Энтрепренер клубийг идэвхжүүлэх 10 долоо хоногийн аяны ялагч тодорлоо

“Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд  Ховд аймгийн Зэрэг, Мөст, Манхан, Алтай, Үенч, Булган сумдын Ерөнхий боловсролын долоон сургууль, Политехник коллежийн энтрепренер клубуудын дунд 10 долоо хоногийн аяныг Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймаг дах салбараас зохион байгуулав. Тус аян энтрепренер клубийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх, оролцоог сайжруулах, клубийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2024 оны 9-р сарын 23-наас 11-р сарын 29-ний хооронд үргэлжиллээ.

Аяны хүрээнд клубууд гишүүдээ нэмэх, харилцан бие биеэсээ суралцаж, өөрсдийгөө чадавхжуулах, онцлог тэмдэглэлт өдрүүдийг угтсан үйл ажиллагаа явуулах, “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалт” (ESEL) талаарх ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх болон 2024 оны намрын сургалтад хамрагдаж буй дүү нартаа менторлох,  бичил төсөл хэрэгжүүлэгч багуудын үйл ажиллагааг дэмжиж сурталчлах зэрэг ажлуудыг  7 хоног бүр өөр өөр сэвдийн дор хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, аяны 3-р долоо хоногт олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Булган сумын Нэгдүгээр сургуулийн “Мөрөөдлийн хөтөч” энтрепренер клубийн гишүүд охидын зөрчигдөж буй эрх болон түүнийг хэрхэн хамгаалах тухай жүжигчилсэн тоглолт хийсэн нь бүтээлч, шинэлэг байв. Аяны 5-р долоо хоногт Үенч сумын “Бид ирээдүйн эзэд” клубийнхан ESEL-VLOG хийж сургуулийн багш, сурагчид, бичил төслийн түншлэгч байгууллага, хувь хүмүүстэй уулзалт ярилцлага хийснээр төслийн хүрээнд бий болсон эерэг өөрчлөлтүүдийг олон нийтэд хүргэсэн юм.  Мөн 7-р долоо хоногт Зэрэг сумын “Тэмүүлэл” клуб бичил төслүүдийн бүтээлээр хувь хүн, албан байгууллагуудад нүүдлийн үзэсгэлэн худалдаа хийж борлуулалтаа өсгөжээ. Минжит булган сургуулийн “ZET” клуб 8-р долоо хоногт шинээр ESEL сургалтанд хамрагдаж буй дүү нартаа хэрхэн бичил төсөл бичиж, тэтгэлэг авч төслөө хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцав.

Ховд салбараас 7 хоног бүр хамгийн олон хандалт авсан клубийг шалгаруулж байсан бөгөөд нэгдсэн дүнгээр Булган сумын 1-р сургуулийн “Мөрөөдлийн хөтөч” клуб аяны ялагчаар шалгарчээ. Тус клубийн ахлагч Х.Билэгдэмбэрэл “Арван 7 хоногийн аяныг идэвхтэй, зугаатай, бүтээлч байлаа” хэмээн тодорхойлсон юм.

Энтрепренер клуб нь Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалтад (ESEL)  хамрагдсан сурагчдын сайн дурын нэгдэл юм. Ховд аймгийн зорилтот найман сургуулийн найман клуб 646 гишүүнmэйгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.