Үлгэрлэгч, бас хүүхэд, залуусын төслийн ментор
Түүнтэй ярилцах зуур “Би 10 жилийн дараахь хэрэглэгчээ өнөөдрөөс бэлтгэж байгаа” гэсэн ишлэл өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Эндээс түүний алсын хараатай, бизнес сэтгэлгээтэй хүн гэдэг нь харагдана. Энэхүү ярилцагч бол 2017 оноос бизнесийн үйл ажиллагаа явуулж, өдрөөс өдөрт өнгөлж, жилээс жилд жигдрүүлсээр улсдаа төдийгүй дэлхийд танигдсан брэнд бүтээгч эмэгтэй Г.Хаянхярваа юм.
Тэрээр өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 200 гаруй малчинг нэмэлт орлоготой байлгаж, сумандаа 20 гаруй хүнийг ажлын байраар ханган үйлдвэрийн газар, брэнд дэлгүүр, хүүхдийн зуслан, амралтын газар, “Таван тансаг өргөө” зэргийг ажиллуулж байна. Түүнчлэн сургуулийн зун, өвлийн амралтын үеэр 60 орчим хүүхдүүдтэй хамтарч ажиллан, цагийн ажлын байраар хангадаг байна. Ингэснээр хүүхдүүд багаасаа бизнесийн ухаанд суралцаж, ажил хийх, мөнгө, санхүүгээ удирдаж сурах ач холбогдолтой хэмээн ярьж байлаа. Энэ компанийн үйлдвэрлэдэг олон төрлийн сүүн чихэр, шар сүүний хатаамал, нунтаг ээзгий, шар тос, ааруул, таван тансаг идээний багц зэрэг бүтээгдэхүүн, бусад үйлчилгээний тухай бичвэл ихийг өгүүлэх нь мэдээж. Гэхдээ энэ удаа түүний бизнесийн туршлагаа хуваалцаж, ментор хийж байгаа түүхийг хуваалцаж байна. Дашрамд ментор гэж хэн болох талаар товчхон тайлбар өгье. Ментор бол тухайн салбартаа туршлага хуримтлуулсан, мэдлэг, чадвар эзэмшсэн хүн байдаг бөгөөд өөрийнхөө энэхүү ажил мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцаж, дэмжлэг үзүүлдэг.
Түүнтэй ярилцах зуур “Би 10 жилийн дараахь хэрэглэгчээ өнөөдрөөс бэлтгэж байгаа” гэсэн ишлэл яалтчгүй анхаарал татсан юм. Эндээс түүний ямархуу алсын хараатай, бизнес сэтгэлгээтэй хүн гэдэг нь харагдана. Энэхүү ярилцагч бол 2017 оноос бизнесийн үйл ажиллагаа явуулж, өдрөөс өдөрт өнгөлж, жилээс жилд жигдрүүлсээр улсдаа төдийгүй дэлхийд танигдсан брэнд бүтээгч эмэгтэй Г.Хаянхярваа юм.
“Хужирт цагаан” ХХК-ийн захирал Г.Хаянхярваа брэнд бүтээхийн зэрэгцээ шинэ залуу үеийнхэнд монголын уламжлалт зоог, идээ ундааг сурталчилах, ач холбогдлыг нь таниулахад ихээхэн анхаарч ажилладаг. Тиймээс Хүүхдийг Ивээх Сангаас Өвөрхангай аймагт хэрэгжүүлж буй “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөлд ментор болох төслийн сумын зөвлөлийн урилгыг хүлээн авч тасралтгүй дөрвөн жил төслийн ментороор ажиллаж байна. Энэ хугацаанд тэрээр өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцах, үндэсний уламжлалт арга технологийг орчин үеийн бизнесийн үйл ажиллагаатай уялдуулах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэгч байх тухай олон үнэтэй санал, зөвлөгөөнүүдийг төслийн төгсөгч хүүхэд, залуучуудад өгсөөр иржээ. Үүний нэг жишээ бол “Шинэ-Хөдөө эко бааз” юм. Хужирт сумын Насан туршийн суралцахуйн нэгжээс төсөлд хамрагдсан Б.Даваа-Очир, Д.Дашдондов, Г.Жамбал нар “Шинэ-Хөдөө эко бааз” байгуулан ажиллуулж байна. Тус бааз Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслөөс санхүүгийн дэмжлэг авчээ. Одоо гурван гэртэй үйл ажиллагаа явуулж, жуулчдад морь уургалах, булгиулах, бугуйлдах, хонь холбох, үхэр, ямаа саах, ааруул ээзгий хэрхэн боловсруулахыг бодитоор үзүүлэх зэрэг үйлчилгээ явуулж байна. Эдгээр залуус төслөө хэрэгжүүлэх явцдаа ментортой уулзаж, зөвлөгөө авах, бизнесийн үйл ажиллагаатай нь танилцах бүрэн боломжтой.
Г.Хаянхярваагийн хувьд “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг питч уралдаануудыг үзэж сонирхдог. Хүүхдийг Ивээх Сангийн Өвөрхангай аймаг дахь салбараас 2024 оны хавар питч эвентийн үеэр “Бизнес шаркын эрэлд” уралдаан зохион байгуулсан юм. Түүнд Г.Хаянхярваа манлайлан оролцож, Насан туршийн суралцахуйн нэгжийн залуусын бичсэн “Шинэ-Хөдөө Эко бааз” төслийг 500,000 төгрөгөөр ивээн тэтгэжээ. Гэхдээ ивээн тэтгээд зогссонгүй, тэдэнд төслөө бүтээлчээр хэрэгжүүлэх, шинэ санаа гаргахад нь зөвлөгөө өгч ажилладаг.
Г.Хаянхярваа бол брэнд бүтээгч, бизнес эрхлэгч, бас туршлагагаасаа хуваалцдаг ментор юм. Ийм үлгэрлэл орон нутагт бизнес эрхэлж байгаа, бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа залууст цаг үргэлж хэрэгтэй байдаг аж.