НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л. Баян-Алтай,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд та нарын өмнө үг хэлж байгаа минь нэр төрийн хэрэг юм, ийнхүү үг хэлэх боломж олдсон нь онцгой аз завшаан юм.

Өнөөдөр бид зөвхөн нэг байгууллагын ойг тэмдэглэх биш, Монгол Улсад олон мянган хүүхэд, эцэг эхчүүдийн амьдралд маш их өөрчлөлт авчирсан олон хүний хичээл зүтгэлийг тэмдэглэх гэж энд цугларлаа.

Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгаалал, ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлд төсөл хэрэгжүүлэх замаар эмзэг бүлгийн хүүхдүүд, иргэдэд хүрч ажилласан билээ.

Өнгөрсөн 30 жилд Хүүхдийг Ивээх Сан олон хүний хувьд, ялангуяа алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдийн хувьд итгэл найдварын гал болж ирлээ. Хүүхдийг Ивээх Сан нь Монголын уудам тал нутгийн малчдаас алс холын бүс нутагт  сургуулийн дотуур байрны хүүхдүүд хүртэл амин чухал дэмжлэг үзүүлж ирлээ.

Монгол малчдын өмнө тулгардаг томоохон сорилтуудын нэг бол зуд буюу өвлийн улиралд цас их хэмжээгээр орж, хүйтний эрч чангардаг байгалийн гамшигт үзэгдэл юм.

Энэхүү гамшиг нь зөвхөн мал төдийгүй нийт ард иргэдэд аюул учруулдаг. Энэхүү хүнд хэцүү цаг үед Хүүхдийг Ивээх Сан нь зуданд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлсэн. Та бүхний шуурхай, уялдаа холбоотой үйл ажиллагаа нь анхны тусламж үзүүлээд зогсохгүй гамшигт хохирсон өрхүүдийг сэргээн босгох, амьжиргаагаа бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, ирээдүйд гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлсэн билээ.

Харин Хүүхдийг Ивээх Сан нь яаралтай тусламж үзүүлэхээс гадна олон жилийн турш хүүхдийн төлөө тэмцэж, эрхийг нь хамгаалж, хөгжих боломжийг нь бүрдүүлж ирсэн.

Хүүхдийг Ивээх Сан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, хүүхдэд чиглэсэн бодлогыг сайжруулах, хүүхдийн оролцоог дэмжсэн шинэлэг боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Холимог сургалтын арга туршсанаар та нар алслагдсан нутгийн болон Улаанбаатар хотын хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших боломж олгох, тэгш бус байдлыг арилгах, гэрэлт ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлоход тусалсан.

Хэрвээ би Хүүхдийг Ивээх Сангийн сүүлийн 30 жилийн бүх ололт амжилтыг тоочвол тоймгүй урт жагсаалт гарна. Товчхондоо, Хүүхдийг Ивээх Сан нь Монголын хүүхдүүд, гэр бүлд зөвхөн амьдралаа залгуулах биш, цэцэглэн хөгжихөд нь дэмжлэг үзүүлж ирсэн.

Боловсролын хөтөлбөрүүд, хүнсний тусламж, нийгэм сэтгэлзүйн тусламж, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлснээр та нар хүүхдүүдэд бүрэн хүчин чадлаа ашиглан хөгжих боломж олголоо.

Хаана төрснөөс үл хамааран хүүхэд бүрийг аюулгүй, эрүүл, халамжтай орчинд өсөн хүмүүжих боломжийг бүрдүүлэхийн тулд эв нэгдэлтэй хамтран ажиллацгаая.

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд энэхүү онцгой амжилт гаргасанд дахин баяр хүргэе. Хүүхдүүдийн төлөө илүү сайхан дэлхийг бүтээх гэж тууштай зүтгэж байгаа та нарт баярласнаа илэрхийлье.

Баярлалаа.