Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид

Монгол Улс Үндсэн хуулиндаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож байгаа улс болохоо зарласнаас хойш өдгөө 32 жил улирч байна. Энэхүү зорилго чиглэлийг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс болсон, амьдралын бүх орчинд нийтээрээ хамгаалан хөгжүүлэх шаардлагатай хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт хэвлэл мэдээлэл, хүртээмжтэй тэгш боломжийг дээдэлдэг дэлхийн хамтын нийгэмлэг сайшаан хүлээн авч, энэхүү зорилгод хүрэхэд нь тус улсад хөгжлийн болон хүмүүнлэгийн дэмжлэгүүдийг үзүүлсээр ирлээ.

Хүний эрхийн ойлголтыг түгээх, соёлыг бэхжүүлэх нь одоо болон, ирээдүйнхээ төлөө бидний оруулах хувь нэмэр, зайлшгүй ба тасралтгүйгээр хийх ёстой ажил юм.

Хүүхдийн эрхийн тухай конвенцыг хэрэгжүүлэхэд Хүүхдийг Ивээх Сангийн оруулсан хувь нэмрийг бид үнэлж байна.  Өнгөрөгч жилүүдэд Хүүхдийг Ивээх Сан Хүүхдийг эрхээ мэддэг, эрхээ шаарддаг, эрхийн зөрчил гарвал хэнд хаана хэрхэн хандахаа мэддэг, нийгмийн идэвхтэй оролцогч болгон чадавхжуулж, тэдний төлөө үүрэг хүлээгчдийг сургаж, хүүхдийн эрхийн мэдлэг түгээж, урт хугацаанд хэрэглэж болох нотолгоот арга зүйгээр хангаж, хүний эрхийн үндэсний байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллаж ирлээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд Хүүхэд бас ТББ өөрийн санал дүгнэлтээ илгээж болох шинэ туршлагыг Монгол Улсад нээж, хүүхдүүд болно иргэний нийгмийг чадавхжуулж ажилласанд талархал илэрхийлье.

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийг эрт илрүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд олон талт хариу үйлчилгээг хүүхдэд сэтгэцийн гэмтэл нэмж учруулахгүйгээр, цаг алдахгүйгээр, чанартай, хүртээмжтэй үзүүлэх арга зүйг нэвтрүүлсэн мэргэжлийн байгууллага өнөөдөр ЕБС-ийн Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны үлгэрчилсэн загварыг нэвтрүүлж байгаад талархаж байна.

Хүүхдийг Ивээх Сангийн хийсэн судалгаанууд, боловсруулсан гарын авлага, сургалтын материалууд, сургалт, нөлөөллийн ажлууд Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд бодит дэмжлэг болсны дээр, оролцогч бүх талууд харилцан суралцаж, хамтран бүтээсэн туршлагууд нь хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа, цаашид ажиллах хэн бүхэнд хэрэгтэй ажлууд болсон гэдэгт  итгэлтэй байна.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль зэрэг бусад эрх зүйн эх сурвалжуудаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хүүхдүүдээ, охидоо аливаа хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэлзүйн нэмэлт, дам гэмтэл учруулалгүйгээр үйлчлэн, хамгаалагдах эрхийг нь тасралтгүй эдлүүлэхэд та бүхнийг дэмжиж ажилласандаа манай хамт олон баяртай байна.

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах цорын ганц баталгаа болсон ардчилсан засаглалын үнэт зүйлсийг хамгаалах хөгжүүлэхийн төлөө үг нь тод, үйлс нь бодитой, үзэг нь хурц байх болтугай.