Тэтгэлэгт хамрагдсан 7 оюутан хоол зүйч мэргэжлээр суралцаж төгслөө

-Ерөнхий боловсролын сургуулийн 36 хоол зүйчийг бакалаврын түвшинд бүрэн тэтгэлгээр сургана-

Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл”-ийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 36 хоол зүйчийг бакалаврын түвшинд бүрэн тэтгэлгээр санхүүжүүлэн сургаж байна. Өнгөрсөн 2023 онд 13, 2024 онд 13 оюутан хоол зүйч, шим тэжээл судлаач мэргэжлээр төгсөж, гэрээт ерөнхий боловсролын сургуульдаа ажиллаж байна. Энэ удаа 7 оюутан ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг хоол зүйч, шим тэжээл судлаач мэргэжлээр төгсөж, 2025 оны 1 дүгээр сарын 20-нд дипломоо гардан авлаа.

Төгсөгч нийслэлийн 40-р сургуулийн хоол зүйч Б.Элбэгзаяа “Төслөөс тэтгэлэгт хамруулж, богино хугацаанд чанартай боловсрол олгож байгаад баяртай байна. Би өмнө нь хүнсий технологич, эрүүл ахуйч мэргэжил эзэмшсэн. Хөрвүүлэх сургалтаар хоол зүйч мэргэжилтэй болж байна. Бидний хувьд ажлын байртай төгсөж байгаа. Энэ бол нэг давуу тал. Сургуулийн зүгээс тэтгэлгээр сурч байгаа оюутнуудыг бүхий л талаар тусалж дэмжиж байсан” хэмээн ярилаа.

                   

Хоол зүйчийн мэргэжил нь хооллолтоос шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүн амын өдөр тутмын хооллолт, хоолоор авах шимт бодисын зохист харьцаа, хооллох зөв дадал зуршил шийдвэрлэх нөлөөтэй нийгмийн эрүүл мэндийн салбарын чухал мэргэжил юм.

Мөн төгсөгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Мандал сургуулийн хоол зүйч О.Сугир “Би хүнсний технологич инженер мэргэжилтэй. Одоо ШУТИС төгсөж, хоол зүйч мэргэжил эзэмшиж байна. Гурвалсан гэрээ байгуулж, сургууль болон БЕГ-аас дэмжлэг үзүүлж, 100 хувийн тэтгэлгээр суралцах хугацаандаа цалингаа мөн бүрэн авч байсан. Надад олон боломж олгосон” гэлээ.

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслөөр суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог сайжруулахаар ажиллаж байгаа юм.

Тухайлбал, төслийн 2-р бүрэлдэхүүн хэсэг болох “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”-ний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн “Хоол зүйч”-ийг богино хугацааны “хөрвүүлэх сургалт”- аар бэлтгэж эхэлсэн юм. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 36 хоол зүйч, шим тэжээл судлаач бэлтгэх бөгөөд сургалтыг ШУТИСийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зохион байгуулж байна.

Дашрамд өгүүлэхэд, Боловсролын яам “Боловсролын дэлхийн түншлэл” байгууллагын буцалтгүй тусламжаар “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг 2022-2025 онд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх бөгөөд Хүүхдийг Ивээх Сан төслийн санхүүжилтийг зохицуулагч байгууллагаар ажиллаж байна.