“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор 719 мод тарилаа
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд мод тарих ажил үргэлжилж байна. Зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Хүүхдийг Ивээх Сангийн ажилчид болон бусад байгууллагын ажилчид, иргэд ирж мод тарилаа.
Энэхүү үйл ажиллагаанд Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилчид, Налайх дүүргийн тавдугаар хорооны иргэд, Энх тайвны корпусын сайн дурын ажилчид, “Нексиа Монгол” ХХК-ийн хамт олон, Их Британид төгсөгчдийн холбооны гишүүд, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийнхөн болон Завхан аймгийн Улиастай хотын 3 дугаар сургуулийн 1995 оны төгсөгчид сайн дураараа оролцлоо. Тэд хамтдаа 297 голт бор, 422 шар хуайс буюу нийтдээ 719 мод тарьж, ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэхийн төлөө хувь нэмрээ орууллаа.
Налайх дүүргийн тавдугаар хорооны оршин суугч Х. Алтанцэцэг “Манай дүүрэгт ойн төгөл байгуулагдаж, ийм өргөн хүрээтэй ногоон бүтээн байгуулалт өрнөж байгаад гэр бүл маань үнэхээр их баярлаж байгаа. Бид энэ ажилд ирээдүй хойчийнхоо төлөө манлайлан оролцох ёстой. Тиймээс би гэр бүл, хөршүүдээ уриалан авчирч мод тарьж байна” хэмээн хэллээ. Түүнчлэн Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийнхөн өөрсдийн гараар мод тарьж, байгаль хамгаалах ажилд биечлэн оролцох боломж олдсонд баяртай байлаа.
“Өнөөдөр Монголын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн чухал ажилд гар бие оролцох боломж олдсонд би маш их баяртай байна. Бидний тарьсан мод бүхэн уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлийн эсрэг хариу үйлдэл юм. Би үүнийг бодож хичээнгүйлэн ажиллалаа” хэмээн Энх тайвны Корпусын ажилтан Кристен Бургер ярилаа. Тэрээр сайн дурын ажилтан Блэйк Гроувийн хамтаар 60 гаруй мод тарьжээ.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л. Баян-Алтай ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэхийн төлөө сайн дураараа мод тарьсан Налайх дүүргийн оршин суугчид болон бусад албан байгууллагууд, иргэдэд талархал илэрхийлсэн юм. Энэ үеэр “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн зохицуулагч Ц. Батзаяа болон төслийн ажилтан Д. Доржханд нар мод тарих, арчлах аргачлалын талаар заавар чиглүүлэг өгч ажиллалаа. Төслийн хүрээнд нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 5 га талбайд 90 мянга гаруй мод тарихыг зорьж буй юм.
Нийслэлийн Налайх дүүрэгт 2024 оны 8 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд тус дүүргийн 50 иргэнийг уур амьсгалын өөрчлөлтийн сургагч багшаар бэлтгэжээ. Эдгээр сургагч багш нар олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн цуврал сургалтууд зохион байгуулж байна. Түүнчлэн Налайх дүүргийн Хот тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороотой хамтран 250 иргэн, ерөнхий боловсролын сургуулийн 190 гаруй сурагчийг сургалтад хамруулсан юм. Энэ оны эцэс гэхэд 1500 орчим хүнийг сургалтад хамруулахаар төлөвлөжээ. “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслөөр Налайх дүүргийн сургуулиудад эко клубүүд байгуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажилаж байна. Тэдгээр эко клубийн сурагчдын санаачилгаар экологийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг түгээх зорилготой бичил төслийг 6 сургуульд түшиглэн хэрэгжүүлэх юм.
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Налайх дүүргийн сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мөн дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох юм.