Эрүүл хүнс тариалдаг Эко сургуулийнхан
-Экологи болон амьдрах ухааны ур чадвар олгодог төрөлжсөн сургууль болох зорилготой-
Ховд аймгийн Зэрэг сум бол эрс тэс уур амьсгалтай, газар тариалан эрхлэхэд бэрх, гөлтгөнөтэй давсархаг хөрстэй газар. Тэгвэл энд эрүүл чанартай хүнсний ногоог тариалж, сургуулийн хүүхдүүд болон сумын иргэддээ үйлчилж буй хамт олны амжилтын түүхийг хуваалцаж байна.
Ховд аймгийн Зэрэг сум нь аймгийн төвөөсөө 160 км, нийслэл хотоос 1284 км алслагдсан, эрс тэс уур амьсгалтай, салхины хурд 14- 55 м/сек хүртэл шуурдаг онцлогтой. Сумын нутаг дэвсгэрийн хөрс нь гөлтгөнөтэй давсархаг учраас газар тариалан эрхлэхэд төдийлөн зохимжтой биш хэмээн судлагдсан байдаг. (Сургуульд суурилсан энтерпрайзийг хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох судалгааны тайлан О.Бүрэнжаргал 2021 он)
Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургууль нь Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд төсөл хэрэгжүүлж буй 5 аймгийн зорилтот сумдын сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Сургуульд суурилсан энтерпрайз” (ССЭ) хэрэгжүүлэх төслийн уралдаанд “Эко хүнс” төслөөр шалгарч 107.5 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Энэхүү санхүүжилтийн хүрээнд хүлэмжийн болон гадна талбайн тариалалтад шаардлагатай багаж төхөөрөмж, хашаа хайс, үр үрсэлгээ авч, хоёр хүлэмж барьсан байна. Орон нутгаас нь гадна талбайн тариалалт эрхлэх 4 га газрыг шийдэж өгсөн тул үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
“Эко хүнс” ССЭ нь Удирдлагын баг, сургалт судлагдахууны баг, маркетинг борлуулалтын баг, тариалалтын баг, гадаад харилцаа хөрөнгө оруулалтын баг, сурагчдын клуб гэсэн бүтэцтэй бөгөөд үйл ажиллагаанд нь энтрепренер клуб, эко клубийн сурагчид бусдыгаа манлайлан оролцохоос гадна сургуулийн нийт багш, ажилчид гар бие оролцон тариалалт, арчилгаа, хураалтыг хамтдаа хийж сургууль бүхлээрээ ажиллаж бодит үр дүнг бий болгож байна. Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч Б.Анар “Манай сургууль гоё хүлэмж, ногооны талбайтай. Бид нар ангиараа очиж ногооны талбайн чулуу түүж, хүлэмжинд үрсэлгээ бэлдэж ургуулдаг. Манай ангийнхан ээлжлээд усалдаг. Очих бүрт цэг шиг жижигхэн байсан үр том болон ургаж байгааг харах үнэхээр гоё. Дотуур байрандаа өөрсдийнхөө тарьсан ногоотой хоолыг идэх бүр ч гоё. Би ногоо тарьж ургуулах мэдлэгтэй болсондоо баяртай байгаа” хэмээн ярилаа.
Багш бүр “Эко хүнс” ССЭ-ийн үйл ажиллагааг судлагдахуунтай уялдуулах боломжийг эрэлхийлж, хичээл төлөвлөлтөө хийж, сурагчид ССЭ-г олон нийтэд таниулах, нөлөөлөх ажлуудыг санаачлан хийдэг бол зуны амралтаар нярав, сантехникч нар тариалалтын усалгаа, арчилгааг голлон хариуцаж ажилладаг.
Сургуулийн хамт олонд анх ногоо тарьж байсан туршлага дутмаг байв. Тиймээс Эко хүнс ССЭ-г амжилттай хэрэгжүүлэхийн тулд Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежийн газар тариалангийн зөвлөх багш нараас Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгээр гурван удаа сургалт авч, тариалалт эрхлэх мэдлэг, арга зүй, ур чадвараа нэмэгдүүлсэн байна. Тэдний хамт олонд ССЭ-г хэрэгжүүлэхэд олон саад бэрхшээл тулгарч байсны нэг нь Зэрэг сумын эрс тэс цаг агаарын байдал байлаа. 2023 оны хаврын 28м/c хурдтай шуурганд 1 хүлэмж нь хийсэж унасан ч, үлдсэн нэг хүлэмж болон 1 га гадна талбайн тариалалтаас 3.1 тонн хүнсний ногоог хурааж, сургуулийн үдийн цай, дотуур байрны хүнсэнд нийлүүлэхээс гадна сумын иргэдэд борлуулж 5.7 сая төгрөгийн орлого олжээ.
Тэд хавар бүр үр үрсэлгээгээ сурагчдынхаа тусламжтай бэлтгэж, хүлэмжиндээ чинжүү, улаан лооль, 2 төрлийн өргөст хэмх, юуцай зэрэг нарийн ногоо, гадна талбайдаа тарвас, төмс, байцаа, чацаргана тариалдаг. Ногоо хураалтаа 9-10 дугаар сард явуулж, сургуулийнхаа гаднах борлуулалтын цэг болон хүргэлтээр зардаг аж. Мөн жил бүрийн намар зохион байгуулдаг “Манай сургууль-Малчны хотонд” аяны хүрээнд ургацын дээжээ багуудын төвд хүргэж, малчдад үйл ажиллагаагаа танилцуулж, ногоогоо борлуулдаг. Хүүхдүүдийнх нь гар бие оролцож, тарьж ургуулсан эрүүл хүнсний ногоог эцэг эхчүүд худалдан авахдаа баяртай байдаг байна. Цаашид тариалалтын ногооны төрлөө нэмэгдүүлж, багц бүтээгдэхүүнүүд гаргахаар төлөвлөж “Eco food” гэсэн логотой болжээ.
Сургуулийн захирал Ч.Төмөрмөнх “Монгол Улсын хэмжээнд ССЭ-г хэрэгжүүлж буй анхдагч 6 сургуулийн нэг болж шинэ туршлага бий болгож, боловсролын салбараа түүчээлж байгаагаа өндөр хариуцлага гэж боддог. Цаашдаа баруун бүсийн жишиг ССЭ болж үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэв.
“Эко хүнс” ССЭ нь эрүүл хүнс тариалахаас гадна Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдадаа эрүүл хооллолт, хүнсний ногооны ашиг шимийн талаар мэдлэгтэй, байгалийн ухааны туршилт, судалгаанууд хийх чадамжтай, экологийн болон амьдрах ухааны ур чадвартай болгох зорилгоор хүлэмж, гадна талбайг дадлага туршилтын баазаар ашиглаж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төрөлжсөн сургууль болохоор зорин ажиллаж байна.