Хүүхэд, гэр бүлд кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв

Хүүхдийг Ивээх Сан 2023 оноос Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвсэлийн санхүүжилтээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлж байна. Төслөөр зорилтот газруудад сургуулийн багш ажилтнууд, эцэг эх/асран хамгаалагчид, сурагчид болон хамтарсан багуудыг хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлснээр үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Хамгааллын алхмууд: Кейс менежментийн нийтлэг арга зүйн шинэчилсэн багц арга зүй” сургалтыг 2025 оны 2 дугаар сарын 11-12-нд зохион байгууллаа. Оролцогчид шинэчилсэн арга зүйд суралцсанаар хүүхэд, гэр бүлд кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв.

                            

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай сургалтыг нээж, үг хэллээ. Тэрээр “Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал нь Хүүхдийг Ивээх Сангийн тэргүүлэх чиглэлийн нэг байдаг. Тиймээс энэ чиглэлээр олон сургалтууд зохион байгуулж, гарын авлага гаргадаг. Өнөөдөр шинэ гарын авлагаа танилцуулж, үүний дагуу бэлтгэсэн хөтөлбөрөөр сургалтаа явуулах болно. Та бүхэнд сургалтдаа идэвхтэй оролцоорой “ хэмээн ярилаа.

Сургалтад төслийн зорилтот сургууль, хамтарсан баг, Ховд, Говь-Алтай аймаг, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн  Боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын газруудын мэргэжилтэн зэрэг нийт 80 гаруй багш, нийгмийн ажилтан оролцсон юм.

Ховд аймгийн Жаргалант ерөнхий боловсролын лаборатори 1-р сургуулийн захирал У.Саруулзаяа “Энэ сургалтаар кэйс менежментийн тухай, эрсдэлийг хэрхэн тооцох, стрессийг хэрхэн даван туулах зэрэг олон чиглэлээр тодорхой мэдээллүүдийг авч, ажилдаа хэрэгжүүлж үр дүнд хүрэх талаар мэдэж авч байгаагаараа давуу тал болж байна” хэмээн ярилаа. Мөн Говь-Алтай аймгийн Дарив сумын ЕБС-ийн Бага боловсролын менежер Б.Нансалмаа “Сургалт үр дүнтэй боллоо. Сургуулийнхаа багш, ажилчдад сургалтын мэдээллээ өгнө” гэлээ.

                             

Энэхүү “Хамгааллын алхмууд: Кейс менежментийн нийтлэг арга зүйн шинэчилсэн багц” гарын авлагыг Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын эвслээс 2023 онд шинээр боловсруулсан байна. Гарын авлагад хүүхэд хамгааллын арга зүйг нарийвчлан оруулснаас гадна хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарах шинэ хүчин зүйлсийг нэмж оруулжээ. Тухайлбал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчид кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх, хүүхдэд үзүүлэх жендерийн эрхэд мэдрэмжтэй кейс менежмент болон уур амьсгалын өөрчлөлтийг кейс менежментэд хэрхэн харгалзан үзэх зэргийг тусгаснаараа онцлогтой юм.

Түүнчлэн Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулсан “Өөрийгөө хайрлах дасгал ажлын дэвтэр”-ийг танилцуулж байна. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд өдөр тутамдаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах тохиолдлуудтай байнга тулгарч, бие махбод, сэтгэл зүйн өндөр ачаалалтайгаар хүүхдэд хүүхэд хамгааллын мэргэжлийн үйлчилгээг иж бүрэн, цаг алдалгүй, чанартай хүргэхийн төлөө ажилладаг. Тиймээс өдөр тутамдаа өөрийн сэтгэл зүйг хамгаалж, сөрөг мэдрэмжүүдээ зөв зохицуулж сурснаар хүүхдийн сайн сайхны төлөө илүү үр дүнтэй ажиллах чадвар нэмэгдэнэ. Түүнчлэн хувь хүний сайн сайхан байдалд ч нөлөөлөх болно. Энэхүү гарын авлагад өөрийн сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх, ажлын ачааллаа зохицуулах, шаардлагатай үед бусдаас тусламж хүсэх, сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа хадгалж сурах аргуудыг багтаажээ.

                         

Сургалт Хүүхэд хамгааллын хууль шинэчлэн батлагдаж, Монгол Улсын бүх хороо, сум, багуудад нийгмийн ажилтан ажиллах болсон цаг үетэй давхцаж байна.

Төслийн багийн зүгээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах зорилгоор багш, ажилтнуудад болон эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдэд болон хүүхэд хамгаалалд хамтран ажиллагч, оролцогч талуудад зориулсан модуль сургалтын багцуудыг боловсруулан гаргаж, зорилтот орон нутгуудад хүүхэд хамгааллын үйлчилгээний шинэ загвар гарган ажиллаж байна.