Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал

Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид оо,

Эдүгээ Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө зүтгэсэн 30 жилийн нөр их хөдөлмөр, хуримтлуулсан арвин туршлага, бахархам ололт амжилтаа тэмдэглэж буй Хүүхдийг ивээх сангийн хамт олон та бүхэнд болон энд уригдан ирсэн  зочдод Боловсролын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол орны нийгэм, улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлтөд нийцүүлэн энэ урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцдаа хүүхдийг хамгаалах, хүүхдийн эрхийг цогцоор нь хангах, ялангуяа боловсрол эзэмшүүлэх тэгш эрхийг хангах үйлсийг дэмжин ажилласаар 30 жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Тийм ч учраас  1994 оноос эхлэн боловсролын тогтолцоог  олон улсын жишигт хүргэх, нэг ч хүүхдийг боловсролын үйлчилгээний гадна үлдээхгүй байхад чиглэсэн бүх нийтийн боловсролын талаар төрөөс авч хэрэгжүүлсэн бодлогыг  хамгийн түрүүнд дэмжин үр ашигтай хамтран ажилласан олон улсын байгууллагын нэг бол Хүүхдийг Ивээх сан билээ. Жишээлбэл, 2006-2013 онд Боловсролын салбарт олон улсын байгууллага, хандивлагчдаас 197,7 сая ам.дол хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийг авч хэрэгжүүлж байсан ба энэ нь Боловсролын салбарын төсвийн 7,3 хувьтай тэнцэж байсан нь олон улсын байгууллагуудын оролцоо тусламж улсын төсвийн ачааллыг бууруулах, боловсролын үйлчилгээг дэмжихэд том хувь нэмэр болж байсныг харуулж байна.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сургуулийн өмнөх Боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр 1,2”-ийг 1995 оноос дэмжин ажиллаж, энэ салбарыг шилжилтийн үеийн хямралаас хамгаалж үлдэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэмжин ажилласнаар  уг салбар уналтаас гарч 2005 он гэхэд СӨБ-ын хамран сургалт 62 хувьд хүрч байсан билээ. Мөн “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр идэвхтэй ажиллан бүх хүүхэд сургуулийн өмнөх, чанартай боловсролд тэгш хамрагдах эрх зүйн бие даасан орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.

Мөн 2005 оноос эхлэн хүүхдийн эрхийн чиглэлээр эрхзүйн шинэчлэл хийх ажилд ХИС-ийн идэвхтэй оролцсоны  дүнд 2006 онд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, багш нь суралцагчийн бие махбодод халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг задруулах, хууль бус төлбөр хураамж авахыг хориглосон юм. Мөн энэ ажлын хүрээнд албан бус сургалт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хувьсах зардлыг нэмэгдүүлж чадсан нь том амжилт болсон билээ.

Түүнчлэн энэ үеэс Монгол улсын Засгийн газраас 2006-2015 онд хэрэгжүүлсэн “Боловсролын салбарыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-нд тусгасан сургуулийн өмнөх болон бага боловсрол, суурь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд Хүүхдийг ивээх сан жинтэй хувь нэмэр оруулж, олон төсөл хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлсэн билээ.

Тухайлбал 2006- 2009 онд Европын Холбоо болон Их Британийн Хүүхдийг Ивээх Сангийн 1,3 сая еврогийн санхүүжилттэй “Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанарыг сайжруулах нь” гэсэн 12 дэд төсөлтэй багц төслийг удирдаж ажиллан, төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлсэн. Энэ үндэсний төслийн хүрээнд сургуулийн өмнөх болон бага боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулсны нэг нь зорилтот 3 аймаг, 2 дүүрэг тус бүрд 75 хүүхдийн хүчин чадалтай 5 цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан.

2012-2017 онд Дэлхийн Банкны Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2,5 сая ам.долларын санхүүжилтээр “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж Ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн тогтолцоонд шилжихэд дэмжлэг үзүүлж Архангай, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн алслагдсан 30 сумын  8,000 гаруй хүүхдэд үр өгөөжөө өгч байсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангахын тулд ХИС хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандсан төсөл хөтөлбөрүүддээ тухайн хүүхдийн боловсрол эзэмших боломжийг бий болгох, хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Тухайн үедээ БСШУЯ-ны дэргэд “Тэгш хамруулах боловсролын нэгж” байгуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургууль болон цэцэрлэгт үе тэнгийнхэнтэйгээ хамт суралцах нөхцөлийг бүрдүүлэх, эдгээрийг холбогдох баримт бичигт тусгах, Засгийн газрын бодлогод нөлөөлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. 2003 онд Монгол Улсад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөр”-ийг боловсруулан Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөр, Эрүүл Мэнд болон Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын тушаалаар батлуулсан нь 2008 он хүртэл амжилттай хэрэгжиж, 8,000 орчим хүүхэд уг хөтөлбөрийн үр шимийг шууд хүртсэн байна. Мөн Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2018- 2024 онд хэрэгжүүлсэн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-1, 2” төслүүдийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, Насан туршийн боловсролын хэрэгжиж 6823 хүүхэд төслийн үр шимийг хүртэж, 743 багш нар тусгай хэрэгцээт хүүхдийн талаарх мэдлэг, аргазүйд суралцаж, хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохируулан заах ур чадвар эзэмшсэн юм.

ХИС-ын боловсрол дахь оролцоог бүхэлд дүгнэж хэлбэл нийгмийн эмзэг бүлгийн болон сургууль завсардсан хүүхдүүдийн сургалтын үр дүнг дээшлүүлэх, сургуулийн болон дотуур байрны хүүхэд амьдрах орчинг сайжруулснаар аюулгүй байдлыг хангах, үр дүнтэй сургалт, олон нийтийн оролцоог бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй болон үндэстний цөөнхийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах сургалтын хөтөлбөр болон чанарыг дээшлүүлэх, загвар хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, нөлөөлөх замаар үндэсний болон орон нутгийн түвшинд суурь боловсролын бодлогыг сайжруулахад манай яамтай хамтран ажиллаж их үр дүнд хүрсэн билээ.

“Боловсролын  Дэлхийн  Түншлэл” (GPE) -ийн 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд   Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төслийг  2022 оноос  боловсролын тэргүүлэх гурван чиглэл болох  “Тэгш хамруулах боловсрол”, “Сурагчийн үдийн хоол”, ”Хосолсон  сургалт”-ын чиглэлээр Японы хүүхдийг ивээх сантай хамтран амжилттай  хэрэгжүүлж байна.  Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар зорилтот ЕБ-ын  148 сургуулийн  180,000  гаруй хүүхэд, үүнээс хөгжлий бэрхшээлтэй 1120 хүүхэд, 5700  багш, 3000 гаруй эцэг төслийн үр шимийг хүртээд байна.

Цаашид Боловсролын яам Хүүхдийн ивээх сантай хамтран хүүхдийн сайн сайхны төлөө  хамтран ажиллаж, боловсролын салбарт хэрэгцээтэй олон шинэ санаачилга, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлье.