Г.Энхцоож: Ментор болсноор өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх зорилготой болсон
Г.Энхцоож “Менторын ажил бол зөв гаргалгааг олоход туслан дэмжих, ойлголцох. Тиймээс би хүүхэд бүртэй биечлэн уулзаж, шинэ санааг сонсон санаагаа төсөл болгон хөгжүүлэхийн тулд сайн ярилцаж, санааг нь дэмжиж итгэлийг нь нэмэхийг зорилго болгодог” хэмээн ярьж байна.
Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд орон нутагт менторын соёлыг түгээж, зорилтот 5 аймагт сайн дурын үндсэн дээр менторуудыг бэлтгэсэн бөгөөд тэдгээр хүмүүс одоо нутагтаа ажиллаж байна. Тэдний нэг нь ментор Г.Энхцоож юм. Түүний хувьд Ховд аймгийн Зэрэг, Манхан, Мөст, Үенч, Алтай, Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, НТБН-ийн залуус болон Жаргалант сумын Политехник коллежийн оюутнуудад зөвлөн тусалж, хамтран ажиллаж байна. Мөн “Энтрепренер Лийдс” манлайллын хөтөлбөрт “Манлайлал ба илтгэх ур чадварын өртөө”-г хариуцсан сургагч багшаар ажиллаж, Питч арга хэмжээнд шүүгчээр ажиллаж төслийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажилладаг.
Тэрээр ESEL хөтөлбөрт хамрагдсан сурагчид, бичил төслийн уралдаанд оролцогч багууд болон санхүүжилтээ авч төслөө хэрэгжүүлж буй багийн хүүхэд, залуус, багш, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 1800 гаруй хүнд зөвлөн тусалжээ. Ингэхдээ бизнес санаагаа хөгжүүлж төсөл бичсэн багуудад Питч уралдаанд орохын өмнө танилцуулгаа хийхдээ асуудал, түүний шийдэл, хэрэгжүүлэх аргаа оновчтой тодорхойлж, багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, ашиг орлогын тооцоолол зэрэг гол мэдээллээ товч бөгөөд бүрэн хариулт өгөхүйц илтгэхийг зөвлөдөг. “Питч уралдаанд тэнцээгүй хүүхдүүд шантрахгүй, дараагийн удаа яавал тэнцэх бол, юун дээр анхаарах вэ гэж асуудаг нь хүүхдүүд бэрхшээлийг даван туулахыг хичээж байгаа чанар. Түүнийг харах сайхан байдаг. Хүүхдүүд ярилцаж өөрсдөө шийдлээ гаргаж ирж байхдаа нүдэнд нь гэрэл асаад урам ороод л ирдэг” гэж Г.Энхцоож ярьж байна. Түүний өгүүлснээр ментор хүн хүүхдийн дээрээс биш дэргэдээс нь харилцаж, нээлттэй харилцаа, итгэлцлийг бий болгох хэрэгтэй аж. Хүүхдүүд түүнийг ах эсвэл багш гэж харахгүйгээр үе тэнгийн юм шиг нээлттэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бэрхшээл, боломжоо хамтран ярилцаж чадаж байгаа нь түүнд урам өгдөг байна.
Г.Энхцоож “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн талаар “Хүүхдүүд насанд хүрэхэд бүх зүйлс сайхан байгаад тооцоолоогүй жижигхэн бэрхшээл тулгарахад гэнэт өөрийгөө чадваргүй гэдгээ мэдэрч, бэрхшээлд бууж өгдөг. Харин энэ төсөлтэй холбогдсон хүүхдүүд их сургууль эсвэл ажлын байранд гарахад, магадгүй бизнес хийхэд гарч ирдэг боломжууд, бэрхшээлүүдийг ESEL сургалтад хамрагдаж, сургуульд суралцаж байхдаа мэдэж, бэрхшээлээ даван туулах, боломжуудыг өөртөө ашиглах чадварууд бий болгож байна. Энэ мэдлэг, ур чадварыг энэ төсөл хүүхдийн сурлагын түвшин, хөгжлийн онцлогийг үл харгалзан хүртээмжтэй олгож байгаа нь миний ментороор ажиллах гол шалтгаан байсан” гэлээ.
Бас “Хүүхэд, залуус “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” ESEL сургалтад сууж эхэлснээсээ хойш хамтдаа ярилцдаг, хамтдаа санаагаа гаргаж хөгжүүлдэг, хамтдаа хэрэгжүүлдэг, хамтдаа боломжуудаа атгаж бэрхшээлээ давдаг. Энэ нь багаар ажиллах чадвар, үнэнч нөхөрлөлийг бий болгож, хүүхэд насны гэгээн, жаргалтай дурсамжуудынх нь нэгийг бүтээж байгаа” гэсэн бодолтой нэгэн.
Г.Энхцоож “Би ментор болсноор өсвөр үеийнхэн, хүүхэд залуучуудтай ажиллах ур чадвартай болсон. ESEL сургалтын төгсөгч хүүхэд, залуучуудад ментор гэж дуудуулж байгаагийн хувьд би зөв хүн байх ёстой, хүүхдэд үлгэрлэн явж байгаа хүний нэг. Энэ бол намайг хувь хүний болон мэдлэг, мэргэжлийн хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх зорилготой болгосон юм” гэсэн юм.
Г.Энхцоож “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн ерөнхий зохицуулагч бөгөөд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран явуулсан “Хувь хүний хөгжлийн цогц сургалт”-ын сургагч багш юм. Тэрээр өмнө нь хүүхэд залуустай ажиллаж байсан туршлагагүй байсан бол төслийн ментор болсноор өсвөр үеийн сурагчид, залуустай хамтран ажиллах болсон.
2024 оны 8-р сарын байдлаар Ховд аймгийн зорилтот сумдад 1912 хүүхэд, залуус ESEL сургалтад хамрагдан тэднээс 343 хүүхэд, залуус 229.5 сая төгрөгийн санхүүжилт бүхий 86 бичил төслийг амжилттай хэрэгжүүлж байна.