Эргэх холбоог бэхжүүлэгч

Орон нутагт хэрэгжиж буй төсөл бүр өөр зорилготой, өөрийн үнэт зүйлстэй бөгөөд түүнийгээ дагаж нийгмийн сэтгэл зүй, иргэдийн оролцоо дэмжлэг ч өөр байдаг. Сүхбаатар аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал М.Энэбиш Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийн аймгийн зөвлөлийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан гишүүн юм.

Тэрээр төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг харуулж, үр дүнтэй, зорилгодоо нийцэж, цаг хугацаандаа үргэлжилж байгаа эсэх, санхүүжилт авсан багуудын худалдан авалтад хяналт тавьж, нийгмийн болон хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулахыг хичээн ажилладаг. Мөн хүүхэд, залуусыг төсөл хэрэгжүүлэх зургаан сарын хугацаанд багуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн явцад юу анхаарах талаар санал бодлоо солилцдог аж. М.Энэбиш хариуцсан долоон бичил төслийнхөө 28 хүүхэд, залууст байнга зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байна.

Төслийн аймгийн зөвлөлийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэхээр хүүхдүүд сүрдэж, чөлөөтэй ярьж чадахгүй, асуултад үнэн зөвөөр хариулахгүй байх нь бий. Тиймээс аль болох илэн далангүй байж, хүүхдүүдийн сонирхдог сэдвээр нөхөрсөгөөр ярилцахыг хичээдэг. Ингэснээр хүүхдүүд илүү нээлттэй байж чаддаг. Хүүхдүүдэд зааж зааварчлахаас илүү, тэднийг сонсох чухал гэж боддог. Үйл ажиллагаандаа анхаарах, ямар дутагдал байна вэ, түүнийг хэрхэн засаж, цаашид амжилттай ажиллах вэ гэхчлэн хэлэлцүүлэг өрнүүлж, шийдлийг өөрсдөөр нь гаргуулахыг хичээдэг. Энэ бол ирээдүйд ажлаа төлөвлөдөг, асуудлаа тодорхойлдог, шийдэл олдог,  хариуцлага хүлээж чаддаг жинхэнэ энтрепренер хүн болох чухал алхам хэмээн М.Энэбиш өгүүлж байна. Тэрээр, хүүхдүүдтэйгээ багш шавь, найз нөхрийн хэмжээнд дотно танилцаж, төслийнх нь тухай байнга ярилцан, бусдад сурталчилж, байгууллага, хүмүүстэй холбох зэргээр байнгын эргэх холбоотой ажилладаг. Бичил төсөл хэрэгжүүлж байгаа хүүхэд, залуусын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг үе тэнгийнхэнд нь түгээн дэлгэрүүлж, бусад хүүхдийг ч мөн мөрөөдлөө зорилго болгоход уриалдаг юм.

Түүний өөр нэг үүрэг бол “Бичил төслийн шалгаруулалт”-ын комиссын гишүүнээр ажиллах. Бичил төслийн шалгаруулах шатнаас эхлэн, төслөө хэрэгжүүлж дуусах хүртэл нь хүүхэд, залуустай хамтардаг гэсэн үг. Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт зургаан удаагийн бичил төслийн шалгаруулалт зохион байгуулж, 435 хүүхэд, залуус 98 бичил төсөл бичиж оролцсоноос М.Энэбиш таван удаагийн шалгаруулалтад 382 хүүхэд, залуусын 84 бичил төсөлд шүүгчээр ажилласан байна.

Бичил төслийн шалгаруулалтын зорилго нь хүүхэд, залууст сургалтаас олж авсан хувь хүний ур чадвар, энтрепренершипийн мэдлэгээ практикт туршиж хэрэгжүүлэх (багаар ажиллах, багийн гишүүд болон санхүүжүүлэгч байгууллагын өмнө үүрэг хариуцлага хүлээж сурах, эрсдэл тооцоолох, төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, шинийг санаачилж бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх г.м) тэр дундаа нөөц бололцоог танин нээж, орон нутагтаа болон сургуульдаа хэрэгцээ шаардлагатай, хэрэгжүүлж болохуйц шинэлэг бизнесийн санаа хөгжүүлэхэд оршдог.

М.Энэбиш “Орон нутагт хэрэгжиж буй ийм сайхан төслийн нэг хэсэг болж, хүүхэд, залуусынхаа хөгжилд дэм тус болж, нутаг орныхоо ирээдүйд хувь нэмэр оруулж байгаадаа их баяртай байна. Зөвхөн хүүхэд, залуусын хөгжил, төлөвшилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийн хэрэгжилтийн явцад маш их зүйлийг шинээр сурч хөгжиж, туршлага хуримтлуулж, урам зоригтой ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Төсөл хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сан болон төслийн багийн хамт олонд гүн талархал илэрхийлье” гэсэн юм.