Нутагшсан санаачилгууд буюу төгсгөлгүй эхлэл
Хүүхдийг Ивээх Сан Өвөрхангай аймагт 2012 оноос үйл ажиллагаа явуулж, урт, богино хугацааны 10 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тус аймгийн үе үеийн удирдлагууд ХИС-гийн аливаа төслийг бүх талаар дэмжиж, төслийн аргазүйг нутагшуулан авч үлдэхийг чармайн, үр дүнтэй хамтран ажилласан нь онцлог юм. Тэр дундаас “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний үр чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг цохон дурдъя.
Уг төсөл нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Богд, Гучин-Ус, Сант, Хархорин, Хужирт, Уянга гэсэн 7 зорилтот сумын зорилтот 13 ЕБС, 7 НТСН-д хэрэгжсэн. Өвөрхангай аймагт “Төслийн аймгийн зөвлөл” /ТАЗ/-ийг аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 24-нд байгуулав. Аймгийн Засаг даргын орлогч ахалсан 11 гишүүнтэй уг Зөвлөл нь төслийн үзэл баримтлалыг орон нутгийн хөгжлийн бодлогын бичиг баримтуудтай уялдуулахыг хичээсэн нь үр дүнтэй байлаа. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төслийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх талаар тусгайлан заалт оруулсан нь их зөв алхам болсон билээ. Аймгийн Засаг дарга энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр зорилтот сумдаас тайлан авч, сумын Засаг дарга нартай мэдээлэл солилцон ажилласан байна.
Аймгийн НБХ, БГ, НТСТ зэрэг гол хамтрагч байгууллагууд 2022 оноос эхлэн жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд төслийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тодорхой ажил тусган, хэрэгжилтийг дүгнэдэг болжээ. Аймгийн БГ-аас төсөл хэрэгждэг бүх зорилтот сургуулийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгуулахдаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг нь харгалзан үздэг болсон билээ.
Орон нутгийн удирдлага, зорилтот байгууллагууд, төсөл гэсэн гурвалсан хамтын ажиллагааны үр дүнд бусад аймагт үлгэр жишээ болохуйц амжилт бүтээл бий болсон юм. Тухайлбал, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний үр чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслөөс бичил санхүүжилт авч, төслүүдээ хэрэгжүүлж байгаа багуудыг дэмжихийн тулд тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвөөр дамжуулан элдэв татвар, түрээсгүй борлуулах боломж олгосон нь орон нутгийн зүгээс томоохон дэмжлэг болов. Өнөөдрийн байдлаар нийт 4 сумын 11 төслийн 1,371,000 төгрөгийн борлуулалт уг төвөөр дамжин хийгдээд байна.
ТАЗ-өөс Өвөрхангай аймгийн Залуучуудын хөгжлийн ХГБЗХХГ, НТБТ-тэй хамтран 2023 оны 3 дугаар сард “Залуучуудын чуулга уулзалт” зохион байгуулсан нь Гучин-Ус, Хужирт, Сант сумын НТСН-д ESEL хөтөлбөрийн нэмэлт элсэлтүүд авах нөхцөл бүрдүүлсэн юм.
ТАЗ-өөс санаачлан 2023 оны 5 дугаар сард “Орон нутгийн дэмжлэгийн баг” байгуулж Богд сумын 1 дүгээр сургуульд хэрэгжиж байгаа “Өглөөний цайг өөртөө” ССЭ төслийн багт зөвлөн тусалжээ. Аймгийн БГ-тай хамтран “Өсвөрийн энтрепренерүүд” клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Бид шинэ зууны манлайлагчид” 3 сарын аянг зохион байгуулсан нь клубүүдийг идэвхжүүлж, үйл ажиллагааг нь олон нийтэд таниулж, гишүүдийн тоог нь нэмсэн юм.
Бичил төсөл хэрэгжүүлж байгаа ЕБС-ийн 5, НТБТ-ийн 2, Политехник коллежийн 1 төсөл аймгийн үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ танилцуулж оролцсон ба төслүүдийн нийт борлуулалтын орлого 2,251,500 төгрөг байв. Түүгээр зогсохгүй уг арга хэмжээний үр дүнд бичил төсөл хэрэгжүүлэгчид 375,000 төгрөгийн бүтээгдэхүүний захиалга авсан байна. Мөн зарим сумын төсөлд хамтран ажиллах санал ирсэн байна.
ТАЗ-өөс санаачлан 2023 оны 3 дугаар сард “Шаркуудын эрэлд” аянг зорилтот сумдад зохион байгуулсан. Сант, Гучин-Ус, Хужирт, Бат-Өлзий суманд “шарк”-уудын дэмжлэг авч, Питч 7 уралдаанд орж байгаа багуудад нийт 3,800,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна. Түүнчлэн сумын залуусын санаачилсан төслийг ажлын байраар хангасан нь бичил санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж байгаа багуудад маш том дэмжлэг болсон юм.
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний үр чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл энэ мэтээр орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр амжилтад хүрсэн нь төслийн санаачилга нутагшиж, эхлүүлсэн ажил нь төсөл дууссан ч цаашид төгсгөлгүй үргэлжлэх боломж олгосон билээ.