Хүсэл тэмүүллээ нэгтгэсэн “Мөрөөдлийн хөтөч”-ийнхэн

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд 5 аймгийн зорилтот сумуудад 41 Энтрепренер клуб ажиллаж байгаагийн нэг нь Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Мөрөөдлийн хөтөч” энтрепренер клуб юм.

Тус клубын гишүүд бол “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” сургалтыг төгсөөд хүсэл тэмүүллээрээ нэгдсэн олон сурагчдын нэг төлөөлөл. Мөрөөдлийн хөтөч” 8-12-р ангийн 15 гишүүнтэй, клубын ахлагч нь Х.Билэгдэмбэрэл, менежментийн багийн ахлагч нь Г.Гантогтох. Эдгээр сурагчид сургуулийнхаа хүүхдүүдэд хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь хөтлөх үүднээс энэ нэрээ өгсөн түүхтэй. Тэд сар тутам 2 удаа уулзалт зохион байгуулж, гишүүн бүр шинэ санаагаа хэлж, хамтдаа хэлэлцэн, хамгийн их санал авсан ажлуудаа хийхээр төлөвлөдөг байна.

 

2023 оны 10-р сард өөрсдийн суралцдаг 1-р сургууль болон Минжит булган цогцолбор сургуулийн “ZET”энтрепренер клубтэй хамтран суманд хэрэгжиж байгаа бичил төслүүдийг олон нийтэд танилцуулах “Туршлага солилцох уулзалт” зохион байгуулжээ. Ингэснээр тус суманд хэрэгжиж буй бичил төслийн багийнхан, багш нар, эцэг эхчүүд танилцаж, шинээр төсөл бичиж байгаа сурагчдад ихээхэн дэмжлэг болсон байна.

Клубын ахлагч Х.Билэгдэмбэрэл “Хүүхэд бүхэнд мөрөөдөл бий. Би чадахгүй байх гэсэн бодлоосоо болж, битгий мөрөөдлөө орхиосой, бүтэлгүйтэх талаар бодож айлгүй, өөртөө итгээд мөрөөдлийнхөө төлөө алхам хийгээсэй гэж бид хүсдэг. Тиймээс ESEL сургалтаа төгсөөд шинээр төсөл бичих гэж байгаа, төслөө бичсэн ч яаж танилцуулах вэ гэж эргэлзэж байгаа сурагчдад туслах, зөвлөгөө өгөх, өөртөө итгэх итгэл өгөх нь бидний ажлын салшгүй нэг хэсэг” гэсэн юм.  Клубын гишүүд төсөл бичиж байгаа сурагчдад зөвлөгөө өгч, олон багт төслөө амжилттай танилцуулж, санхүүжилт авахад нь тусалжээ. Булган суманд 104.1 сая төгрөгийн санхүүжилт бүхий 36 багийн бичил төсөл амжилттай хэрэгжихэд “Мөрөөдлийн хөтөч” клубын гишүүдийн оролцоо, дэмжлэг чамгүй их юм.

Мөн 2023 оны 11-р сард Булган сумын 2 ЕБС-ийн хооронд “Сурагч солилцоо” арга хэмжээг санаачлан зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагаа сурагчдад их таалагдсан бөгөөд “Сурагч солилцоог дахиад заавал зохиогоорой, илүү олон хоногоор хийгээрэй” гэсэн саналууд их ирж, тэдний санаачилсан ажилд хүүхдүүд дуртай оролцож, баярлаж байгааг нь харах хамгийн гоё байсан гэж клубийн гишүүд ярив.

Сумын ард иргэдийг хамарсан томоохон арга хэмжээ бол “What3words”  буюу Гурван үгт хаягийг түгээн дэлгэрүүлэх 10 долоо хоногийн нөлөөллийн аян байв. Энэхүү нөлөөллийн аян нь урт хугацаанд үргэлжлэх, сумын нийт иргэдийг хамарсан, сумын удирдлагуудын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй аян байсан тул клубын гишүүд амжилттай хэрэгжүүлж чадах эсэхдээ эргэлзэж, зүрхшээж байжээ. Эхний 7 долоо хоногт сургууль дээрээ ажиллахдаа багаараа мэдээлэл хүргэж хугацаа их алдав. Дараа нь гишүүд ажил үүргээ хуваарилан ESEL сургалтад хамрагдсан бусад сурагчид, сум, сургуулийн удирдлага, сумын онцгой комисс, сумын Онцгой байдлын газраас дэмжлэг авснаар ЕБС-ийн сурагчид, багш ажилтнууд, төрийн болон ТББ-ын албан хаагч зэрэг нийт 3417 иргэдэд гурван үгт хаягийг таниулж, ашиглуулж сургажээ.

“Мөрөөдлийн хөтөч” клуб нь олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулснаар өөрсдөө туршлага хуримтлуулж, багаараа нэгдэж чадвал зорилгодоо хүрч чадна гэсэн урам зоригтой болсон байна.  Цаашид гишүүдийн тоогоо нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн сум, сургуулийнхаа өмнө тулгамдаж буй асуудлыг хөндсөн шинэлэг арга хэмжээ, нөлөөллийн аянуудыг зохион байгуулж үе тэнгийнхнийгээ манлайлан нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна.