Дэлхийд гаргах замын “инженер”
Бичил төсөл амжилттай хэрэгжих нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Орон нутгийнхаа онцлогийг мэддэг, чадавхтай хүмүүсийн зөвлөгөө, дэмжлэг хамгийн чухал. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл болох “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн сум дахь Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан гишүүнийг онцолъё. Зорилтот сумдын сурагчид “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” ESEL сургалт төгсөж, баг болон нэгдэж, төсөл бичин, пич уралдаанд оролцдог. Шалгарсан багууд төсөлдөө санхүүжилт авч, бизнес санаагаа хэрэгжүүлдэг. Тэгвэл хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан гишүүд төслийн эхэн, дунд, төгсгөл гэсэн гурван үе шатанд хэрэгжилтийн явцыг бүхэлд нь хянаж байдаг. Тэд мөн төслийн багуудад үр дүнгээ яаж тайлагнах вэ, зорилгодоо хүрэхэд цаашид юуг анхаарах вэ гэгчлэн зөвлөгөө байнга өгдөг.
П.Ганчимэг их эмчийн мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажилладаг. Анх төслийн сумын зөвлөл байгуулагдахад Шивээговь сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд төслийн сумын зөвлөлийн даргаар томилогдож байв.
Тэрээр “Энэ хариуцлагатай албанд зүтгэж эхэлсний анхны бөгөөд чухал санал бол төсөлтэй хамтран ажиллах байлаа. Төслийн сумын зөвлөлийн даргаар томилогдож, сумын ИТХ-д танилцуулахдаа сайн хэрэгжүүлэх ёстой. Хүүхдүүдийн ирээдүйд хэрэг болох ёстой. Шивээговийн хүүхдүүдийн дэлхийд гарах зам байж мэднэ хэмээн бодож байсан” гэлээ.
П.Ганчимэг сумын Засаг даргын үүрэгт ажлаа 2023 онд хүлээлгэж өгчээ. Төслийн сумын зөвлөлийн даргаар шинэ Засаг дарга ажиллах болсон тул төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах болов. Эхлүүлсэн ажлынхаа үр шимийг үзэх боломж олгосон саналыг баяртайгаар хүлээн авчээ.
П.Ганчимэг сургалтаар олж авсан мэдлэг, чадвар болон сумын зөвлөлийн даргаар ажиллаж байсан туршлагадаа үндэслэн амжилттай ажиллаж байна. Тэрээр санхүүжилт авч шалгарсан багийн багш, сурагчдад төслөө хэрэгжүүлж эхлэхээс өмнө мэдээлэл зөвлөгөө өгч чадавхжуулах, төслийн явц болон эцсийн тайлан мэдээг үнэн зөв гаргах, төслийн үндсэн чиг үүргээс хазайхгүй, тогтвортой ажиллахад нь дэмжлэг үзүүлдэг юм. “Wifi zone” төслийн багийн үйл ажиллагааны менежер Э.Баясгалан “Бид санхүүжилт авч, үйл ажиллагаагаа эхлээд бодит бэрхшээлтэй тулгарсан. Байгаа төсөвтөө тохируулан сургуулийн коридорын хэсгийг Wifi zone орчин болгосон. Гэвч хүүхдүүд сургуулийн орчинд хичээлээс гадуур сууж ажиллах хугацаа дунджаар 1-2 цаг байлаа. Нэг сарын үйлчилгээний төлбөрөө 5000 төгрөгөөр тогтоосон нь хүүхдүүдийн интернэт ашиглах хугацаатай харьцуулахад өндөр байв. Үнэ буулгах боломжгүй байсан тул сумын хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан П.Ганчимэгт хандсан юм. Тэрээр бидэнд энэ асуудлыг шийдвэрлэх зохистой арга зам зөвлөсөн. Нэг анги дунджаар 25 сурагчтай, бүгд хямд үнээр интернэт хэрэглэх сонирхолтой. Иймээс анги удирдсан багш нартай уулзаж, сарын турш ангиараа 20000 төгрөгөөр интернэт хязгааргүй ашиглах санал тавихад дэмжсэн. Ингээд төслөө саадгүй хэрэгжүүлэх боломжтой болсондоо талархаж явдаг” гэж ярилаа.
Өнөөдрийн байдлаар Шивээговь суманд нийт 16 бичил төсөл амжилттай хэрэгжээд байна. П.Ганчимэг “Би сумынхаа айл өрх бүрд хүрч, хүн бүрд туслах эмчийн үүрэгтэй. Үүний зэрэгцээ орон нутгийн хүүхэд бүрийн хүслийг сонсож, тэднийг чадавхжуулж, зорилгынхоо төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, хамтран ажиллах, бусдыг сонсож, бусдаас суралцах, хамгийн гол нь өөрт тулгарсан аливаа асуудлаа харж, дангаар болон багаараа шийдвэрлэх тэр боломж олгосон төсөлтэй хамтран ажиллаж байгаадаа талархдаг. Манай сумаас шалгарсан бичил төслүүд амжилттай хэрэгжихэд төслийн сумын зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал, сургуулийн удирдлага, чиглүүлэгч багш нар, бизнес көүч, төслийн орон нутгийн зохицуулагч, маш олон хүний хичээл зүтгэл оролцсон, төсөл хэрэгжүүлэгч хүүхэд, залуусын хүсэл тэмүүлэл, урам зориг ч байсан. Энэ бүхэн нэгдэж үр дүнд хүрсэн” хэмээн онцлон өгүүлэв.
Бидний яриа түүний “Хүүхэд бүрийн нандин хүсэл мөнхөд үргэлжлэх болтугай” хэмээсэн ерөөлөөр өндөрлөв.
Говьсүмбэр аймгийн төслийн салбарын зохицуулагч Б. Шүрэнчимэг