Төслийн тогтвортой байдлын стратеги хэлэлцлээ

Хүүхдийг Ивээх Сан Дэлхийн банкны менежмент, Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2019-2025 онд хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн тогтвортой байдлын стратеги хэлэлцэх семинар 2024 оны 12 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод боллоо. Уг семинараар төслийн үр дүнг зорилтот аймаг, сумдын,  цаашилбал үндэсний хэмжээнд түгээх, тогтвортой байдлын стратегийн төслийг танилцуулан олон талт оролцогчдын санал зөвлөмжийг авч, хэлэлцэх зорилготой байв.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай семинарыг нээж, хэлсэн үгэндээ “Манай байгууллагын сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг бол “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” юм. Боловсролын салбарт шинэ санаачилга, арга, аргачлал бий болгож байгаа энэхүү төсөл маань 2025 оны 6 сар гээд дуусах гэж байна. Тиймээс төслийн үр нөлөөг үлдээж, тогтвортой байдлыг ханган, нутагшуулах талаар ярилцаж, шийдэл гаргах нь чухал байгаа” хэмээн онцлов.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн үр дүн болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг менежер Ё.Нямдаваа танилцууллаа. Тэрээр “Төслийн хүрээнд зорьсон үр дүндээ хүрч нийт 8773 хүүхэд, залуучуудыг ESEL сургалтад хамруулж, 360 баг энтрепренер санаагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлж, түүнээсээ суралцах боломжоор хангагдан бичил төслийн тэтгэлэг авч төслөө хэрэгжүүлж байна. ESEL хөтөлбөрийн мастер багш нарыг бэлтгэснээр тэдний оролцоотойгоор ESEL-ын багш бэлтгэх боломжийг бүрдүүллээ. 2025 онд төслийн амжилтаа нэгтгэн дүгнэж, сайн туршлагуудаа түгээн, цаашид төслийн тогтвортой байдлаа хангах арга замыг тодорхойлохоор зорих болно” гэж дурдав.

Семинараар үеэр төслийн зорилтот аймгуудын төслийн тогтвортой байдлын аймагтаа хангах зураглал, түүнийг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх боломж, тулгарах эрсдэлийн талаар аймгийн төлөөллүүд танилцуулан, саналаа хуваалцлаа. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжилтийнхээ төгсгөлийн жилдээ орж байгаа тул төслийн хүрээнд бий болсон үр дүнг төслийн аймаг төдийгүй үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулж байна. Тиймээс энэ семинарын үеэл төслийн тогтвортой байдлыг хангах стратегийн анхны эхийг оролцогчид бүлгээрээ хэлэлцэж, саналаа тусгалаа.

Семинарт Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон аймгуудын холбогдох газрын төлөөллүүд, Төслийн удирдах зөвлөлийн гишүүд, төслийн бусад оролцогч талууд, төслийн багийнхан оролцов.

Энэ үеэр Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга А.Зургаанжингээс төслийн тогтвортой байдлыг аймагтаа хангах бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар тодрууллаа.

А.Зургаанжин: Энэ төсөл боловсролын салбарт шинэ загварын өөрчлөлт болно

Танай аймгийн хувь төслийн тогтвортой байдлыг хангах бодлого баримтлах вэ?

Аймаг, орон нутгийн удирдлагууд тогтвортой хөгжлийн төлөвлөгөөндөө төслийн агуулгыг авч явья гэсэн ойлголт өгсөн. Сургууль, мэргэжлийн боловсролын байгууллага, насан туршийн суралцахуйн төвүүдэд төслөө цааш нь хэрэгжүүлээрэй гээд орхивол дэмжлэг болохгүй. Тиймээс 2025-2028 онд шат шатны Засаг дарга нар үйл ажиллагааны хөтөлбөртөө төслийн агуулгыг багтаасан. Нэршилийн хувьд өөр байж болно. Гэхдээ хүүхдийн ур чадварыг хөгжүүлж байгаа хөтөлбөрийг санхүүжүүлэх тодорхой төсөвийг оруулахаар болсон. Эхний удаа Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон жил жилийн төсөвт нь суулгаж өгсөн байгаа. Дараагийн удаа өөр ямар санхүүжилтийн эх үүсвэр байх вэ гэдгийг төлөвлөсөн.

Өөр ямар байдлаар шийдвэрлэх арга зам байна вэ?

Бизнесийн байгууллагууд, иргэд, эцэг эхчүүд, орон нутгийн удирдлагууд хамтдаа нэгэн шинэ агуулга орон нутагтаа бүтээж байна. Тиймээс хамтраад ажиллавал олон боломж бий. Тухайлбал, сургалтын байгууллагын удирдлагууд санаачилга гаргаад хамтран ажилладаг бизнесийн байгууллагуудаараа жилд нэг удаа төсөл санхүүжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Манай аймаг уул уурхайн жишиг Политехник коллежтой. Уул уурхайн компаниудад шаардлагатай боловсон хүчин бэлтгэж байгаа бол тухайн сургууль дээр нь стартап төслүүд эхлүүлж болох юм. Иймэрхүү боломжууд олон байна. Түүнчлэн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар өөрчлөгдөж байгаа дүрэм, журамдаа хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хүүхдийн хөтөлбөрийг өвөрмөцөөр хөгжүүлж болох хувилбаруудыг оруулах боломжтой. Мөн багшийн хөгжлийн зардал, багшийн хөгжлийг дэмжих журмууд, сургуулийн санхүүжилтэд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харагдаж байна. Энэ төслийг хамтдаа хэрэгжүүлбэл боловсролын салбарт шинэ загварын өөрчлөлт болно. Сургууль ч орлого олдог, хүүхдүүд бие даасан оролцоотой, хөгжиж, төлөвшсөн иргэн болж төлөвшихөд нөлөөтэй төсөл гэж харж байгаа. Тиймээс сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагуудын багш, удирдлагууд, орон нутгийн шат шатны удирдлагууд эерэгээр хүлээж авсан. Цаашдаа хамтран ажиллах баг бүрдсэн байгаа.