Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суух Элчин сайд Фиона Блайт

Эрхэм хүндэт зочид, Төрийн нарийн бичгийн дарга нар, хамтран ажиллагсад, хатагтай, ноёд оо.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улс дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойн арга хэмжээнд та бүхэнтэй хамт оролцож байгаадаа би маш их баяртай байна.

Юуны өмнө Монголын Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд баярын мэнд дэвшүүлье.

Хүүхдийг Ивээх Сан 30 жилийн турш Монголын хүүхдүүдийн төлөө уйгагүй ажиллаж, энэрэнгүй сэтгэл, хичээл зүтгэлийн бэлэг тэмдэг байсаар ирсэн билээ.

Энэхүү гайхалтай амжилтанд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст – өмнөх болон одоогийн ажилтнууд, сайн дурынхан, хандивлагчид, зөвлөхүүдэд – баяр хүргэе. Та бүхний хөдөлмөрийн үр дүнд Монголын хүүхдүүд аюулгүй, халамжтай  орчинд сурч хөгжих боломжтой болсон билээ.

Их Британи эдгээр жилүүдэд тантай мөр зэрэгцэн явсанд бахархаж байна. 1993 онд Эрхэмсэг гүнж Анна Монголд айлчилж, Хүүхдийг Ивээх Сан болон Гадаад харилцааны яамны хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

Тухайн үед тус байгууллагыг Их Британийн Хүүхдийг Ивээх Сан гэж нэрлэдэг байсан бөгөөд 1994 оны 2-р сард Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээсэн.

Тус байгууллага 15 жил үйл ажиллагаагаа явуулж, 2009 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага дор ажиллаж эхэлсэн.

Өнөөдөр Их Британи Хүүхдийг Ивээх Санг үргэлжлүүлэн дэмжиж байгаадаа бахархаж байна.

2014 онд бид Их Британид төвтэй, ТББ-аар удирдуулсан, олон хандивлагчтай, хүмүүнлэгийн тусламжийн сан болох Start Fund байгуулахад дэмжлэг үзүүлсэн.

Тус сан нь бага, дунд хэмжээний хямралыг даван туулах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг түргэн шуурхай олгодог.

Их Британи бол Start Fund сангийн хамгийн том хандивлагч бөгөөд уг сан 1-р сард Дэлхийн Зөн болон Хүүхдийг Ивээх Санд зудын гамшгийн  эсрэг хариу арга хэмжээ эрт авахад зориулж 300,000 паундын санхүүжилт олгосон.

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан үйл ажиллагааны дараачийн 10 жилээ эхлүүлж байгаа бөгөөд бид танай байгууллагад дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын хүүхдүүдийн төлөө уйгагүй ажиллаж, ирээдүй хойч үедээ зориулж аюулгүй, эрүүл, халамжтай ертөнцийг цогцлон бүтээж байгаа та бүхэнд талархаж байна.

Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Баярлалаа.