Монголын хүүхэд, залуусын төлөө тусламжийн гараа сунгаж буй Солонгосчууд

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн  урилгаар Сөүл хотод очиж, 2025 оны 5 дугаар сарын 5-9-нд тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү аяллаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлагаа солилцох, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн  санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн явцын талаарх мэдээлэл өгөх, цаашид хэрэгжүүлэх шинэ төслүүдийн санхүүжилтийн боломжуудыг судлах зорилготой байлаа.

Солонгосын Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллах боломжуудаа тодорхойлов

Солонгосын Хүүхдийг Ивээх Сан 1953 онд Солонгосын дайны дараа байгуулагдаж, олон улсын тусламж хүлээн авагч байснаа хандивлагч орон болж эхэлсэн байна. Өнөөдөр Солонгос улсдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг шийдвэрлэдэг тэргүүлэгч байгууллага болсон бөгөөд хүмүүнлэгийн хямралыг даван туулах дэлхийн Хүүхдийг Ивээх Сангийн хөдөлгөөнд томоохон хувь нэмэр оруулдаг юм. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийнхан Сөүл хотод байрлах Солонгосын Хүүхдийг Ивээх Сан төв байранд очлоо. Үүдэнд Олон улсын стратегийн захирал И Чэ Гуан тосон уулзаж, ажлын байр, хурал уулзалтын өрөө, цахим уулзалтын нэг хүний тасалгаа болон цэцэг тарьж, ажилчдын амрах, алжаал тайлах, үдийн хоолоо идэх зориулалтаар тохижуулсан дээврийн терассаа танилцуулав.

Зочин угтах хэсгийн нэг хана дээрх самбарт “SC Монголын хамт олныг халуун дотноор угтан авч байна” хэмээн монголоор бичиж байрлуулсан харагдана. Мөн нэг ханыг төсөл хэрэгжүүлж буй орны хүүхдүүдийн гар зургаар чимжээ. Хурлын зааланд ороход ажилчид биечлэн болон цахимаар уулзалтад ороход бэлэн болсон байв. Ханандаа ёс зүйн дүрмийг томоор бичиж, байрлуулсан нь нүдэнд тусна. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудад  байгууллагаа болон хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Мөн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн менежер Ё.Нямдаваа Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслийнхөө үр дүн, амжилтууд болон Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн явцыг танилцуулав.

Хүүхдийг Ивээх Сангийн Захиргаа, хүний нөөцийн менежер Ж.Ганчимэг бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, тус байгууллагын адил чиглэлийн үйл ажиллагаатай хэлтсийн удирдага, ажилтнуудтай уулзаж, туршлага судалсан юм. Түүнчлэн Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн Маркетингийн групп, Байгаль орчин, нийгэм, засаглалын болон Олон улсын хөтөлбөрийн хэлтэсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр хэлтсийн удирдлагуудтай цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм. Маркетингийн групп нь харилцаа холбоо, маркетинг болон санхүүжилт, донорын үйлчилгээ гурван хэлтэс, маркетинг инноваци болон бүтээлч контентын гэсэн хоёр багаас бүрддэг аж. Байгууллага дотроо санхүүжилт олох, зарцуулах хариуцлагатай, бас хүндхэн ч гэхээр үүрэгтэй, олон хэлтэс, багуудыг багтаасан томоохон групп юм байна.  Маркетинг болон санхүүжилтийн хэлтсийн дарга Жихээ Чой “Бид урт хугацааны үр нөлөөг бий болгохын тулд ганц удаа өгөхөөс илүүтэйгээр “Тогтмол өгөх”-д анхаарлаа хандуулж байна. Нийт санхүүжилтийн 70 гаруй хувийг хувь хүмүүсийн хандиваар бүрдүүлдэг” хэмээн ярьж байв.

Гурван дүүрэг хариуцсан хүүхэд хамгааллын төв

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн төлөөллүүд Сөүл хотын “Сөүл Жүнгбү хүүхэд хамгааллын төв”-ийн байранд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Мөн л үүдэндээ “Seoul Jungbu Child Protection Agency Тавтай морилно уу” гэсэн бичсэн самбар байрлуулжээ. Тус агентлаг нь Хүүхдийн халамжийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн дагуу 2004 онд байгуулагдсан бөгөөд ийм газар Солонгос улс даяар 96 байдаг ажээ. Солонгосын Хүүхдийг Ивээх Сан нь Сөүл Жүнгбү, Инчон, Бучеон, Даежеон зэрэг дөрвөн хотын хүүхэд хамгааллын агентлаг, Ансан, Үлсан зэрэг хоёр хотын хүүхэд хамгаалах байртай хамтран ажиллаж, үйл ажиллагааны тодорхой хэсгийг санхүүжүүлдэг байна. Тус төв Сөүл хотын гурван дүүргийг хариуцдаг бөгөөд ахлагч, таван нийгмийн ажилтны бүрэлдэхүүнтэй хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нэг багтай. Мөн кэйс менежментийн хоёр багтай. Эхний баг нь ахлагч, хоёр нийгмийн ажилтан, клиникийн зөвлөх, хоёр оффисийн ажилтантай нэг хэсэг, нөгөө хэсэг нь нэг клиникийн сэтгэл зүйч, 12 зөвлөхөөс бүрдэнэ. Харин хоёрдугаар баг нь ахлагч, дөрвөн нийгмийн ажилтантай.

“Сөүл Жүнгбү хүүхэд хамгааллын төв”-ийн захирал, хатагтай Су Живон “Манай төв 2004 онд байгуулагдсан. Гэр бүлтэй кейс менежментээр ажилладаг. Харин олон нийттэй нөлөөлөл, иргэний боловсролоор хамтран ажилладаг. Сөүл хот 25 дүүрэгтэй. Бидний ажилладаг гурван дүүрэг бол сорилт ихтэй, нийгмийн хувьд маш идэвхтэй бүс. Хүн амын ихэнх нь дундаж давхарга. Гэхдээ зарим дүүрэгт ядуу өрхүүд бий. Бас зарим дүүрэгт чинээлэг айлууд багтдаг” хэмээн танилцууллаа. Тэрээр мөн үргэлжлүүлэн “Солонгосын Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд хамгааллын байгууллагуудын кейс менежтентэд чухал дэмжлэг үзүүлдэг. Үүнд зөвлөгөө өгөх, гэрээр зочлох, эцэг эх, хүүхдэд зориулсан хөтөлбөр боловсруулах зэрэгт ажилтнуудыг сургах сургалтууд багтаж байгаа” гэж нэмж хэлэв. Солонгос улсад 2000 онд Хүүхдийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний хэмжээнд хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээлэл өгөх 1577-1391 дугаарын утас ажиллуулж эхэлсэн байна. Гэхдээ хэтэрхий олон тоотой, тогтооход төвөгтэй учраас 2013 оноос хүүхдийн хүчирхийллийн мэдээллийн дугаарыг гэмт хэргийн мэдээний дугаартай нэгтгэжээ. Одоо 112 дугаар луу залгаж, гэмт хэрэг болон хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлдэг болжээ.

Үүний дараа БНСУ-ын Хүүхдийн эрхийн үндэсний төвд очлоо. Үүдний хэсэгт байрлуулсан жижиг самбарт “Солонгос улсад тавтай морил” хэмээн монголоор бичиж байрлуулсан байв. Энэ төв нь хүүхдийн бодлогууд хэрэгжүүлэх, хүүхэдтэй холбоотой төслүүдийг үр дүнтэй болгоход нь шаардлагатай бодлогуудын хөгжлийг дэмжих, үнэлгээ хийх зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага аж. Тус байгууллагын хэлтсийн захирал И Дэйсион ажилтнуудын хамт үйл ажиллагаагаа танилцуулав.   Бүх хүүхдүүд аз жаргалтай нийгмийг хамтдаа бий болгох эрхэм зорилготой ажилладаг байна. Хүүхдийн эрхийн үндэсний төв нь 2019 оны 7-р сард үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хүүхэд хамгааллын төрийн тогтолцоог өөрчлөн зохион байгуулж, тогтворжуулж, хүүхэд төвтэй халамжийн бодлогыг бий болгох, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Дашрамд өгүүлэхэд, БНСУ-ын Сөүл хотын “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны 5 дугаар сарын 6-нд болсон “Олон улсын хүүхдийн марафон-2025”-д Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд оролцож, сайн үйлсийн аянд нэгдсэн юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Таван өдөр үргэлжилсэн ажил хэрэгч аялал ийнхүү амжилттай өндөрлөв. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийнхан халуун дотно, найрсагаар хүлээн авч, очсон газар бүрт монголоор бичсэн мэндчилгээ байрлуулсан нь жижиг зүйлд ч ач холбогдол өгдөгийг харуулна. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл илүү өргөжиж, өөр бусад чиглэлд хамтран ажиллаж, Монголын хүүхэд, залуусын сайн сайхны төлөө ихийг бүтээх суурь амжилттай тавигдлаа. Монголчууд “Амны бэлгээр ашдын жаргал” гэж ярьдаг. Амны бэлгээр болох биз ээ.