БНСУ-ын сэтгүүлчид Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжиллаа
-БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтаар хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөлтэй танилцав-
БНСУ-ын томоохон телевизүүдийн нэг MBC телевизийн ажилтнууд болон БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн мэдээллийн багийнхан 2024 оны 10 дугаар сарын 20-26-нд Монголд ажиллалаа. Сэтгүүлч, хэвлэлийн багийнхан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Мөнххаан, Сүхбаатар, Халзан суманд ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт нүүдэлч малчдын ахуй амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, ямар байдлаар даван туулж, зохицож байгааг сурвалжиллаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сурагчдын дотуур байранд амьдардаг малчдын хүүхдүүдийн төлөөлөл болох сурагч О.Сүхбаатар, И.Нарантусгал нартай уулзаж, ярилцав. Мөн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн малчин М.Дамдиндорж, Халзан сумын малчин Э.Хүдэрбаатар нарын гэрээр зочилж, амьдрал ахуйтай нь танилцаж, уур амьсгалын өөрчлөлт тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, өнгөрсөн өвлийн зудын хохирлын талаар ярилцсан юм. Түүнчлэн сэтгүүлчид Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж, уур амьсгалын өөрчлөлт болон өнгөрсөн өвлийн зудны нөлөөлөлд өртсөн малчдын ахуй амьдралын талаар асууж, тодрууллаа.
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын стратегийн захирал И Чэ Гуан “MBC телевиз болон БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн багийнханд дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Миний хувьд Сүхбаатар аймаг, тус аймгийн Сүхбаатар болон Монголын зүүн аймгийн бусад олон суманд очиж үзээд уур амьсгалын өөрчлөлт малчин өрх, хүүхдүүд, тэдний ахуй амьжиргаанд асар их нөлөө үзүүлж байгааг харлаа. Сэтгэл маш их өвдөж байна. Би малчин айлд очоод зудад бараг бүх малаа алдсаныг хараад үнэхээр харамссан. Энэ бол бүх зүйлээ л алдсан гэсэн үг. Гэхдээ тэдний хувьд зудын гамшигаас гарахыг үнэхээр хүсч байгаа нь харагдлаа. Би Хүүхдийг Ивээх Сангийн малжуулах төсөл тэдгээр өрхийн эдийн засгийг нь сэргээхэд бодит дэмжлэг болж байгааг үзээд үнэхээр баярласан. Энэ аялал надад Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлын талаар шинэ ойлголт өглөө. Биднийг хүлээн авч, бидний аялад дэмжлэг үзүүлсэн та бүхэнд дахин баярлалаа” гэлээ.
Үүнээс гадна БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтаар нийслэлийн Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлтэй танилцаж, Эко клубын сурагчидтай уулзав. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Х.Анхбаяр сэтгүүлчдийн багийнханд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн бороо, үер зэрэг байгалийн гамшигуудын давтамж нэмэгдэж, гарсан хохирлыг арилгахад санхүүгийн үүсвэр шаарддаг талаар танилцууллаа.
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Хэвлэл, мэдээллийн албаны Ахлах менежер Сангмин Нагаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Би Ахлах менежерийн хувьд энэ удаагийн хэвлэл мэдээллийн аяллыг төлөвлөхдөө өөрийгөө Монголын талаар сайн ойлголттой байгаа гэж бодож байлаа. Гэхдээ энд өөрийн биеэр ирж өнгөрсөн өвлийн зуд малчдад ямар хэмжээний хохирол учруулсныг мэдсэн. Ихэнх малаа алдаж, амьжиргааны баталгаагүй болсон малчдад маш их харамслаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хүүхдүүд илүү өртөх магадлалтай. Бид уур амьсгалын өөрчлөлтийн гамшигийг зогсоож чадахгүй ч хүүхдүүдийг гамшигаас сэргийлэхэд бэлтгэж чадна. Тиймээс Хүүхдийг Ивээх Сангийнхан тэднийг бэлэн байлгахын тулд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Эцэст нь хэлэхэд, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд халуун дулаан, эелдэг, найрсаг байсныг дурдмаар байна. Бидний хүмүүстэй уулзаж, ярилцлага, сурвалжлага авахад та бүхний дэмжлэг маш их байсан. Баярлалаа” хэмээн хэллээ.
Хүүхдийг Ивээх Сангийн 2023 онд “Үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл-2023” хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийг санхүүжүүлэгчдийн нэг нь БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан байв. MBC телевизийн багийнхан уг төсөлд хамрагдаж, тусламж авсан Баянзүрх дүүргийн иргэн Г.Мөнхдэлгэрээс ярилцлага авлаа. Мөн Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэвтэй уулзаж, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох, сааруулах арга хэмжээний талаар тодруулав.
Энэ удаа БНСУ-ын МВС тeлeвизийн баг сэтгүүлч, найруулагч, зураглаачийн бүрэлдэхүүнтэй ирсэн юм. Тус телевизийн сэтгүүлч Жиюун Ли “Юуны өмнө энэ боломжийг олгосон та бүхэнд их баярлалаа. Учир нь Монголын бодит амьдралыг мэдэх тийм ч амаргүй. Бид тав хоногийн хугацаанд Монголын амьдралыг газар дээр нь үзсэн болохоор мэдээ, нэвтрүүлгээ илүү сайн бэлтгэхэд их тус болсон. Баярлалаа” хэмээн ярилаа.
Сэтгүүлчдийн багийнхан Монголд бэлтгэсэн эдгээр сурвалжилгуудаараа мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж, цацах юм. Энэ удаагийн аяллыг Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан болон БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийнхан хамтран зохион байгууллаа.