УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид хатагтай ноёд оо,

Монгол Улсад Японы Хүүхдийг Ивээх Сан үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Юуны өмнө товчхон түүхийг яримаар байна. Миний бие 2020-2024 онд Дундговь аймгийн Засаг Даргаар ажиллаж байх хугацаанд манай аймагт байгалийн гамшигт үзэгдэл /давтамжтай шороон шуурга/ болж олон малчин айл өрх гамшигт өртсөн юм. Энэ үед Монголд ажилладаг НҮБ-уудын хуралд аймгийнхаа нөхцөл байдлыг танилцуулах боломж надад олдсон юм. Тэр үеэр НҮБ-ын олон байгууллагууд дэмжлэг үзүүлсэний дотор Японы Хүүхдийг Ивээх байсан билээ.

Энэхүү дэмжлэгийг бодит ажил болгоход туслалцаа үзүүлж хамтран ажилласан хүн бол Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай юм. Танд Дундговьчуудынхаа өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Японы Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулсан түүхэн 30 жилийн хугацаандаа манай улсын хөгжил дэвшилд  оруулсан хувь нэмэр, дэмжлэгийг дурдаад баршгүй билээ. Онцгойлон Дундговь аймагт олон төсөл хөтөлбөр хэрэгжлүүлж ирснээс дээр дурдсанчлан 2021 онд хэрэгжсэн  “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төсөл юм. Уг төслийн хүрээнд Дундговь аймагт 55 өрхөд 5 ханатай гэр, 270 айлд мөнгөн тусламж, 370 айлд эрүүл ахуйн багцын тусламж нь нийт 500 орчим сая төгрөгийн бодит дэмжлэг үзүүлснийг нутгийн ард иргэд талархан хүлээн авсан юм. Мөн түүнчлэн 2021-2022 онд “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь төсөл, 2022 онд хэрэгжсэн  “Зурагт ном” төсөл болон  2020-2022 онд “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” зэрэг төслүүд Дундговь аймгийн зорилтот салбаруудад хэрэгжиж тодорхой үр дүнд хүрснийг дурдахад таатай байна.

Цаашид бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж говийн бүсийн иргэд, малчин айл өрхүүдийн ахуй амжиргааг дээшлүүлэх, тэдгээрийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлд анхаарч, бүсийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чиглэлээр улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.