Хүүхдийг Ивээх Сангийн 2024 оны онцлох үйл явдлууд

Нэгэн он улиран одож, нэгэн шинэ он үүдээ нээж байна. Хүүхдийг Ивээх Сангийн хувьд 2024 онд хөгжлийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдээ эрчимтэй, амжилттай хэрэгжүүлсэн жил байлаа. Хүүхдийг Ивээх Сангийн 2024 оны онцлох үйл явдлуудаас танилцуулж байна.

1. Хүүхдийг Ивээх Сан 30 жилийн ойгоо тэмдэглэв

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан 30 жилийн ойн ёслолын арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэхүү ёслолын арга хэмжээнд Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнуудаас гадна Монгол Улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын удирдлага, хамтрагч талууд, хүүхэд багачуудын төлөөлөл зэрэг 200 гаруй зочид оролцов.

2.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төсөл хэрэгжүүлж эхлэв

Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа төв цэгт Монгол орон оршиж байна. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээнээс гаргасан судалгаагаар эмзэг, өртөмтгий 10 орны нэгт багтаж байна. Хүүхдийг Ивээх Сан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахад хүүхэд, эцэг эхчүүд, олон нийтийг татан оролцуулж, мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхээр “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэв.

3.Бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлж эхэллээ

Хүүхдийг Ивээх Сан Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сарын 30-наас хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн оролцоо, цогц дэмжлэгийг үзүүлэх зорилготой юм. Энэ онд төслийн таван зорилтот цэцэрлэг болон таван өрхийн эрүүл мэндийн төвийг хүүхдийн хөгжлийг үнэлэх, дэмжих тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэнд ээлтэй байдлаар тохижуулах, гадна болон дотоод орчинд налуу зам хийх, шатны бариул суурилуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн төслийн хүрээнд тэгш хүртээмжтэй, цогц байдлаар хүүхдийг дэмжих чиглэлээрх сургалт, уулзалтуудад 504 хүн хамрагдаж, 1,938 хүүхэд сургалтад хамрагдсан хүмүүсээр дамжуулан төслийн үр шимийг хүртсэн байна.

4.Хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр 295,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүллээ. Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн 15 сумын зудад өртсөн 990 малчин өрхөд малын тэжээл, бэлэн мөнгөний тусламж үзүүлэв. Мөн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд нь зориулж, тээврийн хэрэгслийн түлш авах 17,440,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг болон 5,000,000 төгрөгийн Брижстөүн маркийн автомашины даацын дугуй хандивлав. “Сэтгэл зүйн анхны тусламж” чиглүүлэгч багш бэлтгэх болон “хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” сургалт явуулж, Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн нийт 70 сумын ерөнхий боловсролын сургуулийн 112 багш, дотуур байрны багш, хамгаалалтын ажилта, 7734 сурагч хамрагдлаа.

5.“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл үр дүн, хэрэгжилтээ танилцууллаа

Хүүхдийг Ивээх Сан нь “Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөр”-ийн хүрээнд НҮБ-ын Итгэлцлийн Сан болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамтран санхүүжүүлсэн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүллээ. Төсөл охидыг хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэлээс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах, сэтгэцийн гэмтэлд суурилсан даван туулагчид ээлтэй үйлчилгээний арга зүйг нэвтрүүлэх байв. Төслийн хаалтын үйл ажиллагаа 2024 оны 5 дугаар сард болж төслийн хамтрагч бүх талууд болон үр шим хүртэгчдийн төлөөллүүд оролцов.

6.Малжуулах төсөл хэрэгжүүлэв

2023 оны зудад Сүхбаатар аймгийн нийт малын 44,8 хувь буюу 1 сая 700 гаруй толгой мал хорогджээ. Хүүхдийг Ивээх Сан “Сүхбаатар, Увс аймгийн зудад нэрвэгдсэн малчдад туслах” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малжуулах төсөл хэрэгжүүлж, 2024 оны 6 дугаар сард сумын 30 малчин өрх тус бүрд 19 толгой мал хүлээлгэн өглөө.

Увс аймгийн бүх сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байхын ажилчдад “Сэтгэл зүйн анхны тусламж” чиглүүлэгч багш бэлтгэх болон “Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” сургалтыг зохион байгуулав.

7.ESEL хөтөлбөрийн Мастер багш  бэлтгэв

“Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт” (ESEL)-ын хөтөлбөрийн 50 мастер багшийг ESEL хөтөлбөрийн 545 багш нарын дундаас сонгон шалгаруулж бэлтгэв. Төслийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Мастер багш нар нь ESEL хөтөлбөрийн  багш нарыг сурган бэлтгэх үүрэгтэй байх юм.

8.“Хамтдаа” сошиал медиа нөлөөллийн аян давхардсан тоогоор 3.107.326 хүнд хүрчээ

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хүрээнд “Хамтдаа” сошиал медиа нөлөөллийн аяныг 2024 оны 1-р сарын 29-нөөс 2 дугаар сарын 20-ны хооронд явуулав. Энэхүү аян нь тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэгш хамруулах соёлыг сурталчлах, төслийн үр дүн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байлаа. “Хамтдаа” нөлөөллийн аяны хүрээнд видео, зурагт хуудас, амжилтын түүхүүд, reel видео болон хэлэлцүүлгүүд зэрэг олон төрлийн бүтээлийг цувралаар гаргаж, олон нийтэд хүргэлээ.