааг танилцуулж, зочдоо намрын шинэхэн айргаар дайлав. Тус бааз Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслөөс санхүүгийн дэмжлэг авчээ. Одоо гурван гэртэй үйл ажиллагаа явуулж, жуулчдад морь уургалах, булгиулах, бугуйлдах, хонь холбох, үхэр, ямаа саах, ааруул ээзгий хэрхэн боловсруулахыг бодитоор хийж үзүүлэх зэрэг үйлчилгээ явуулж байгаа аж.
Оролцогчид Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн суралцахуйн нэгжийн амжилттай хэрэгжиж буй “Уран бийр”, “Guide club”, “BU handmade”, “Book cafe” зэрэг төслүүд, бүтээлүүдтэй танилцсан юм.
Ийнхүү “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлж буй сургуулиудын туршлага солилцох уулзалт амжилттай өндөрлөв. Сургуульд суурилсан энтерпрайз бол сурагчид сургуулийн орчинд энтерпренерийн үйл ажиллагаа буюу бизнес эрхлэх үйл ажиллагаа Гэхдээ бусад бизнесээс ялгагдах онцлог нь ашгийн төлөө бус, харин энтрепренер сэтгэлгээ, ур чадварууд хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд үндэслэсэн цогц үйл ажиллагаа юм. Энэхүү уулзалт сургуульд суурилсан энтерпрайзийн үйл ажиллагааг ахисан түвшинд хүргэх, тогтвортой байдлыг хангахад анхаарах зүйлс, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлох, шийдэл олох, тогтвортой байдлыг хангах аймгийн хэмжээний стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тогтвортой байдлыг хангахад талуудын оролцоог хангах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж бусад хөтөлбөр, үйл ажиллагаатай уялдуулах боломжийг эрэлхийлэх зэрэг зорилготой байсныг хэлье.