“Хүнлэг байя” нөлөөллийн аян Ховд аймагт эхэллээ

“Хүнлэг байя” нөлөөллийн аян Ховд аймгийн аймгийн Хөгжим драмын театрт 2024 оны 10 дугаар сарын 15-нд нээлээ хийлээ. Аян тус аймгийн Дарви сумын Соёлын төвд 2024 оны 10 дугаар сарын 18-д мөн нээлтээ хийх юм. Энэхүү аяныг Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс явуулж байгаа юм. Үүгээр сургуулийн сурагчдад зайлшгүй эзэмшүүлэх ёс зүй, үнэт зүйлсийн талаар мэдээлэл хүргэх, мэдлэг олгох, цаашлаад хандлагыг нь өөрчлөх зорилготой юм.

 

Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн зохицуулагч Ж.Батцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Энэ нөлөөллийн ажлыг зохион байгуулснаар өөрийгөө халамжлах, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг ойлгон хүндлэх, бусдад санаа тавих, эх дэлхий, эх хэлээ хайрлан хамгаалахын чухлыг ойлгуулах, үе тэнгийн дээрэлхлийг бууруулахад хувь нэмэр оруулах юм. Бид тус үйл ажиллагааг нэг удаагийн арга хэмжээ байлгахыг зориогүй бөгөөд бидний боловсруулсан контентуудыг сургуулиуд цаашид үргэлжлүүлэн ашиглаж, хүүхдийн төлөвшил, зан төлөв, хандлагад нөлөөлсөн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна” хэмээн онцлов.

Уг аян 2024 оны 10-12 дугаар сард үргэлжлэх бөгөөд төслийн зорилтот 14 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид, багш ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдад шууд, бусад ЕБС-ийн сурагчид, багш ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтэд шууд бусаар хүрэх юм. Мэдээллээ сошиал, сонин, сургуулиудын дотоод холбоо гэх мэтийн олон сувгуудаар постер, зөвлөгөө видеогоо, харин стикер, даавуун тор, энгэрийн тэмдэг, эцэг эхийн дэвтэр, багшийн хавтас зэрэг хэлбэрээр хүргэх юм. Ховд аймаг дахь аяны үйл ажиллагаанд 500 гаруй эцэг эх, 400 хүүхэд, 140 орчим багш ажилтнууд оролцож байна.

 

Нөлөөллийн ажлын үед “Хүнлэг байя” хүүхэд танаас суралцдаг сэдэвт илтгэл, “Тогтуун тайван байж бодлоо цэгцлэх нь” бясалгал, Сэтгэлийн хат ба бусдад зориулах сэтгэл гэж юу вэ? эцэг эх хүүхдээ халамжлах зөвлөгөө бичлэг, “Хүнлэг байя” Ойлгоё, хүндэлье, хайрлая сэдэвт илтгэл, Сэтгэл хөдлөлөө удирдах, дасгал, ярилцлага зэрэг эцэг эх хүүхдүүдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Дашрамд өгүүлэхэд Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хот, Говь-Алтай, Ховд аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Төсөлд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдаж байна.