Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай

Энэ танхимд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид, хамтран зүтгэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

Бид бүхнийг нэгтгэдэг нэг зүйл та биднийг өнөөдөр энэ танхимд цуглуулжээ. Тэр юу гэвэл, Монголын хүүхдийн төлөө ажилладаг, тэдний төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн хүмүүс нэг дор цуглажээ.

Та бүхэндээ ХИС Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэний 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1994 онд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжиж, хүнд бөгөөд амаргүй замыг туулж байлаа. Шилжилтийн эхний жилүүдэд хүн амын амьдрал доройтож, ажилгүйдэл, ядуурал эрс нэмэгдэж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ цөөрч, чанар нь муудсан байлаа.

Ажилгүйдэл, ядуурал нийгмийн тулгамдсан асуудал болж, 1995 оны байдлаар хүн амын ядуурал 36,3 хувь хүрч, хот, хөдөөд хүүхдүүд сургууль завсардах, сургуулиас гарах явдал түгээмэл болсон байлаа.

Тэр үед олон өрх айл орлогогүй болж, архидалт, гэр бүлийн салалт ихсэж, өнчин, гэр бүлээсээ дайжин гудамжинд гарсан хүүхдийн тоо огцом нэмэгдсэн байна. Хараа хяналтгүй хүүхдийн тоо 1990-өөд оны дунд үед хэдэн мянгаар тоологдох болжээ.

Ийм хүн цаг үед ХИС Монголд үүд хаалгаа нээж, хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал руу чиглэсэн төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

Анх 1919 онд Англи улсад байгуулагдсанаас хойш ХИС өргөжин тэлсээр өдгөө дэлхийн 120 улсад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Монгол дахь ХИС 1994 онд Их Британийн Хүүхдийг Ивээх Сангийн тусламжтайгаар байгуулагдсан. 2009 оноос Японы ХИС-ийн удирдлагад ажиллаж байна.

Бид өнгөрсөн гучин жилийн хугацаанд 20 гаруй орны 80 гаруй донор байгууллагын санхүүжилтээр 40 орчим сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Энэ бол Монголын хүүхэд багачуудын эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, сурч боловсрох, оролцохын төлөө урт хугацааны, тогтвортой хөрөнгө оруулалт билээ. ХИС нийтдээ 245 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд үүнээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал чиглэлээр – 122 төсөл, боловсролын чиглэлээр 64 төсөл, хүмүүнлэг, гамшгийн тусламж үзүүлэх чиглэлээр – 35 төсөл, эрүүл мэндийн чиглэлээр– 15 төсөл, бусад чиглэлээр- 9 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Монголын хүүхэд, залуусын сайн сайхны төлөө ажилладаг зорилго нэгт эрхэм зочид оо,

Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн эрхэд суурилсан хандлагыг олон нийтэд таниулахаас ажлаа эхэлж байснаа өнөөдөр дурдахад таатай байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын чиглэлээр цогц ажлууд гүйцэтгэж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгоход хувь нэмрээ орууллаа.

Хүүхэд хамгаалалд тэргүүлэх үүрэгтэй нийгмийн ажилтан бэлтгэхэд арга зүйгээр тусалж, 1997 оноос анхны мэргэжлийн нийгмийн ажилтнууд бэлтгэгдэн гарч эхэлсэн. Үүнээс гадна хүүхдүүдийг өөрсдөө төр, засагтаа дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо илэрхийлэх, ардчилал хүний эрхийн талаар мэдлэгтэй болгоход дэмжиж, чадавхжуулж ирлээ.

Хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах орчин бий болгохын зэрэгцээ цэцэрлэгээр болон гэрээр хүмүүжиж байгаа малчдын хүүхдүүдэд боловсролд хамруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр ч хэрэгжүүлж байна.

Мөн хүүхдийн ядуурлыг бууруулах чиглэлээр  эцэг, эхчүүдэд зориулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс гадна хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоонд тулгуурлаж, өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгож, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд бэлдэж байгаа юм.

Эрүүл хүүхэд эх орны маань ирээдүй билээ. Тиймээс ХИС хөдөө орон нутгийн алслагдсан сумуудад эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж, эрүүл мэндийн төвүүдийг дэмжихийн зэрэгцээ хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгож байна.

Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах төслийг манай байгууллага амжилттай хэрэгжүүлж, Монголын бүх аймаг, сумдын эмнэлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг богино хугацаанд амжилттай зохион байгуулсан.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад үер, ган зуд, шороон шуурга зэрэг байгалийн гамшиг удаа дараалан болж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид байгалийн гамшиг болсон аймаг, сумдад яаралтай тусламжийн төслийг цаг алдалгүй хэрэгжүүлж ирэв.

Бидний хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн олон хөтөлбөр цагаа олж, олон хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сэтгэл санаа, эд материалын тусламж болон очсон билээ.

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол улсын эдийн засаг тэлж, олон дэвшил гарч буй ч хүүхэд хамгаалал, боловсролтой холбоотой асуудал, бэрхшээл байсаар байна. Хүүхдийн ядуурал нэмэгдэж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл их хэвээр байна, тусгай хэрэгцээт хүүхдүүд маань боловсролд бүрэн, тэгш хамрагдаж чадахгүй байна. Хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа амны хөндийн эрүүл мэнд бусад улё орнуудтай харьцуулахад маш доогуур түвшинд байгаа.  Уур амьсгалын өөрчлөлт, байгал цаг уурын гамшигтай холбоотой олон шинэ асуудлууд урган гарч байна. Үе тэнгийн хүүхэд хоорондын дээрэлхэлт, цахим орчны аюулгүй байдал ихсэж байна.

Эдгээрийг асуудлыг шийдэх тал дээр Хүүхдийг Ивээх Сан ирэх жилүүдэд та бүхэнтэйгээ хамтран улам чармайн ажиллах болно.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөө өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулж, бидэнтэй цаг үргэлж хамтдаа байж, дэмжиж ирсэн гадаад, дотоодын санхүүжүүлэгч байгууллага, хамтрагч талууддаа баярласнаа илэрхийлье.

Бидний түүхийг хамтран бүтээсэн, бүтээж байгаа үе үеийн ажилтнууд, хамтрагч, эцэг эхчүүд, хүүхдүүд та бүхэнд ойн баярын мэнд хүргэе.

Хүүхэд бүр баяр баясгалантай, аз жаргалтай,  эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрхээ хамгаалуулж өсөх болтугай. Хүүхэд бүр эрхэм билээ.

Анхаарал тавьсанд баярлалаа.