Р.Сарангэрэл: Төслийн үр дүнд багш, сурагч, эцэг эх, хэн хэнд нь эерэг хандлага, хүмүүжил бий болж байна
-“Нийгмийн ажилтан”-гүй байсан сургууль төслийн үр дүнд хоёр ч орон тоо баталжээ-
Нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Рэнчиндоржийн Сарангэрэл Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн сургагч багш нарын нэг юм. 15 дахь жилдээ багшилж байгаа тэрээр хоёр дахь жилдээ төслийн багийн гишүүн, сургагч багшаар ажиллаж байна.
Р.Сарангэрэл багштай 4а ангийн сурагчид ангийн дүрмээ баталжээ. Чанга дуугарахгүй байх, цаг баримтлах, хогийг зориулалтын саванд хаях гэхчлэн энгийн хэрнээ зайлшгүй шаардлагатай дадал хэвшлийг бий болгон, нэгэнт хэвшжээ. Дүрмийнхээ заалтыг тэмдэг тэмдэглэгээгээр илэрхийлэн харахуйцаар байрлуулсан нь содон харагдсан. Ангийн дүрмийн нэг онцлог нь, жил жилд өөрчлөгдөн сайжрах боломжтой бөгөөд энэ жилийн тухайд ангиараа цээж бичиг алдаагүй бичдэг болцгооно хэмээн зорьжээ. “Одоогоор ангийн нийт хүүхдийн 80 орчим хувь нь ямар ч алдаагүй бичиж байна. Цаашид энэ үзүүлэлт улам нэмэгдэнэ” гэж Р.Сарангэрэл багш итгэлтэй өгүүллээ.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд төрийн анхан шатны байгууллага буюу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороотой хамтран баг байгуулжээ. Энэ баг нь сургуулийн орчинд учирч болох аливаа эрсдлийг урьдчилан дүгнэж, сэргийлэх зорилготой бөгөөд амжилттай ажиллаж байна.
Мөн “Мэдээллийн хэлхээ” бий болгосон нь тус сургуулийн хувьд онцлог юм. Сургууль дээр хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил гарсан тохиолдолд үүгээр дамжуулан зохих албан тушаалтан, захирал, багшид мэдээлэл цаг алдалгүй хүрэх ажээ. Тодруулбал, тухайн зөрчилд өртсөн хүүхэд сургуулийн үүдний танхимд байрлуулсан мэдээллийн самбараас хэнд, яаж хандах, ямар утсаар холбогдох, өрөө тасалгаа нь хэдэн давхарт, хэдэн тоот юм гэдгийг нэг бүрчлэн мэдэх боломжтой юм. Эцэг эх ч энэ хэлхээний гол оролцогч билээ.
“Төслийн үр дүнд багш, сурагч, эцэг эх, хэн хэнд нь эерэг хандлага, хүмүүжил бий болж байна. Миний хувьд төсөл хэрэгжихээс өмнө байсан хандлага эрс өөрчлөгдсөн. Мэдэхгүйгээ мэдэж, ур чадварын хувьд өссөн. Багшийн, тэр тусам бага ангийн багшийн ажил их шүү дээ. Төсөл хэрэгжих гэж байна, сургагч багшаар бэлтгэгдэнэ гэхээр анхандаа дурамжхан л байлаа. “Өмнөх ажлаа барахгүй байхад бас юу вэ…” гэж ундууцангүй. Харин одоо тэр үеэ санахаар яаж болж байсан юм бэ гэж боддог” гэж Р.Сарангэрэл багш ярив.
Тэрээр, сургагч багшийн хувиар эцэг эх, багш нарт, ахлах ангийн сурагчдад сургалтаар олж авсан мэдлэгээ түгээн дэлгэрүүлжээ. Нэгэнт үүсэн бий болсон эерэг хандлагыг цаашид үргэлжлүүлэх амаргүй. Гэсэн ч илүү их үр дүнд хүрч чадна гэдэгт Р.Сарангэрэл багш итгэлтэй байна.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөр тус сургуульд хэрэгжиж байна. Хүүхдүүд бэрхшээл тулгарсан нэгийгээ сэтгэл санаагаар дэмждэг, хамтдаа санаа тавьж, ярилцаж, сэтгэлийг нь засдаг болжээ. Төслийн сургагч багш Р.Сарангэрэл нар уг хөтөлбөрийн хүрээнд зохих сургалт явуулж, багаар ажиллах, бусдыгаа сонсч, дэмжих талаар зөвлөн тусалсан юм. Тэгвэл эдүгээ мөн л төслийн хүрээнд “Хүнлэг байя” аян тус сургуульд явагджээ. “Сургуулийн нийт эцэг эхчүүд энэ аянг талархалтай хүлээж авсан. Өнөөгийн нийгэмд хүнлэг, энэрэнгүй байх нь юунаас ч илүү чухал юм. “Найзаа дэмжинэ” хөтөлбөр хүүхэд, эцэг эхэд хүрсэн, хэрэгжихэд боломжтой, амьдралд ойр байсан. Тэгвэл “Хүнлэг байя” аян маань ч адилхан үр нөлөөтэй байлаа. Хүүхдийг багаас нь төлөвшүүлэх ач холбогдолтой” гэж Р.Сарангэрэл багш ярилаа.
17-р сургууль нийгмийн ажилтангүй байжээ. Гэвч төсөл хэрэгжсэнээс хойш энэ мэргэжлийн ач холбогдлыг ойлгож, хичнээн чухал болохыг мэдэрч, одоогоор нийгмийн ажилтны хоёр ч орон тоо бий болжээ. Нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын ажлыг чанартай хийн гүйцэтгэж байгаа нь төслийн үр дүн юм. Тус сургуульд ажиллаж буй Хамтарсан баг эрсдлийн үнэлгээг жил бүр хийж, зохих арга хэмжээг авдаг байна.
Энэ хамт олон сургагч багш нараар дамжуулан төслийн үр шимийг хүртэж байна. Тиймдээ ч Р.Сарангэрэл багшийн ярианд “Баг хамт олон” гэх үг хэдэнтээ дурдагдана билээ.