Энтерпрайзаа сургалтын хөтөлбөртэй холбосон “Үйлдвэрлэгч хүүхдүүд”
Эдгээр хүүхдүүд бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 5-р ангийн сурагчид. Тэд хичээлийн бус цагаараа үйлдвэрлэл дээр ажиллаж, жимстэй тараг савлаж байгаа нь энэ. Тус сургууль “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд “Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүдэг бөгөөд 4, 5 дугаар ангийн хүүхдүүд жимстэй тараг бэлтгэх, савлах, борлуулах ажлыг хариуцдаг байна. Савлагч машины хажууд “Хүүхдүүд чиглүүлэгч багшийн зааврын дагуу ажиллана, савлагч машин ажиллаж, савлалт явагдаж байх үед товчлуурт хүрч болохгүй, хүүхдүүд зөвхөн уутыг савлагч хошуунд хийх, бэлэн болсон жүүсийг багцалж уутлах ажлыг хийнэ, савлах команд болон бусад тохиргоо хийх товчлуурт зөвхөн багш хүрч ажиллуулна, эрүүл ахуй, ариун цэврийг ханган малгай, бээлий, хормогчийг заавал өмсөнө” гэсэн зааварчилгаа бүхий Аюулгүй ажиллагааны дүрмийг томоор хэвлэн наажээ. Малгай, хормогч, бээлийгээр ижилссэн хүүхдүүд үйлдвэрлэлээ явуулж, борлуулалтаа ч хийж байгаа нь харагдана. Хүүхдүүд багаасаа ажил хөдөлмөрт дуртай болж, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгохоос гадна өөр нэг бодит дэвшил гарсан нь хүүхдүүд бүгдээрээ хичээлдээ сонирхолтой, дуртай болсон байна.
Хичээлдээ ч, үйлдвэрлэлдээ ч дуртай, сонирхолтой болсоор…
байгаа нь ийм учиртай. Тус сургуулийн 5б анги 28 сурагчтай. Хүүхдүүд гурван багт хуваагдаж, чацаргана, нэрс, хад, аньсны жимстэй гэсэн дөрвөн төрлийн тараг савлаж, борлуулна. Даваа гаригт эхний багийн 10 хүүхэд, таргаа савлаад бэлэн болгоод, мягмар гаригт худалдаж борлуулна. Харин мягмар гаригт хоёр дахь багийнхан үйлдвэрлэлээ явуулж, лхагва гаригт борлуулалтаа хийнэ. Лхагва гаригт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хүүхдүүд пүрэв гаригт борлуулах мэтээр хуваарь гарган ажилладаг. Хүүхдүүд үйлдвэрлэлийн дадлагаа ангидаа ч үргэлжлүүлнэ. Тухайлбал, монгол хэлний хичээл дээр бүтээгдэхүүнхээ талаар зар сурталчилгаа, мэдээ бэлтгэнэ. Харин математикийн хичээл дээр тооцооллоо хийдэг байна. Эхний багийнхан өдрийн орлого, зарлага, цэвэр ашгаа олох, 7 хоногийн дундаж орлогоо бодож байхад, дараагийн баг сарын орлогоо тооцно. Нэг хүүхэд өдөрт нэг уут тараг уудаг. Нэг талаасаа бүтээгдэхүүнийхээ амтлагаа хийнгээ амин дэмээ, нөгөө талаасаа ажлын хөлсөө авч байгаа нь энэ. Уусан таргаа мөн тооцож, орлогоосоо хасжээ. Хүүхдүүдийн тооцоог харахад маш нарийн. Сарын нийт өдрөө ажлын 22 хоногоор тооцсон байх жишээтэй. Жилийн орлогоо гурав дахь баг сар, сараар тооцон гаргажээ. Цахилгаан, байрыг сургуулиас үнэгүй өгсөн хэмээн зардлаасаа хасаж тооцсон байна. Ангирааа нэгж бүтээгдэхүүний зардлыг гаргасан харагдана. Нэг уут 200 төгрөг, 200 ширхэг уут 40000 (Уутаа багцаар нь авдаг бөгөөд нэг багцад 200 ширхэг байдаг), 1 кг жимс 15000, 1 кг тараг 3000, 1 кг элсэн чихэр 5500, 20 литр тараг 60,000 төгрөг болно. Хүүхдүүд 20 литр тарганд 1 кг жимс, 0,5 кг элсэн чихэр хольж, 200 мл хэмжээгээр савлаж, нэг бүрийг нь 1500 төгрөгөөр зарна хэмээн тооцоолжээ. Монгол хэлний хичээлээр сургуулийнхаа сурагчид, үе тэнгийн найз нартаа зориулан бүтээгдэхүүнийхээ тухай зар сурталчилгаа, мэдээ бэлтгэжээ. Өөрсдийнхөө зургуудыг багтаасан, энгийн ойлгомжтой мэдээ мэдээлэл бэлтгэсэн самбар гаргажээ. Эрүүл мэндийн хичээлээр жимстэй тараг хүний биед ямар хэрэгцээтэй талаар хоорондоо ярилцаж, зохион бичлэг бичсэн байна. Зураг, технологийн хичээлээр ямар орц, найрлага, хадгалалт, савлагаатай жимстэй тараг үйлдвэрлэх талаараа үзсэн аж.
Үйлдвэрлэлээ сургалтын хөтөлбөртэй уялдуулснаар…
гарч байгаа үр дүнгүүд олон байгаа хэмээн Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р сургуулийн 5б ангийн багш М.Гантуяа танилцуулсан юм. Хүүхдүүд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ маш сайн тооцоолж чаддаг байна. Үйлдвэрлэлийн дадлагаа танхимын онолтой холбосноор үр дүнгүүд гарч, математикийн хичээлдээ сонирхолтой болсон төдийгүй багаасаа санхүүгийн боловсролд суралцаж байгаа аж. Түүнээс гадна багаар ажиллах чадвартай болж, хийсвэр төсөөллөөс үйлдвэрлэлийн бодит жишээг хичээлүүддээ илүү ашигласнаар хүүхдүүдийн идэвх оролцоо эрс нэмэгдэж, бүх хичээлдээ сонирхолтой, дуртай болжээ. Яагаад гэвэл тэд өөрсдөө ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ямар хэмжээгээр савладаг, өдөрт хэдэн бүтээгдэхүүн борлуулдаг гэдгээ хамгийн сайн мэднэ. Сайн мэддэг жишээгээ хичээлдээ ашиглах нь тэдэнд илүү сонирхолтой байдаг.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль “Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлдэг. Энэхүү сургуульд суурилсан энтерпрайз ахлах ангийнхны радио электроник, ухаалаг хогийн сав, давсан урлал, дунд ангийнхны цүнхний багц, хуруу хүүхэлдэй, бага ангийнхны шидэт ундаа төсөл дээр тулгуурладаг. Төслийн энпрепренершипийн зөвлөх Э.Бат-Орших Сургуульд энэхүү суурилсан энтерпрайзийнх нь талаар “Багш, ажилтнууд, энэхүү төслийг богино хугацааны түр ажил гэж харахаас илүү, суралцагчдын суралцах, багш нарын ажиллах орчныг сайжруулах, хичээлийн хөтөлбөрүүдтэй уялдуулан илүү сонирхолтой болгох тал дээр анхаарч байгаа чухал” хэмээн дүгнэж байсан.
Энэхүү амжилтын түүхэнд сурагчдын багийн ажиллагаа, идэвх оролцоо, сургууль дээрх үйлдвэрлэлээ сургалтын хөтөлбөртэйгээ уялдуулсан сонирхолтой хийгээд бүтээлч шийдэл гээд олон талын цогц үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн нэгэн бага ангийн жишээгээр харууллаа. Сонирхолтой, бас туршлага санаа авахаар байгаа биз ээ.