Японы зөвлөх, профессор Цүкимори Хисаэ Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажилладаг хүмүүст лекц уншлаа
Япон улсын Суралцахуйн бэрхшээлийн холбооны анхдагч гишүүдийн нэг, профессор Цүкимори Хисаэ манай улсад ирж, 2024 оны 11 дүгээр сарын 27-28-нд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор лекц уншсан юм.
Профессор Цүкимори 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол-Японы төвд болсон төслийн ажлын хэсгийн хуралд оролцож, зорилтот цэцэрлэгийн багш нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажилладаг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар зөвлөлийн гишүүдэд “Бага насны хүүхдийн хөгжлийн эмгэгийн талаарх анхан шатны ойлголт, цэцэрлэг, бага сургуулийн хамтын ажиллагаа” сэдвээр лекц уншлаа.
Тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 28-нд нийслэлийн ерөнхий боловсолын Амгалан цогцолбор сургуулийн захирал, багш нартай уулзаж, зарим хичээлийн явцтай танилцсан юм. Тэрээр багш нарт зориулан “Завсрын оюун ухаан бүхий сурагчдад үзүүлэх дэмжлэг – арга зүй” лекц уншив. Энэхүү лекцийг танхимаар болон Сэлэнгэ, Баянхонгор, Ховд, Өвөрхангай аймгуудын оролцогчдод зориулан цахимаар шууд дамжууллаа. Профессор Цүкимори Хисаэ нь “Сургалтын үйл ажиллагааг дэмжих тусгай хэрэгцээт боловсролын арга зүй -Бага ангийн жишээн дээрх 172 шинэлэг санаа”, “Сургалтын үйл ажиллагааг дэмжих тусгай хэрэгцээт боловсролын арга зүй-Дунд ангийн жишээн дээр” номуудын зохиогч билээ. Энэхүү номыг Япон улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Хүүхдийг Ивээх Сан Монгол хэл рүү орчуулсан юм.
Энэ үеэр профессор Цүкимори Хисаэгаас товч ярилцлага авлаа.
Цүкимори Хисаэ: Монголд явуулж байгаа сургалт шинэ агуулга, шинэ сэдэвтэй байгаа
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Цүкимори Хисаэ гэдэг. Би Токио хотын Сүгинами дүүргийн Сайби боловсролын төвийн Зөвлөх профессор. Шинэ, залуу багш нарын сургалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх үзүүлэх чиглэлээр ажилладаг. Би өмнө нь 12 жил Японы Васида их сургуульд төгсөлтийн дараах сургалтад ажиллаж байсан. Нэмж хэлэхэд, төрөөс гаргаж байгаа боловсролын талаарх бодлого, үйл ажиллагааг танилцуулахад Боловсрол, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байсан туршлагатай.
-Та энэ удаа ямар ажлаар Монголд ирсэн бэ. Ирсэн зорилгынхоо талаар ярина уу?
-Энэ удаа Японы Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Монголд ирээд сургалт явуулж, лекц уншиж байна. Би Япон улсад маш олон ийм сургалт, лекц явуулдаг. Миний сургалтын тоо бараг 1000 илүү гарсан байх. Монголд явуулж байгаа сургалт шинэ агуулга, шинэ сэдэвтэй байгаа. Өнөөдрийн сургалтын сэдэв нь завсарын оюун ухаантай хүүхдүүдийн тухай, долоон хүүхэд тутмын нэг нь завсарын оюун ухаантай гэж үзэгддэг. Энэ сэдвээр танилцуулахаар бэлдэж ирсэн байгаа.
-Хүүхдийг Ивээх Сан таны “Сургалтын үйл ажиллагааг дэмжих тусгай хэрэгцээт боловсролын арга зүй -Бага ангийн жишээн дээрх 172 шинэлэг санаа”, “Сургалтын үйл ажиллагааг дэмжих тусгай хэрэгцээт боловсролын арга зүй-Дунд ангийн жишээн дээр” номуудыг орчуулсан байгаа. Энэ номуудынхаа талаар танилцуулна уу?
-Миний номуудын хувьд бүх хуудас нь зурагтай, тайлбартай. Японд бүх хуудсандаа зураг, тайлбартай анхны ном гэдгээрээ онцлогтой. Тусгай хэрэгцээтэй боловсрол, хөгжлийн эмгэг гэдэг нь ойлгоход төвөгтэй. Тиймээс аль болох ойлгомжтой байлгах үүднээс бүх хуудсыг нь зурагтай, тайлбартай гаргасан. Энэ номууд Японд 130 мянган хувь хэвлэгдэж, борлуулагдсан.
– Энэ удаагийн сургалт, лекцүүд ямар хүмүүст зориулдсан бэ?
-Монголд ирээд багийн гишүүдэд зориулсан сургалт явуулсан. Сургуулийн багш нарт зориулж лекц уншсан. Мөн их сургуулийн оюутан, багш нарт зориулж лекц уншина. Сургалт, лекцийн агуулгыг Хүүхдийг Ивээх Сантай хамтран хэлэлцээд тохирсон хөтөлбөрийн дагуу явуулж байна. Монголд ирэх болсон нь шалтгаан нь намайг Японд байхад Монголоос очсон нэг багийн хүмүүс надтай уулзаад, манай улсад очиж лекц уншиж өгөхийг урьж байсан. Тэр яриа биелэлээ олоод энд ирсэн юм. Миний хувьд сургуулийн багш нарт лекц уншихыг маш их хүсэж байсан.
-Баярлалаа.