Япон Улсын элчин сайд Игавахара Масарү төслийн хэрэгжилттэй танилцлаа

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслөөр Улаанбаатар хотын зорилтот гурван дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллагуудын (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, хүүхдийн цэцэрлэг) чадавхыг бэхжүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм.

2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү төсөл хэрэгжиж байгаа нийслэлийн Баянзүрх дүүргийн 32-р цэцэрлэг, “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвд зочилж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Лхагвасүрэн тус төслийн хэрэгжилт, гарч байгаа үр дүнг зочдод танилцуулав. Тус цэцэрлэг өнөөдөр 72 багш, ажилтантай бөгөөд нийт 17 бүлгийн 661 сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд  үйлчилгээ үзүүлж байна. “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөл тус цэцэрлэгт хэрэгжиж эхэлснээр багш, ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцаж, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд тэдний ойлголт хандлагыг өөрчлөх сургалт явуулж байна. Үүний үр дүнд эцэг эхчүүд цэцэрлэгт хандаж тусгай хэрэгцээтэй хүүхдээ хамруулах, оношлуулах хүсэлт гаргах болжээ. Төслийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг холбогдох тавилга, ном, сургалтын хэрэглэгдэхүүний хамт иж бүрнээр нь байгуулж, цэцэрлэгийн багш нарын хэрэгцээнд  зориулан компьютер, нөүтбүүк, хэвлэгч зэрэг тоног төхөөрөмжүүд нийлүүлж, холбогдох сургалтууд зохион байгуулжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурч, хөгжихөд зориулан налуу зам, туслах хэрэгсэл, ариун цэврийн өрөөний тохижилт зэрэг дэд бүтцийн засварын ажлууд хийсэн байна. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглох дуртай өрөөний нэг нь “Хүүхэд хөгжлийн танхим” болжээ. Энэ бүхний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхэд ердийн цэцэрлэгийн орчинд бусад хүүхдүүдийн хамт сурч, хүмүүжиж байна.

Элчин сайд Игавахара Масарүгийн зочилсон төсөл хэрэгжиж буй Баянзүрх дүүргийн “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төв нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны 13 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Төслийн хүрээнд тус төвийн эмч, ажилтнуудыг бага насны хүүхдийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалтуудад хамруулж, хүүхдийн өсөлт хөгжлийн үнэлгээ, эрүүл мэндийн үзлэг хийх өрөөг шинээр тохижуулжээ. Төсөл эхэлснээс хойш бага насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, хөгжлийн үнэлгээнд 9, 18, 36 сартай 157 хүүхдийг хамруулснаар хоол тэжээлийн цочмог дутагдалтай 6, өсөлт болон  хэл ярианы хоцрогдолтой 13 хүүхдийг илрүүлсэн байна. Хүүхдүүд бага насандаа эрт оношлогдож, хугацаа алдахгүй  дараагийн шатны эмчилгээнд хамрагдсанаар хожим гарах хүндрэлээс сэргийлэх боломж бүрджээ. “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн их эмч Н.Мягмарсүрэн “Төсөл хэрэгжсэнээр бага насны хүүхдүүдийн хөгжлийн үнэлгээг хийх нөхцлийг бүрдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулахад үр дүн гарсан. Мөн үйлчлүүлж буй  хүүхдүүдийн эцэг эхийн сэтгэл ханамж дээшилж, хүүхдийн хөгжлийн талаарх мэдлэг дээшилсэн” хэмээн хийсэн танилцуулгынхаа үеэр дурдаж байлаа.