Мөрөөдлийг минь хөгжүүлсэнд баярлалаа

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн бага ангийн багш Ж.Цэндсүрэн мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байна. Эдүгээ тавдугаар ангид хичээл зааж буй тэрээр, Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран Хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн “Модуль 1”, “Модуль 2”, “Сайн эцэг эх” сургалтад хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн байна.

“Багш биднийг  агуулга сайтай, багтаамж ихтэй, шинэ арга зүйтэй,  чанартай сургалтад урьж,  боловсруулж хөгжүүлсэнд төслийн хамт олонд гүнээ талархаж байна. Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулж байгаа сургалтууд агуулгын хувьд  маш их мэдээлэлтэй, логик дараалалтай, арга зүйн хувьд богино хугацаанд өргөн ойлголт өгсөн, суралцагчаар бодуулсан, ажиллуулсан, эргэцүүлэн дүгнүүлсэн, сонирхолтой, халуун дулаан уур амьсгалтай явагдаж байсныг онцлон дурдмаар байна.  Би сурсан мэдсэнээ бусад багш нар, эцэг эхчүүдэд  зааж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлж, өөрийн гэсэн арга зүй, туршлагатай болж байгаа” гэж Ж.Цэндсүрэн багш сэтгэл хангалуун ярилаа.

Жаргалант сумын 1-р сургуулийн багш нар сургагч багш Ж.Цэндсүрэнгээр дамжуулан  хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлж, илүү зөв хандлага, мэдрэмжтэй болжээ. Тухайлбал, тэд өмнө нь “Хүүхэд хамгаалал” бол сургуулийн нийгмийн ажилтны хийх ажил гэж ойлгож байсан нь ташаа байсныг ярьж байна. Урьд нь  ширээ цохиж, хүүхдүүдээ “айлгаж” хүмүүжүүлэхийг хичээдэг байснаа одоо эерэг аргаар, уурлаж, бухимдалгүй учир байдлыг ойлгуулж харилцаж сурсан ажээ. Загнаж зандрах биш, урам зориг өгч, алдаа гаргасан ч ахин оролдож хичээхэд нь дэмжвэл хүүхэд сурах боломж бололцоотой гэдгийг тэд анзаарчээ. Ж.Цэндсүрэн багш ангийн хүүхдүүдээсээ тэдний сайн сайхан байдалд нөлөөлдөг гадна ба дотно орчны судалгаа авчээ. Тухайлбал, сурагч гэрээс сургуульд ирэх замд ямар эрсдэлтэй тулгардаг, сошиал хэрэглээндээ хяналт тавьж чаддаг уу гэдгийг мэдсэний дараа эцэг, эхтэй нь холбогдож, эрсдэлийг бууруулах чиглэлд урьдчилан сэргийлэх боломжтой бүх л арга хэмжээний талаар ярьж зөвлөлджээ. Тэдэнтэй тусгайлан цаг гарган уулзаж, яаж сайн аав, ээж байх талаар  ярилцдаг болов. Сургагч багш Ж.Цэндсүрэн ангийнхаа хүүхэд бүрийн ар гэрээр орж, амьдрал ахуйг нь үзэж танилцжээ.  Ангийн дүрмийг хүүхдийн оролцоонд тулгуурлан, ангидаа хэрэгжүүлж эхэлжээ. Ангидаа хүүхдүүдийн стресс тайлах, булчин суллах хөгжимт дасгал хийж хэвшив.

Тэрээр “Өмнө нь чадлаараа л ажиллаж байна гэж боддог байсан ч, надад хүүхдийг суралцахад дуртай болгох, тэднийг хамгаалах талын мэдлэг байхгүй байсан юм билээ. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ачаар  хүүхэдтэй болон эцэг эхтэй харилцах үр дүнтэй, шинэлэг арга барилд суралцлаа. Бага ангийн багш бол миний багын мөрөөдөл юм. Хүүхэд байхдаа багш дэвтэр засах, самбарт бичих нь сайхан санагддаг байж билээ. Гэвч амьдрал дээр өөр байсан. Би сайн багш болж, цаашид мэргэжлээрээ илүү хөгжиж, амжилт гаргах болно. Хүүхдийг Ивээх Сангийн энэ төсөл надад мөрөөдлөө хөгжүүлэх боломж олгосонд баяртай байна” хэмээн ярилаа.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл сургуулийн орчинд хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааны сайн зохицуулалт, хяналтын тогтолцооны загвар бий болгоход чиглэж байгаа юм. Сурагчдад эрхийг нь мэдүүлж, эрхийн зөрчлийг таньдаг болгож, эрхийн зөрчил гарвал хэнд, хаана, хэрхэн хандахаа ойлгож, улмаар аливаа эрсдэлтэй үед өөрийгөө халамжлах болон үе тэнгийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ур чадварт суралцах ач холбогдолтой билээ. Түүнчлэн, хүүхэд хамгааллын асуудлаар хүүхдийн дуу хоолойг холбогдох байгууллагуудад хүргэж, бодлого журмуудад тусгах зорилготой.

“Багш хүн шавь нарынхаа төдийгүй аав, ээжийнх нь ч багш юм. Маш их үүрэг хариуцлага хүлээдэг. Би энэ үүргээ биелүүлэхэд төслийн сургагч багш болсон минь том хувь нэмэр болсон” гэж Ж.Цэндсүрэн багш нэмж хэлсэн.