Америк жортой амттанг дэргэдээсээ…
Уралдаант питч шалгаруулалтын үеэр “Бид сургуулийн орчинд эрүүл, шинэ бүтээгдэхүүнээр суралцагч, багш нартаа үйлчилж, сургууль маань хоолны газаргүй байгаа нэг асуудлыг шийднэ. Бидний бэлтгэсэн бүтээгдэхүүнийг та бүхэн амтлаарай” хэмээн тайзан дээрээс итгэл төгс танилцуулж, үзэгчдэд амталгаа явуулж байсан хүүхдүүд өнөөдөр амалсандаа хүрчээ. Тэдний үйл ажиллагааг сургуулийн захиргаа дэмжин буфет ажиллуулах газрыг тохижуулж өгсөн байна. Түүнчлэн Америк технологи, жорыг сайн дурын багш Стин Миллер тэдэнд заасан байна. Эдгээр хүүхдүүд бол Сүхбаатар аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн “Тогоочийн анги”-ийн суралцагчид юм.
“Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренер боловсрол олгох” төсөл Сүхбаатар аймгийн зорилтот Онгон, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдад амжилттай хэрэгжиж зорилтот бүлгээ тэлэн Мэргэжлийн боловсролын сургуульд хэрэгжүүлж туршиж үзжээ. Үүгээр ч барахгүй хичээлийн албан ёсны хөтөлбөрт орж байгаа юм. Туршилтын хугацаанд хүүхдүүд ESEL хөтөлбөрт хамрагдаж, төсөл бичих чадварт суралцаж, бичил төслийн шалгаруулалтад оролцох боломжтой байв. Энэ боломжийг атгаж чадсан суралцагчид бол “Тоорхон” багийн гишүүн Р.Азжаргал, Б.Хулан, А.Мөнхцэцэг, Б.Сүнжидмаа нар. Тэд мэргэжилдээ их дуртай. Үргэлж өсөн дэвшихийг хичээдэг нэг ангийн найзууд. Тэд сургуулийнхаа хоолны газар байдаг нэг асуудлыг олж харсан байна. Мэргэжлийн боловсролын сургуулийн нэг онцлог нь Ерөнхий боловсролын сургууль шиг ерөнхий эрдмийн хичээлээ үзэхийн зэрэгцээ мэргэжлийн хичээлээрээ суралцдаг тул сургууль дээрээ олон цагийг өнгөрөөдөг. Хүүхдүүд үдийн цайны цагаар сургуулиас зайтай байрлах дэлгүүр лүү явж, түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүн авдаг. “Тоорхон” багийн гишүүд өөрсдийн мэргэжилдээ үндэслэн сургуульдаа эрүүл, шинэ бүтээгдэхүүн хийж борлуулах мөрөөдөлтэй байжээ. ESEL хөтөлбөрт хамрагдаж, хувь хүний чадварт суралцсан төдийгүй бизнес санаагаа төсөл болгон бичих, бусдаас хэрхэн дэмжлэг авах чадварт суралцаж, төслийн санхүүжилт авсны зэрэгцээ сургуульдаа тулгарч байсан нэг асуудлыг шийдэж чадсан байна. Сургуулийн захиргаа тэдний төслийг дэмжин тогоочийн ангийн тоног төхөөрөмжийг ашиглуулахын зэрэгцээ буфет ажиллуулах талбай гаргаж өгсөн нь том дэмжлэг болжээ.
“Тоорхон”-ныхон үе тэнгийнхнийхээ эрүүл мэндэд санаа тавин цаг хугацааг нь хэмнэж байгаа ч тэд өөрсдөө зав багатай суралцагчид. Хичээлийнхээ хажуугаар түүхий эдээ худалдан авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, шинээр нь худалдана гэдэг бол хувийн зохион байгуулалт шаардсан ажил. Р.Азжаргал “Бид цагийн менежмент, хувийн зохион байгуулалтын талаар ESEL хөтөлбөрөөсөө суралцсан. Багийн гишүүн бүр үүрэгтэй. Бүгд үүрэгт ажлуудаа хариуцан ажиллахад манай төсөл зогсдоггүй. Бүтээгдэхүүнүүд өдөртөө л зарагдчихдаг. Сүүлийн үед эрэлт ихсэж байгаа болохоор бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байгаа” гэж хариулав. Зөвхөн бизнес хийж орлого олох нь тэдний чин зорилго биш. Ирээдүйд сайн тогооч болохын тулд туршлага хэрэгтэй, сурсан зүйлсээ нутагшуулан өөрсдийгөө танилцуулах нь чухал байгаа” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. “Тоорхон” төсөл анх америк жороор таван нэр төрлийн амттан үйлдвэрлэхээр төлөвлөж байлаа. Гэхдээ үйл ажиллагааны явцдаа дадлагажиж, мөн үйлчлүүлэгчдийнхээ саналыг харгалзан одоогоор 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сургуулийнхаа буфетэд борлуулж байна. Тэд өдөрт 90-110 мянган төгрөгийн орлоготой ажиллаж байгаагаа ярьсан юм. Багийн гишүүн Б.Хулан “Үдээс хойш бүтээгдэхүүн дуусдаг ч нэг төрлийн бүтээгдэхүүнээс олон тоогоор үйлдвэрлэхгүй, ашиг олохын зэрэгцээ шинэ, олон төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилгоо алдагдуулахгүй байхыг хичээдэг” гэлээ. Тодорхой бүлэг хүнд бүтээгдэхүүний борлуулан таниулж, өөрсдөө ч тэр бүтээгдэхүүнээ дадамгай хийдэг болсон хойноо дараагийн худалдан авагчаа бэлдэнэ. Тэд сургуулийн орчинд үйлчилгээ үзүүлэх явцдаа санхүүгийн болон үйлдвэрлэлийн сахилга батыг түлхүү сурахыг хичээж байгаа аж. Шинэ бүтээгдэхүүнийг стандартын дагуу үйлдвэрлэж, түүнээсээ өөрсдийн шинэ жороо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
“Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренер боловсрол олгох” төслийн хүрээнд ментор, коуч хоёр ажилладаг. Бизнес коуч бичил төслийг зах зээлтэй холбож, бизнесийн зөвлөгөө өгдөг бөгөөд төслийн зорилтот 5 аймагт тус бүр нэг бизнес коуч ажиллаж байна. Харин менторууд туршлагаа хуваалцаж зөвлөгөө өгдөг. “Тоорхон” багийн хамгийн ойрын ментор нь Стин Миллер багш юм. Тэрээр амттан, хоол хийх Америк жорыг “Тоорхон” багийнханд зааж өгдөг. Энэ бол багийнхны хувьд мөрөөдөл дээр нь нэмэгдсэн шинэ санаа байсан аж.
Одоо төслийн багийнхан сургуулийнхаа багш, сурагчдад танигдсан бүтээгдэхүүнээрээ үйлчилдэг, өөрсдийн эргэлтийн хөрөнгөтэй, үйлдвэрлэлийн болон бизнесийн туршлагатай, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын тоног төхөөрөмжтэй, холын зорилгоо харсан ойлгосон, урам зоригтой энтрепренер хамт олон болж нийгмийн сүлжээнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.