Хосолсон сургалт хөгжүүлэгч

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний урч чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн зорилтот аймгийн нэг Говьсүмбэр юм. Тус аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал Х.Амаржаргал дөрвөн удаагийн ESEL сургалтыг удиран чиглүүлж, орон нутгийн 14-25 насны 80 залууг амжилттай төгсгөсөн юм. Говьсүмбэр аймгийн Насан туршийн боловсролын төв ESEL сургалтын багш бэлтгэх хоёр удаагийн сургалтаар дөрвөн багш мэргэшүүлсний нэг нь Х.Амаржаргал билээ.

Тэрээр “Би 2020 онд тус төслийн насан туршийн ангийн багш/зөвлөхөөр ажиллах хүсэлтээ өгч  байсан нь саяхан мэт санагдаж байна. Түүнээс хойш танхимаар гурав, хосолсон нэг ангийн багш/зөвлөхөөр ажиллаж, сургалтуудаа үр дүнтэй, амжилттай зохион байгуулжээ. ESEL сургалтыг анх явуулахдаа өөртөө эргэлзэж байсан ч, төслийн багшаар бэлтгэгдэх явцад сургалтыг үр дүнтэй зохион байгуулахаас эхлээд олон шинэ арга зүйд суралцсан юм. Хувь хүний үзэл бодолд багагүй эерэг өөрчлөлт гарч, өөртөө итгэлтэй болсон” хэмээн ярьж байлаа. Түүний хэлсэнээр ESEL сургалт орон нутгийн хүүхэд, залуучуудын хувь хүний хөгжил, харилцаа хандлагыг өөрчилж, бизнес сэтгэлгээ хөгжүүлж, бусдыг болон өөрийгөө таньж мэдэх чадварт сургаж, боловсролын хөтөлбөрт тэр бүр байдаггүй ч өнөө цагийн залууст зайлшгүй хэрэгтэй ур чадваруудыг хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун явдаг ажээ.

Тэрээр “Сургалтад хамрагдсан залуусын эзэмшсэн боловсрол, мэдлэг, ур чадвар, амьдрах орчин, ааш араншин өөр учир багшийн хувьд шинэ арга зүйд суралцаж, “сэтгэл зүйч” хэмээх мэргэжлийг давхар эзэмшиж байгаатай адил байлаа” гэж тодотгосон юм.

ESEL сургалтын танхим болон  хосолсон хэлбэр нь алслагдсан багийн залуус болон хүүхдээ харж буй залуу ээжүүдэд үнэлж баршгүй их оюуны хөрөнгө оруулалт болсон юм. Тухайлбал, ESEL сургалтад сурахыг хүссэн ч амжихгүй байгаа, алслагдсан багт амьдарч буй малчин залуус, хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүдэд боломж олгож, сургалтын шинэлэг арга зүйгээр сургаж, хөгжих, боловсрох маш том боломж өгсөн нь хосолсон сургалтын онцлог байв. Сургалтад хамрагдсан залуус мэдлэг ур чадвараа ашиглаж, бичил бизнесээ туршиж, бодит ажил, үйлчилгээ нэвтрүүлэн, нийгэмдээ төдийгүй бусад үе тэнгийн залуучуудад үлгэрлэн, нэг шатаар ахиж дэвшиж, байнгын суралцаж байдаг нь энэ төслийн үр өгөөж юм.

Хосолсон сургалт нь багшийн хувьд орон зайг үл харгалзан хүрч ажиллах боломж олгодог. Мөн ажил амьдралаа ч зохицуулах, тухайн хичээлээ судлах цаг гаргаж өгдөг. Гэвч зайнаас буюу дэлгэцийн цаанаас тухайн суралцагчийг танин мэдэх, илүү ойртон ажиллахад хүндрэлтэй байсан тул Х.Амаржаргал багш ангийн групп чат нээн, өдөр бүр мэдээллээ солилцож, харилцаа холбоо үүсгэснээр бэрхшээлийг шийджээ. Тэрээр, тухайн багийн хүсэлтийн дагуу зарим сэдвийг танхимаар заахаас гадна алслагдсан багийн Засаг дарга нартай хамтран ажиллаж байна. Ингэснээр хамтын ажиллагаа өргөжиж, малчин залуусыг идэвхжүүлж, тэдэнд мэдээллээ цаг алдалгүй хүргэх болжээ.