Мэдлэгтэй болсон тул хандлагаа өөрчилж, дадал болгоно
Гадна ба дотно орчинд эрсдэлгүй болов
Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Б.Чулуунцэцэг мэргэжлээрээ арав дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа энэ сургуулиас эхэлсэн, залуу багш хэдий ч богинохон хугацаанд арвин туршлага хуримтлуулж чаджээ. Ялангуяа, Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөлтэй хамтран ажилласан сүүлийн хоёр жилийн хугацаанд их зүйлд суралцаж, хандлагаа өөрчилж, сургалтын арга барилаа эрс шинэчилжээ. Тэрээр “Нийгэм хүчирхийлэлгүй, тайван тогтуун байхад багшийн үүрэг нэн чухал. Багш хүн бол нийгмийн ёс зүйн соён гэгээрүүлэгч байх ёстой гэдгийг Хүүхдийг Ивээх Сангийн “Сурагчдын сурч хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар дэмжих нь” сургалтаас их сайн ойлгосон доо. Бид сурагчдаасаа гадна тэдний эцэг эх болох иргэдэд хүний эрх, хүнлэг байхын боловсролыг түгээх үүрэгтээ хичээх хэрэгтэй байна. Энэрэнгүй байж, сурагчидтайгаа зөв харилцах, хүндлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Төслийн сургалтад сууж, сургагч багш болсноор зөв харилцаа, учраа ойлгосон хамтын ажиллагаа асуудлыг шийдвэрлэхэд хялбар болгодгийг ойлгосон доо” хэмээн ярьж байна.
73 дугаар дунд сургуульд төслийн сургагч багш дөрөв бий. Тэд бусад багш нартаа болон эцэг эхчүүдэд сургалт явуулж, мэдлэг дамжуулж, тэдэндээ байнга зөвлөн тусалж байдаг юм. Энэ сургууль 2017 онд ашиглалтад орсон, шинэ, тохилог барилгатай. Урт хонгилоор алхахуй хоёр талаар хөвгүүд, охидын хувцас солих өрөө, спорт заал, анги танхимууд харагдана. Хүүхдүүд чимээ шуугиантай, цог зальтай. Хичээлээ давтаж, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдаж, ер нь л нүргээнтэй байх ажээ. Улсын сургууль гэхэд эндүүрмээр тохижилттой, өнгө зүстэй. Нийт 2000 гаруй сурагчтай, Монголдоо заал танхимаараа эхний хоёрт нэрлэгдэх, математик, англи хэл, спортын гүнзгийрүүлсэн сургалттай аж.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлснээр сургуулийн гадна болон дотно орчинд эрсдэлийг зохих төвшинд арилгаж чаджээ. Сургагч багш нар төслийн модуль сургалтаар эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалд суралцаж, мэдлэгээ түгээн дамжуулснаар эцэг, эхийн тусламжтайгаар хэд хэдэн чухал ажлыг хийж амжжээ. Тухайлбал, сургуулийн хонгилд энд тэнд байх галын сарааг хүүхэд мөргөж гэмтэх эрсдэл байсныг залруулж, дөрвөн өнцөгт нь зөөлөвч хаджээ. Түүнчлэн, багш, хүүхэд хэн хэн нь гаднаас орж ирээд гутлаа сольж хэвшжээ. Ялангуяа, өвлийн улиралд халуун танхимд зузаан гуталтай олон цаг сууснаас болж хэн хүнгүй нозоорох, ажлын бүтээмж, сурлагын ахиц буурах, цаашлаад эрүүл мэндэд сөрөг нөлөө учрах эрсдэл байсныг ийнхүү нэгмөсөн шийдсэн нь олзуурхууштай юм. Мөн хүүхдийн цүнхний жинг стандартын төвшинд байнга барьж байхын тулд сурагч бүрийг хувийн шүүгээтэй болгожээ. Тухайн хүүхэд харихдаа зөвхөн даалгавартай хичээлийн ном, дэвтрээ л үүрч явах бөгөөд бусад хичээлийг шүүгээндээ үлдээгээд явж хэвшжээ. Эрсдлийн үнэлгээгээр сургуулийн гадна орчинд ноцтой байж болох хэд хэдэн эрсдэл байсныг арилгав. Тухайлбал, сургуулийн хашааны гадна олон тооны автомашины гарааж байрлаж, гэрэл гэгээгүй, зай талбайгүй, бохир заваан байсан нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэв. Сургуулийн захиргаа холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд граажуудыг буулган газар чөлөөлж, автомашины зогсоол барьжээ. Сургуулийн ойролцоо, Нарны гүүрийн орчимд, автозам дагуу хамгаалах хашлага хийсэн байна. Ойролцоо нь баригдаж буй өндөр барилгаас учрах эрсдлийг арилгаж, өнгө үзэмж сайтай хашаа хаалт татжээ.
Хүүхдүүд өөрсдийн санал санаачилгаар ангийн дүрмээ баталжээ
Төслийн сургагч багш Б.Чулуунцэцэгийн удирдсан 5в ангийн хүүхдүүд өөрсдийн санал санаачилгаар ангийн дүрмээ баталсан байна. Сурагчид биесээ хүндэлж, мэндэлдэг болж, үүнийгээ ч дүрэмдээ оруулжээ. Мөн ангийн даргаа сонгуулиар сонгодог болжээ. Сурагчид таван заалт бүхий ангийн дүрмийг бие даан баталсан учир дуртайяа биелүүлдэг байна. Тэр хэрээр ангийн уур амьсгал эерэг, найрсаг болов. Мэдээж, сурлагын амжилт ч дагаж дээшилсэн. “Манай анги сургагч багшийн анги гэсэндээ арай л өөр шүү. Наад зах нь сургуулийн урлагийн наадамд бие дааж бэлтгээд амжилттай оролцдог болсон байна” гэж Б.Чулуунцэцэг багш бахархалтай өгүүлсэн. Тэрээр, Төсөлтэй хамтран ажилласнаар хувь хүнийхээ хувьд ямар өөрчлөлт гарсан бэ гэсэн асуултад, “Эерэг аргаар хүмүүжүүлэхийг хичээдэг багш болж өөрчлөгдсөн. Энэ бол маш том дэвшил юм. Хүүхдийн хөгжил, төлөвшилд анхаарч чаддаг болсон. Нийтийн жишгээр бол математик, монгол хэл “нүдээд” л дуусна. Одоо бол монгол ёс хүмүүжил, эрүүл мэнд гээд бусад хичээлд ч ач холбогдол адилхан өгдөг болсон. Төслийн сургагч багш болсондоо маш их баяртай байна. Нэр хүндтэй ч байдаг. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ач холбогдол өндөр, зохион байгуулалт сайн. Бүх зүйл нь тодорхой, цаг хугацаандаа амжилттай болдог. Багш бол миний мөрөөдлийн мэргэжил юм. Есдүгээр ангид байхдаа л энэ мэргэжлийг эзэмшинэ гэж бодож, хүссэн. Өнөөдөр мөрөөдлийн мэргэжлээрээ өсөн дэвшиж, амжилттай ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж хариулав.
Б.Чулуунцэцэг багш төслийн модуль сургалтуудаар сурсан мэдсэнээ сургуулийнхаа анги даасан 60 гаруй, тэр дундаа бага ангийн 36 багшид дамжуулан түгээв. Зүгээр нэг ярих биш, өөрөө үлгэрлэн, бодитоор хийж хэрэгжүүлж ч байна. Зөвхөн багш гэлтгүй, эцэг, эхчүүдэд сургалт явуулснаар тэдний оролцоо эрс нэмэгджээ. Төслөөс багш нарын гарын авлага бэлтгэж өгснөөс гадна сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж байгаа юм.
Төслийн үр дүнд бий болсон эерэг өөрчлөлт, бодит үр дүн цаашид ч улам бүр баяжин, хөгжих дэгжих нь дамжиггүй.