Бэлчээрийг танхимтай хослуулсан орон зай үл хамаарах сургалт
Завхан аймгийн Баянтэс сум. Монгол орны баруун хойд хилийн ойролцоо Тэсийн голыг хөвөөлөн орших энэ нутагт жилийн жилд хүйтэн өвөл болдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хамгийн их цас орсон газруудын нэг болжээ. Өдөртөө хасах 30-аас дээш хэмтэй өвлийн улиралд малчин залууст сургалтаа тасралтгүй хүргэж, амжилттай төгсгөсөн нэгэн багшийн түүхийг танилцуулья. Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл технологийн багш ESEL сургалтын зөвлөх Б.Анхбаяр багш хосолсон сургалтын чанараа сайжруулан, сурагч бүртээ хүрч ажиллахын тулд багийн дарга нарыг явуулын багш болгон туслуулсан байна. Үүний үр дүнд Баянтэс сумын ЕБС-ийг түшиглэн хичээллэсэн хосолсон сургалтыu 20 залуу амжилттай төгсөжээ.
“Орон нутгийн өсвөр үеийнхэд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL буюу Энтрепренершипд суурилсан хувь хүнийг хөгжүүлэх сургалт 8-12 ангийн сурагчдаас гадна Насан туршийн боловсролын хүрээнд буюу 14-25 насны сургуулиас гадуурх залуусыг сургаж, боломж олгодог онцлогтой. Сургалтад хамрагдсан 14-25 насны залуус танхимын болон танхимын бус хосолсон сургалтын хүрээнд ESEL сургалтад хамрагдаж, бичил төслийн уралдаанд оролцон төслийн санаагаа бодит болгон хэрэгжүүлэх боломжтой юм. Энэхүү сургалтаар 14-25 насны сургуулиас гадуурх суралцагч бүрт хичээлийн агуулга суулгасан таблетыг, интернэт, утасны ярианы эрхийн хамт өгдөг. Үүнийг мөн сургагч багш нар ашиглаж, зайнаас болон танхимаар хослуулан сургалтаа явуулдаг. Орон зай цаг хугацаа хэмнэсэн, шинэлэг хийгээд сонирхолтой энэ сургалт сумуудад хэрэгжээд үр дүн ч гараад эхэлж. Өөрөөр хэлбэл хосолсон сургалтын сурагчид малчны хотондоо малаа маллаж, гэр ахуйдаа тусалж байхдаа ч хичээлээ сонсож, үзэх боломжтой бөгөөд ажлынхаа завсараар даалгавраа хийгээд багш руугаа илгээх, утсаараа асууж тодруулах зэргээр суралцах боломжтой гэсэн үг.
Д.Анхбаяр 2021 онд ESEL сургалтын зөвлөх багшаар бэлтгэгдсэн бөгөөд ESEL сургалтыг ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдыг танхимд, 14-25 насны залуусыг хосолсон сургалтаар тус бүрт нь чиглүүлж байсан туршлагатай багш юм. Тэрээр 2023 оны 10 дугаар сард хосолсон сургалтын багшаар бэлтгэгдэх үедээ сургалтаа чанартай явуулж, сурагч бүрийг идэвхитэй оролцуулахын тулд танхимын бус зайнаас хичээллэх үед сумынхаа багийн дарга нарыг туслуулах талаар боджээ. Ингээд Баянтэс сумынхаа удирдлагууд, сумын Төслийн зөвлөл болон нийт багийн дарга нарт ESEL хосолсон сургалт явуулах таатай боломж бүрдсэн тухай танилцуулж, хосолсон сургалтын онцлогийг тайлбарлан хамтарч ажиллахаар тохирсон байна. Түүний саналыг Баянтэс сумын дөрвөн багийн дарга нар дэмжиж, сумынхаа залуусын боловсрол мэдлэгийг сайжруулахад хамтран ажиллахаар төлөвлөгөө гаргасан байна. Багийн дарга нарын ойлголтыг нэг түвшинд хүргэхийн тулд ESEL хосолсон сургалтын талаар мэдлэг ойлголт өгөх нэг өдрийн сургалтыг Д.Анхбаяр багш, Баянтэс сумын ЕБС-ийн сургалтын менежер Д.Гэрэлжаргал, захирал Ч.Дашхүү нарын хамт зохион байгуулсан аж. Сургуулийн зүгээс багийн дарга нарт явуулын багш гэсэн батламж өгч урам зориг, хариуцлагыг нь баталгаажуулж өгсөн байна.
Баянтэс сумын 2023 оны 11 сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл хичээллэсэн хосолсон сургалтын ангийн 20 сурагч ямар нэгэн завсардалтгүйгээр амжилттай хичээллэж, тус ангиас 3 сурагч нийлэн “Мебель тавилгын үйлдвэрлэл” гэсэн төсөл бичиж 2024 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан Пич-7 уралдаанд шалгарч санхүүжилт авах эрхтэй болжээ. ESEL сургалтын зөвлөх багш Д.Анхбаяр “Сургалтаа бүрэн хичээллүүлэхэд Төслийн сумын зөвлөл болон багийн дарга нарын үүрэг их байлаа. Багшаас нь гадна багийн дарга нар, орон нутгийн удирдлагууд өөрт нь анхаарал тавьж гэрт нь очиж сургалтаа явуулахаар сурагчдад урам зориг өгнө. Олон хүн анхаарал тавьж дэмжихээр хичээлээ сайн сурахгүй бол болохгүй нь гэсэн мэдрэмжийг суралцагчдад өгсөн” хэмээн ярилаа.
Сургалтын үеэр гарсан бэрхшээл ч цөөнгүй. Ангийн 20 суралцагчийн 7 суралцагч сүлжээ огт барьдаггүй газарт өвөлждөг ч, сүлжээ барих газарт очин багштайгаа 7 хоногт заавал 1-2 удаа утсаар ярьдаг байв. Багшид нь ажил гарсан үед асуух зүйлээ багийн даргатайгаа холбогдоод хэлчихнэ. Бужир багийн дарга, явуулын багш Д. Бадамгарав багийн сурагчаа эргэх үед сурагчид нь ажил гарч даалгавраа Google classroom-д байршуулж илгээж амжихгүй байсан тул сүлжээ ордог газар руу 40-д км давхиж classroom-д даалгаврыг оруулж буцааж гэрт нь хүргэж өгсөн тохиолдлууд ч гарсан байна. Багийн дарга нарыг явуулын багш болгосон нь багшийн ажлыг хөнгөвчилж, хамгийн гол нь хамтын хүчээр сумын төвөөс 30-90 км зайтай амьдардаг байсан сурагчид ч даалгавраа нэг ч таслалгүйгээр илгээж байлаа. Сурах хүсэл эрмэлзэл дүүрэн ч аймаг, хотоос алслагдсан сум дотроо алс хол амьдардаг залууст сурч хөгжих, ур чадвараа сайжруулах боломжийг “Орон нутгийн өсвөр үеийнхэд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төсөл өгчээ. Малын бэлчээрийг танхимтай хослуулсан орон зай үл хамаарах энэ сургалт үүнээс ч олон залууст боломж олгох бизээ.
Түүх бичсэн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн