Зорилтот дүүргийн цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвд тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих тоног төхөөрөмж, хэрэгсэл, засварын ажлыг хүлээлгэж өгөв

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг,  Сэлэнгэ, Баянхонгор аймгийн 5 цэцэрлэг, 5 Өрхийн Эрүүл мэндийн төвд 2024 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих цэцэрлэгийн дэд бүтцийн засварын ажлыг төслөөс хийж гүйцэтгэсэн. Үүнд цэцэрлэгийн 4 ангийн ариун цэврийн  өрөөнд зориулалтын угаалтуур, суултуур туслах тоноглолын хамт суулгах, коридорын хананд туслах бариул хийлгэх ажлууд хийж гүйцэтгэсэн юм. Түүнчлэн тус цэцэрлэгт  байгуулж буй “Хүүхэд хөгжлийн танхим”-д зориулан сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж, хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх ном, багц тоглоом нийлүүлж байгаа юм.  Эдгээр зүйлс болон засварын ажлыг  хүлээлгэж өгөх арга хэмжээ 2024 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр тус цэцэрлэг дээр боллоо. Тус арга хэмжээнд Япон улсын Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Юүкино Ямаками оролцож үг хэллээ. Тэрээр “Өнөөдөр төслийн үр дүнгийн нэг хэсгийг та бүхэнтэй хамт хүлээн авч байгаадаа баяртай байна. Төслийн эцсийн зорилт нь тоног төхөөрөмж, эд материал биш харин тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгох явдал бөгөөд оролцогч талууд үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм” гэж онцлов.

 

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Удвал “Бид сургуулийн өмнөх боловсролыг  хүүхдийн онцлог ялгаатай хэрэгцээнээс үл хамааран тэдэнд тэгш хандаж, эзэмшүүлэх үүрэгтэй байдаг. Бидний ажилд туслалцаа үзүүлэн сургалт, мэдээллээр хангаж,  хүүхдийн ялгаатай хэрэгцээг тооцсон тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлж, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд тусалж байгаа төслийн багт талархлаа илэрхийлье” хэмээн хэллээ.

Мөн өдөр Чингэлтэй дүүргийн “Энэрэнгүй үйлст” Өрхийн Эрүүл мэндийн төвд нярай болон балчир насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, туслах хэрэгслийн засварын ажлыг хүлээлгэн өгөв. Чингэлтэй дүүргийн “Энэрэнгүй үйлст” Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Пүрэвжаргал “Эрүүл мэндийн төвийн ариун цэврийн өрөөг тусгай хэрэгцээтэй хүүхэд, иргэдэд зориулан завсарлаж, балчир насны хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж гардуулан өгсөнд баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ. Төслөөр зорилтот өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өндөр, жин хэмжигч, хараа шалгах төхөөрөмж, анхны тусламжийн иж бүрдэл, үзлэгийн үед хэрэглэх тоглоом гэх мэт хүүхдийн үзлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нийлүүлж байгаа юм.

 

 Япон улсын Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Юүкино Ямаками энэ үеэр “Төслийн хүрээнд өгсөн тоног төхөөрөмжийг өрхийн эмнэлэг өдөр тутмын ажилдаа үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Хэрвээ үүнд анхаарлаа хандуулахгүй бол төсөл үр дүнд хүрэхгүй юм. Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн, хөгжлийн дэмжлэг үзүүлэх ажилд нь бага ч гэсэн тусламж дэмжлэг болно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Дээрх арга хэмжээнд Япон улсын ЭСЯ-ны ажилтнууд, ХИС-гийн төслийн баг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, хорооны төлөөллүүд оролцлоо. Дашрамд өгүүлэхэд, төслөөс зорилтот ЭӨМТ-ийн эмч, цэцэрлэгийн багш нарт хүлээлгэн өгсөн эдгээр сургалтын хэрэглэгдэхүүн, хэрэгслийг ашиглах арга зүйн сургалтыг удахгүй зохион байгуулах юм.