Говьсүмбэрийнхэн аймгаараа хамтардаг
Хүүхдийг Ивээх Сангаас Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төсөл эхлэхэд, бидэнд тулгарсан эхний асуудал бол зөвхөн сургуулийн үйл ажиллагаа байх уу эсвэл тал, талаасаа нэгдэн оролцсон нийтийн хүчин чармайлт байх нь илүү үр дүнтэй юу гэсэн салаа асуулт гарч байсан юм. Мэдээж, шууд хамааралтай, чиг үүргийн, цөөхөн хүмүүстэй хамтран ажиллавал хялбар байна. Гэхдээ төслийнхөө зорилгыг харахад өргөн хүрээний хамтын ажиллагаа чухал байлаа. Ингээд Төслийн аймгийн зөвлөл (ТАЗ), Төслийн сумын зөвлөл (ТСЗ) байгуулж, зөвлөлийн үйл ажиллагаанд баримтлах жишиг журам гарган хэрэгжүүлсэн нь оновчтой шийдэл болсон.
Хүүхдийг Ивээх Сан 2020 оны 2 дугаар сарын 6-нд Аймгийн Засаг даргатай төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь төслийг талархан хүлээн авч, нэг үндсэн үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна. Удалгүй Засаг даргын захирамж гарч, ТАЗ-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содномоор ахлуулан байгуулсан. Зөвлөлийн гишүүдэд холбогдох газар, хэлтсийн дарга нар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбарын дарга, Политехник коллежийн захирал, Насан туршийн боловсролын багш нарыг сонгосон нь төслийг тэдгээр байгууллагын үндсэн үйл ажиллагаатай уялдуулах боломж олгосон юм. Тухайлбал, тус аймагт Насан туршийн боловсролын төв байгуулагдаагүй байсныг тус зөвлөлөөр хэлэлцэж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан шинээр байгуулж, орон тоо, төсөв хөрөнгө, байрны асуудлыг шийдсэн нь төслийн хэрэгжилтэд төдийгүй орон нутгийн залуучуудад үнэтэй хувь нэмэр болж байна.
ТАЗ-ийн гишүүд төслийн үйл ажиллагааг салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулахын зэрэгцээ, хүүхэд, залуучуудын санаачилсан үйл ажиллагааг тухайлан дэмждэг туршлага бий болж, өргөжин дэлгэрч байна. Зөвхөн ТАЗ-ийн гишүүд гэлтгүй аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга нар хүртэл бичил төсөл хэрэгжүүлж байгаа сургуулийн гаднах залуучуудын нэг, нэг багийг хариуцан, ментороор ажиллаж, дэмжлэг үзүүлсэн юм. Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн энтрепренер клубийн сурагчдын санаачилсан “Гэрэл түгээе” аяны хүрээнд орон нутгийн байгууллагууд, багийн иргэд, айл өрхийн дэмжлэгтэйгээр хөрөнгө босгон, орон сууцуудын орцыг гэрэлтэй болгосон нь олон нийтийн талархал хүлээсэн аж. Сумын Засаг даргын Тамгийн газар сурагчдын энэхүү санаачилгыг талархалтай хүлээн авч, СӨХ-үүдтэй хамтран бүх байр, орон сууцны орцны гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хүүхдүүдийн аливаа санаачилгыг төр, захиргааны байгууллагаас дэмжвэл орон нутгийн зарим асуудлыг шийдвэрлэх гарц, боломж байгааг уг хамтын ажиллагаа харуулж чадсан юм.
ТАЗ-д холбогдох байгууллагуудын дарга нар гишүүнээр ажилладаг боловч, тухайн байгууллагын ажилтнууд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог. Тухайлбал, дарга нь ирж амжихгүй бол ажилтан нь ТАЗ-ийн хуралд орлож оролцох, үндсэн чиг үүрэгтэйгээ уялдуулан ажиллах соёл нутагшиж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд бичил төсөл шалгаруулах багт шүүгчээр ажиллахын зэрэгцээ, Политехник коллежийн бичил төсөл хэрэгжүүлж байгаа багийн санаачилсан оюутнуудын цагийн ажлын зуучлалын төвийн үйл ажиллагааг дэмжиж байна. Аймгийн Боловсролын газраас байгууллагуудын удирдлагын шуурхай зөвлөгөөнд Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн туршилтаар хэрэгжүүлж буй “Боржигон хөгжлийн төв” сургуульд суурилсан энтерпрайз санаачилгыг танилцуулан, тус төвийн зохион байгуулж буй сургалтуудад ажилтнаа оролцуулах, төрийн байгууллагуудын сургалтыг тус төвд түрээсээр зохион байгуулах боломж бий болгов. Улмаар Орон нутгийн хөгжлийн сангаас 36 сая төгрөгөөр “Боржигон хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаанд хэрэгтэй байсан сургалтын тоног төхөөрөмж, таблет, Боловсролын яамны 79 сая төгрөгийн санхүүжилтийг босгож чадсан нь орон нутгийн хамтын ажиллагааны нэг үр дүн байлаа. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын дарга, ТАЗ-ийн дарга Д.Содном ажлынхаа үр дүнгийн талаар “Ер нь Монголчууд бусадтай нээлттэй харилцах чадвар язгуурын сул, бүрэг ичимхий хандлагатай улс. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төсөл энэхүү зан чанарыг бүрэн засч чадсан гэж би боддог. Тиймээс цаашид уг төслийг төрийн байгууллагууд дэмжиж, төслийн үйл ажиллагаа, арга зүйг орон нутагтаа нутагшуулан авч үлдэх нь чухал байлаа. Төслийн тогтвортой байдлыг хангахад манай зөвлөл анхаарлаа хандуулна. Аймаг, орон нутгаас дэмжин, тодорхой санхүүжилт, нөхцөл бүрдүүлэх боломжтой” хэмээн ярилаа.
Төслийн аймаг, сумын зөвлөл байгуулан, чиг үүргийг нь тодорхойлж, гишүүн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаатай уялдуулан, хамтын ажиллагаа, оролцоо бий болгосон нь боловсрол, хүүхдийн хөгжлийн төлөө орон нутгаараа нэгдэн ажиллах хандлага төлөвшихөд дэмжлэг болж байна.