Тууштай байдал, хичээл зүтгэлээр бий болсон амжилтууд

-Хүүхэд бүрийг хамгаалж, хөгжүүлэх нь багш бидний нэг үүрэг-

“Би “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөлд хамрагдахаас өмнө сурагч бүрийг хэрхэн хамгаалах, хөгжүүлэх талаар ойлголт багатай байлаа. Төсөлд хамрагдсанаар энэ талын мэдлэгээ нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулсан. Бас багш нартайгаа зөвлөлдөж, хамтран ажиллаж байна” хэмээн нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн түүх, нийгэм судлалын багш О.Ууганцэцэг ярьж байна.

Анх 6 дугаар анги хариуцан ажилладаа хэрхэн, яаж ажиллах арга барилаа нэг л сайн олохгүй байв. Харин одоо сурагчдынхаа сурах сонирхол, идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд  хичээл дээрээ оролцооны олон аргуудыг ашиглаж байна. Ангийнхаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс “Хүүхэд маань өдөр бүр хөгжиж байгааг харахадбид их баяртай  байна. Танд маш их баярлалаа” гэсэн чин сэтгэлийн талархлын захидал авсан нь ажиллах эрч хүч, урам өгчээ. Тэрээр “Төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалт бүр үр өгөөжтэй. Үүний дотроос “Сайн эцэг эх”,  Сурагчлын сурч хөгжих, үйл явцыг эрхэд суурилсан хандлагаар дэмжих нь”, “Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах арга зүй”, “Би найзаа дэмжинэ”, “Хүүхдийн эрхийн зөрчил гарвал хэнд,хаана, хэрхэн хандах вэ?” сэдэвт сургалтууд илүү үр өгөөжтэй байсан. Тэндээс эцэг эх, сурагчидтай  ажиллах арга барилаа олж авсан” хэмээн ярилаа.

О.Ууганцэцэг “Даяаршиж буй өнөөгийн нийгэмд Монгол хүн бүр ёс уламжлалаа мэдэх нь чухал. Хүүхдийн хөгжил хамтын ажиллагааны хүрээнд явагддаг болохоор өөрийн санаачилгаар “Бяцхан бизнес эрхлэгч” төслийг ангидаа хоёр үе шаттай хэрэгжүүлсэн. 2023 оны 3 дугаар сард сурагчид дээс томж, тугалын хүзүүвч үйлдвэрлэж, өвөлжилт хүндэрсэн Төв аймгийн Батсүмбэр сумын малчдад хандивласан” хэмээн өгүүлэв. Тэд ангидаа үйлдвэрлэл явуулж, 150 ширхэг тугалын хүзүүвч үйлдвэрлэж, малчдад 5000 -10000 төгрөгөөр худалджээ. Эндээс олсон 1 сая гаруй төгрөгийн 20 хувиар “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд сургуулийнхаа хашаанд нарс, гацуур мод тарьсан байна. Мөн ашгийнхаа 20 хувиар ангидаа номын сан байгуулжээ. Үүний үр дүнд сурагчдын ном унших сонирхол нэмэгджээ.

Тус сургуулийн нийгмийн ухааны багш М.Нямдэлгэр “О.Ууганцэцэг сургуулийнхаа хичээл зүтгэлтэй, тууштай залуу багш нарын төлөөлөл. Анх ээлжит хичээлээ хэрхэн төлөвлөх, сурагч бүрээс ямар чиглүүлэх асуултууд асуух талаар багш хөгжлийн дэвтэр дээрээ төлөвлөж бичдэг байсан. Ковид 19-ийн үеэр хичээлийн агуулгын хоцрогдолтой, сурах сонирхолгүй байгаа сурагч бүрд “Идэвхтэй сургалтын аргууд” зохиож, сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэн, сурагч бүрийн сурах идэвх, оролцоог нэмэгдүүлж хоцрогдлыг тодорхой хэмжээгээр арилгасан” гэж онцлов.

Түүний амжилтын түүхүүд ч урт. 2022 онд Боловсролын ерөнхий газрын  Б.Даваасүрэн мэргэжилтний хүсэлтээр “Хичээлийн идэвхтэй аргууд болон залуу багшийн үзэл бодол” сэдэвт илтгэлээ тус байгууллагын цахим хуудаст нийтэлж, дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа багш нарт хүргэжээ. Ингэснээр багш нар хичээлдээ цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй сургалтын идэвхтэй аргууд ашиглах боломж бүрдсэн байна.

2023 оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр II дугаар түвшинд үнэлэгджээ. Тэрээр 2024 оны 9 сарын 1-нээс 6в анги удирдан ажиллаж “Шилдэг анги удирдсан багш”, тус ондоо “Хөдөлмөрийн аварга багш”- аар тус тус шалгарч байсан заах аргач зэрэгтэй багш юм. Эдгээрийн нэг жишээ нь, 2023-2024 оны хичээлийн жилд Ховд аймгийн Дарви сум, Баянзүрх цогцолбор, 124 сургуулийн 198 багш нарт урилгаар “Идэвхтэй сургалтын аргууд” сэдэвт сургалт зохион байгуулжээ.

Тэрээр илтгэл, эссэ,  ур чадваруудын тэмцээнд өөрийгөө сорьж, тэр бүрдээ амжилт гаргадаг. Үүний жишээ бол, 2023-2024 оны  сургуулийн шилдэг  илтгэл, 2024-2025 оны “Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт илтгэлд “Төсөлт ажлын арга зүйгээр интеграци хичээл төлөвлөж, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь” илтгэлээр оролцож сургуульдаа “Тэргүүн байр”, дүүрэгт “Гутгаар байр” нийслэлд “Тусгай байр” эзэлж байв. Мөн 2023 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн багш нарын дунд зохиогдсон “Багш би дүүргийн хөгжилд” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд  оролцож 195 багшаас Шилдэг 50-д шалгарсан байна. Үүний зэрэгцээ 2024 оны 10 сарын 12 өдөр  Баянгол дүүргийн хэмжээнд  зохиогдсон “Сурагч бүрийн хөгжилд багш миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд  оролцож,  153 багшаас “Шилдэг 15” багшид  шалгарч БНСУ-Дрим сургуулийн багш нартай туршлага солилцох эрх авсан байна.

Аливаа улсад ерөнхий буюу суурь боловсрол хамгийн чухал байдаг. Тэнд хамгийн шилдэг, хичээл зүтгэлтэй, тууштай багш нар ажиллаж, эх орных нь ирээдүйн иргэдэд мэдлэг боловсрол олгох хэрэгцээ шаардлага бий. О.Ууганцэцэг бол тийм багш нарын төлөөлөл юм.