Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн шинэ шүдний кабинет хүлээлгэж өгөв

-Тойргийн есөн сумын иргэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдлээ-

Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2012 оноос Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал суманд, 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. “Денан төсөл”-өөр сумын эрүүл мэндийн төвүүдэд шүдний кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлэх, эмч, ажилтнуудыг сургаж, чадавхжуулахаас гадна сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа  явуулж байгаа юм.

Хүүхдийг Ивээх Сан “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2025 оноос Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж, иж бүрэн шинэ шүдний кабинет 2025 оны 4 дүгээр сарын 4-нд хүлээлгэн өглөө.

                                   

Энэхүү арга хэмжээнд Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, эрүүл мэндийн төслийн ажилтан Б.Номин, Завхан аймаг дахь салбарын ажилтан П.Дөлгөөн, Б.Мягмарсүрэн,  Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнчинванжил, Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд нарын зэрэг хүмүүс оролцлоо. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Манай байгууллага хүүхдийг багаас нь эрүүл шүдтэй байлгах, эрүүл шүдтэй өсгөх зорилготой байдаг. Тиймээс шүдний иж бүрэн кабинет хүлээлгэн өгч байна. Дараа жил ирэхэд олон хүүхдийн шүдтэй болсон байна хэмээн найдаж байгаа” гэж онцлов. Мөн Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа “Завхан аймгийн хүүхэд, залуучуудад маш том хөрөнгө оруулалт болж байна. Түдэвтэй сумыг сонгосон донор байгууллагад баярлалаа. Түдэвтэй нь есөн сумын дунд оршдог. Ирээдүйд кластер болж хөгжих төлөвлөгөөтэй” хэмээн дурдав.

                                       

Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвд шүдний кабинет байгуулснаар энэ сумын иргэдээс гадна тойргийн Асгат, Сонгино, Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул зэрэг 9 сумын 16 мянга гаруй иргэд, 0-18 насны 6600 орчим хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдлээ.

Завхан аймгийн Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н.Өлзийжаргал “Шүдний шинэ кабинеттэй болсноор зөвхөн эрүүл мэндийн төв дээр бус тойргийн сумуудад явуулаар ажиллах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярив.

“Денан төсөл”-өөр Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.