Зөвлөн чиглүүлэгч, сэтгэл зүйн “дасгалжуулагч”
-Бусдын амжилтын чиглүүлэгч байх түүний хүсэл мөрөөдөл бага наснаас нь эхэлжээ-
Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд таван аймагт бизнес көүч ажиллаж байна. Тэдний нэг нь Ч.Нарантуяа юм. Тэрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Насан туршийн суралцахуйн төвийн суралцагчид, аймгийн Политехник коллежийн оюутнууд, энтрепренер клубийн хүүхэд, залуустай хамтран ажиллаж байна. Мөн төслийн аймаг, сумын зөвлөл, ESEL хөтөлбөрийн багш нар болон “Сургуульд суурилсан энтрепрайз” төслийн багийнхантай ч сэтгэл нийлэн ажилладаг.
Амжилтын чиглүүлэгч байх зан төлөв түүнд багаас нь төлөвшжээ. Зах зээлийн хүнд үед төрж, өссөн тэрээр Сүмбэр өртөөний галт тэрэг дамжин бохь ширхэглэн зарж, ажил хөдөлмөрийн амтыг эрт мэдэрч, хүүхэд бүр мөрөөдлөөр дүүрэн байж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээж, тэмүүлэх ёстой гэж ухаарсан аж. Тийм ч учир хүүхдүүдийн амжилтыг чиглүүлэх көүчээр ажиллах боломжийг алдсангүй. Ч.Нарантуяа гурван ч дээд сургууль төгсөж, бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалжээ. Ажлын гараагаа Монголд хэрэгжиж байсан олон улсын анхны томоохон төслүүдийн нэг “Тогтвортой амьжиргаа-II” төслөөс эхэлжээ. “Мерси кор Монгол” ОУБ-ын орон нутгийн төлөөлөгчөөр ч ажиллаж байв. Эдгээр төслөөс маш ихийг сурч, туршлага хуримтлуулжээ.
Бага байхад хүүхдүүд суудлын галт тэрэгнээс зүүгдэн байж суугаад хоол зарж, олсон мөнгөө амьдралдаа нэмэрлэдэг байсан. Эрсдэлд орж, хөл гаргүй болох, цаашлаад амь насаа алдах нь ч байлаа. Хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүд хулгай, дээрэм хийж, гэмт хэрэгт уруу татагдаж, буруу замаар орж байлаа. Ийм хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг газар, дэмждэг хүн ч байсангүй. Ийм хүнд үеийг бид ардаа орхиж чадсан. Одоо Монголд хүүхдийн эрхийг хамгаалдаг тогтолцоо бүрдэн бэхжиж, хууль эрх зүйн актуудаар баталгаажжээ. Өнөөдөр хүүхдүүд сурч хөгжих бүх нөхцөлөөр хангагдсан байна. Бид харин өсвөр үе, хүүхэд, залуусыг бэлэнчлэх сэтгэлгээнээс холдуулж, бие даах чадамжийг нь нэмэгдүүлэх, практик ур чадварыг олгоход түлхүү анхаарах хэрэгтэй” гэж көүч Ч.Нарантуяа ярилаа.
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” эхнээсээ таалагдсан тул тэрээр бизнес көүч болохоор шийджээ. Энэ төсөл хэдийгээр өсвөр үеийн хүүхэд, залуусын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн боловч, оролцогч талууд зэрэг хөгжиж, харилцан суралцаж, хөгжих боломжтой юм. Бие биеэ хүндэтгэн, бусдыг ойлгож, сонсох, ажлын ачааллаа зөв хуваарилан, багаар ажиллах ур чадвартай болдог онцлогтой.
Төсөл анх бизнес көүчгүй хэрэгжиж эхлэхэд хөдөөгийн алслагдсан сумдад төсөл бичих хандлага бага, аймгийн хэмжээнд ердөө 1-2 төсөл дэмжигдэж байлаа. Харин 2022 оноос зорилтот таван аймагт бизнес көүч ажиллаж эхэлснээс хойш энэ тоо эрс нэмэгдсэн нь бизнес көүчийн оролцоо чухал гэдгийг харуулсан билээ.
Ч.Нарантуяа “Говьсүмбэр аймгийн зорилтот сумдын ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн бүх сурагчид, Политехник коллежийн оюутнууд, Насан туршийн суралцахуйн төвийн залуусыг хөгжих, бизнес санаа гаргах, санхүүгээ төлөвлөх, багаар хамтран төсөл бичих, хэрэгжүүлэхэд чиглүүлэн, төсөлд оролцох боломж бүрдүүлж, зөвлөж байгаа маань хариуцлагатай ажил шүү” гэж бахархалтай өгүүлэв. Тэрээр, төслийн оролцогч талууд, зөвлөх багш нартай илүү уялдаатай байж, ESEL хөтөлбөрт хамрагдаж буй хүүхэд залууст өөрийгөө таньж мэдэх, цагаа зөв зохистой хуваарилахад тусалж байна. Түүгээр ч зогсохгүй хүүхэд, залуусыг бизнес сэтгэлгээтэй болгох, төсөв санхүүгээ тооцоолж, багаар хамтран ажилладаг, төсөл бичиж, түүнийгээ хамгаалж чаддаг, үр дүнг нь үзэх хүртэл тууштай байх зан чанарт чиглүүлж ажилладаг. 2022 онд Говьсүмбэр аймгийн бизнес көүчээр ажиллаж эхлэхэд анхны төслийн уралдаанд аймгийн хэмжээнд дөрвөн төсөл оролцсоноос нэг нь л тэтгэлэг авч байлаа. Тэгвэл өнөөдөр нийт долоон удаагийн тэтгэлэгт хөтөлбөрөөр 58 төсөл дэмжигдэн санхүүжилт авч, амжилттай хэрэгжиж байна. Энэ амжилтад бизнес көүч Ч.Нарантуяагийн үүрэг, оролцоо их байсан нь дамжиггүй. Хүүхдүүд ч урам авч, дараа дараагийн төслийн уралдаанд олон баг оролцох болжээ. Баг бүрийн бизнес санааг шууд хэрэгжүүлэх боломжгүй ч Ч.Нарантуяа оролцогчдынхоо хүсэл тэмүүллийг унтраалгүй, тэдэнд тохирсон, хэрэгжүүлэх боломжтой арга барилаар төслөө өөрчлөх замаар санхүүжилт авах арга замд чиглүүлж, дасгалжуулж ажилласан байна. Төслийн шалгаруулалтад оролцоход ямар сорилт давж, юу сурах ёстойг ойлгуулж, дэмжлэг аваагүй ч урам хугарахгүй байхаар сэтгэл зүйг нь бэлтгэж байсан аж. Ингэснээр хүүхдүүд уралдаандаа өрсөлдөөнтэй оролцож, санал шүүмжийг оновчтой хүлээн авч, ухарч шантралгүй, төслөө дахин сайжруулахаар тэмүүлдэг болсон юм.
Бизнес көүч Ч.Нарантуяа өнөөдрийн байдлаар ESEL сургалтын 1000 гаруй хүүхдэд мэдээлэл, сургалт хийж, төслийн шинэ санаа гаргасан хүүхэд, залуучуудын 115 багтай ажилласнаас 58 баг нь тэтгэлэгт хамрагдсан байна. Эдгээр 58 төсөл орон нутагтаа 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, амжилттай хэрэгжиж байгаа юм. Мөн “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлж буй Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн бизнес төлөвлөгөө боловсруулах, улирал, жилийн төлөвлөгөө, тайлан гаргахад нь дэмжлэг үзүүлж байна.
Хүүхэд насандаа туулсан амьдралын бартаа нь өсвөр үеийнхнийг амжилтад чиглүүлэх көүч болгосон гэж хэлмээр санагдана. Түүний хувьд орон нутагт энтрепренершип, бизнес көүч, менторийн сэтгэлгээг түгээж, ач холбогдлыг нь ойлгуулж чадсан томоохон төслүүдийн анхдагч гэж хамт олон нь үнэлж байдаг юм билээ. Бизнес көүч Ч.Нарантуяа цаашид орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд чадваржсан бизнес зөвлөх, көүчээр ажиллах зорилго тавьжээ.
Төслийн ажилтан Б.Шүрэнчимэг